Өнөөдөр мөнгөний бодлогын хүү 10 хувь, улсын хэмжээнд инфляци 16.1 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас 1.5 хувиар өссөн дүн болохыг ч Үндэсний статистикийн хороо мэдээлж байгаа юм. Тус хороо улс орнуудын инфляцын түвшин ямар байгааг танилцуулжээ.
Инфляци өсч буй шалтгааныг албаны хүмүүс “Гадаад хүчин зүйлсээс шалтгаалж” гэх үгийг урдаа барих болоод удлаа. Нэг талаараа хилийн хориг, тээвэр ложистикийн хүндрэл инфляфийг хөөрөгдөх суурь шалтгаан болж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм боловч инфляци “тэнгэрт хадсан” үед мөнгөний бодлогын хүүг чангаруулах нь гал руу шанагаар ус цацахтай л адилхан болохыг мэргэжилтнүүд хэлж буй. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлогын хүүг чангаруулахаас өөр аргагүй ч тийм ч оновчтой шийдвэр биш аж. Учир нь, эдийн засаг хасах үзүүлэлт рүү орсон уналттай үед мөнгөний бодлогын хүүг нэмснээр сөрөг талтай. Үүний тод жишээ нь, өнөөдрийн үнийн өсөлтийн дарамт, иргэдийн эдийн засгийн ойрын хүлээлт гутранги гарч байгаагаас харж болохоор.