Ням, 4 сар 28, 2024
-2.9 C
Ulaanbaatar

ҮББХ: Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.15)-ийн хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсохоор товлосон байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын батлах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням аудитын тайланг сонсоод өнгөрөлгүй Засгийн газарт уг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Байнгын хороонд эргэж танилцуулах, эсвэл олон нийтэд мэдэгдэх тухай чиглэл өгөх юм уу, эсвэл хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Тэрбээр, аудитын дүгнэлтэд тэр чигтээ хууль зөрчсөн тухай асуудлууд яригдаж байна. Бидний төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа энэ цаг хугацаанд тохиолдож байгаа хамгийн том хулгай луйврыг ярих гэж байна. Тиймээс энэ асуудлыг зүгээр сонсоод өнгөрч болохгүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, аудитын тайланг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэл тус бүрээр ангилж, нэг бүрчлэн ярих нь зүйтэй гэсэн юм. Ингээд санал хураалт явуулсны үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг, нэгдүгээрт, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, хоёрдугаарт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, гуравдугаарт, Үндэсний аудитын газрын тайлангийн мөрөөр хяналт, шалгалтын ажил явуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал болгож, нэг бүрчлэн хэлэлцэхээр болов.

Эхний асуудал буюу Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр нийт 7900 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар төлөвлөсөн талаар дурдаад, төмөр замуудын төслийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник, эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, мухар замууд болсон, ихээхэн хэмжээний үргүй зардал гарсан хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэснийг онцлов.

Тайланд дурдсанаар, төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан байна. Мөн Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй байна. Мөн, Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун Сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлжээ. Түүнчлэн, Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК, “Тавантолгой төмөо зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна гэж Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулгадаа дурдсан юм.

Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ. Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон хэмээн Үндсэний аудитын газрын тайланд дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ. Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан тухай тус тайланд дурджээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд дээрх тайланд нэр дурдсан компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг бүхэлд нь хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ