Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ли Шаньфугийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Шяншаний олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт”-д оролцлоо.

Бээжин хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалт нь “Хамтын аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван” үзэл санааны дор зөвшилцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдав. Уг чуулга уулзалтад Ази, Номхон далай, Африк, Европ, Латин Америкийн 22 орны Батлан хамгаалахын сайд нар, нийт 88 орны 600 гаруй батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлага, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид олон улсын аюулгүй байдлын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Жан Ёоушятай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Сүй Хуйгийн хүсэлтээр тус сургуульд зочлон сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба талууд хоёр улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр харилцан тохиролцов. Энэ үеэр хошууч генерал Сүй Хуй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт тус сургуулийн “Хүндэт төгсөгч” тэмдэг гардуулав.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Стратегийн дээд дамжааг 2001 онд төгссөн бөгөөд “Хүндэт төгсөгч” тэмдгээр шагнуулсан анхны төгсөгч боллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ