Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад хүрээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

Тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг”-т ажил идэвхтэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн коүч зөвлөхүүдийн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авахын зэрэгцээ нээлттэй ажлын байруудтай очиж танилцах юм. Тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаа нь тус санаачилгын үр дүнг цаашид тогтвортой авч явах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд бүртгүүлсэн ажил хайгч нарт нэг сарын хугацаанд ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа нь шинэлэг юм. Түүнчлэн, хамтрагч ажил олгогч нарын хувьд хүртээмжтэй ажлын байр бий болгох чиглэлээр үнэлгээ хийлгэж, мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдэнэ.
“Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон Улсын конвенц, болон Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвх оролцоо сайжирсныг онцлоод “Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад манлайлж ажиллах болно” гэлээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан аливаа хууль, тунхаглал баталснаар л тэдний тэгш оролцоог шууд хангана гэж ойлгох нь учир дутагдалтай. Үүнд мөн сэтгэлгээний өөрчлөлт, хүртээмжтэй дэд бүтэц шаардагдахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол болон төрийн бусад үйлчилгээг хүртээмжтэй болгохыг дэмжсэн бодлогын цогц шийдэл хэрэгтэй” гэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн ард үлдэж, хоцрох нь түгээмэл байгаа нь нууц биш. Тэд өдөр тутмын амьдралдаа асар их сорилттой тулгардаг бөгөөд ялангуяа цар тахал зэрэг хямралын үед бүр ч их бэрхшээлийг даван туулах болдог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн чиглэл бүрд чадавхжуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгасанчлан тэдний эрхийг, ялангуяа ‘хөдөлмөрлөх эрх’-ийг нь бүх талаар хамгаалахад анхаарах нь маш чухал юм” хэмээн хэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ