Лхагва, 5 сар 15, 2024
7.1 C
Ulaanbaatar

"Хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой"

"Тавантолгой түлш" компанийн инженер, техникийн ажилтнуудын дунд "Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.10.04/ "Холлидэй" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"ЭНЭ ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР САРААС 7 ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЭЛНЭ"

Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл:

-"Тавантолгой түлш" компани тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран нийт 88 агуулахад 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна. Борлуулалтын цэгийн хувьд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл 492 цэг ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 650 цэг ажиллаж байна. Иргэд сайжруулсан шахмал түлшээ картаар худалдан авахдаа долоо хоногт зургаан шуудайг авдаг байсан. Энэ жилийн нэгдүгээр сараас долоо хоногт долоон шуудай болж, нэг шуудайгаар нэмэгдсэн.

Бид иргэдээс болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гэсэн хоёр сувгаар судалгаа хийж, нийт иргэдийн 35 хувь нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй гэдэг санал гомдлыг хэлсэн.

Өнөөдрийн байдлаар иргэдэд сайжруулсан шахмал түлш хүрэлцэхгүй байна гэдэг дуудлага мэдээлэл ирээгүй байна. Манай байгууллагын 7011-9400 дуудлагын утсанд ирсэн гомдол, саналыг хүлээн авдаг. Бид 2023-2024 оны өвөл 578.500 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдэд борлуулах төлөвлөгөө гаргасан. Үүний дагуу өнөөдөр 120 мянган тонн түлшээ нөөцөлж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс худалдан борлуулж эхэлдэг. Оргил ачаалалтай үе арванхоёр, нэгдүгээр сар байдаг. Бид тэр үед үйлдвэрийн бүрэн хүчин чадал буюу 13 шугамаар ажиллана. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн 10 шугам ажиллаж байгаа.

"ДОТООДЫН ЛАБОРАТОРИТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДЭЭ БҮРЭН ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛНО"

"Тавантолгой түлш" компанийн баруун үйлдвэрийн ахлах технологич Э.Сумъяабазар:

-Манай компанийн дэргэд 2023 оны гуравдугаар сараас лаборатори байгуулагдсан. Уг лабораторит нүүрсний, мидлинг, хагас боловсруулсан шахмал түлшний лабораторийн дүн шинжилгээг хянаж байна. Дараагийн түвшинд бид дотоодын болон гадаадын барьцалдуулагчийнхаа органик хэсгийг судалж, шинжилдэг болох гэж байна. Ингэснээр бид дотоодын лабораторитоо түүхий эдээ бүрэн хянах боломжтой болох юм.

Итгэмжлэлээ авч, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний дүн шинжилгээг хийдэг болно гэсэн үг.

Барьцалдуулагч бодис нь органик хэсэг, эрдэс бодис гэсэн хоёр орц найрлагатай. Тодруулбал, 95 хувь нь нүүрс, таван хувь нь эрдэнэ шишийн цардуул. Ургамлаас гаргаж авсан цардуулаар барьцалдуулагч хийдэг учраас хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй. Энэ нь хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр бас баталгаажсан байгаа.

"ХАГАС КОКСЖСОН НҮҮРС ОРУУЛЖ ИРВЭЛ МАНАЙ КОМПАНИ ҮЙЛДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"

Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:

-Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээрээ иргэд угаартаж байна гэсэн өрөөсгөл ойлголт. Тийм учраас манай компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг явуулж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх , зааварчилгааг өгч буй. Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын 220 мянган айлыг бүгдийг нь хамарч, хянаж чадахгүй ч угаарын хийн мэдрэгч байрлуулсан айлуудыг тогтмол хянадаг. Гэтэл иргэд угаар мэдрэгчийнхээ баттерей дуусахаар солихгүй, цахилгаанд залгадаг бол салгачих тохиолдол их байна. Ажилтнууд дүүрэг, хороогоор явж байнга хяналтыг хийж байгаа.

Энэ жил Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хавраас намар хүртэл хийгээд дууссан.

Тэгэхээр ямар үр дүн гарах вэ гэхээр бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ