Даваа, 4 сар 29, 2024
4.1 C
Ulaanbaatar

Харь улсад хэлмэгдсэн 249 иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн 249 иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр болж өнгөрлөө.

ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд 2001 онд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар 2022 онд босгосон юм.

Энэхүү арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл болон БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид оролцож хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн юм.

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР:

БНСУ-ын Чэжү тусгай мужид 1947 оны 04 дүгээр сарын 03-нд манайтай адил хэлмэгдүүлэлтийн үйл явдал өрнөсөн байдаг. Бид гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Чэжү 4.3 Энхтайваны сан”-тай санамж бичиг байгуулан ажиллаж байна.  Өнөөдөр энэхүү сангийн тэргүүлэгч, 11 зочид төлөөлөгч монголын хэлмэгдэгчдэд хүндэтгэл үзүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, цаашид түүхийн хар бараан үйл явдлыг дахин давтахгүй байхад хэрхэн анхаарах чиглэлээр санал бодлоо солилцохоор хүрэлцэн ирээд байна.

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИССЫН ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН:

ЗСБНХУ-д их хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэнд зориулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод байгуулж байсан. Гэвч ар гэрийнхэн нь тэр бүр очиход хүндрэлтэй учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комисс хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг байгуулсан. Энэхүү хөшөөнд сийлэгдсэн 249 хүний нэрс бол зөвхөн эхлэл. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс хамтран цаашид харь улсад хэлмэгдсэн иргэдийн мэдээллийг ОХУ-ын архиваас судлах талаар ажиллана.

“ЧЭЖҮ 4.3 ЭНХТАЙВАНЫ САН”-ИЙН ТЭРГҮҮН КО ХИ БУМ:

Энд хүрэлцэн ирсэн хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон иргэд болон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Солонгос орон, тэр дундаа манай Чэжү арал дээр Амеркийн цэргийн том нөлөөлөл байсан. Тухайн үеийн Солонгосын шилжилтийн Засгийн газрын оролцоотой цэрэг болон цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа явуулж олон мянган иргэнийг хэлмэгдүүлж устгасан түүх байдаг. Харин монголчуудын хувьд тэргүүн зэргийн удирдагч, манлайлагчид, нийгэм улс төрийн зүтгэлтэн, элит давхаргын хүмүүс нь хэлмэгдэж байсан юм байна. Энэ тухай бид өнгөрсөн  дөрөвдүгээр сард болсон монголын Цагаатгалын комиссын айлчлалын үеэр олж мэдсэн.  Энэхүү дурсгалын чухал өдөр ижил сургамж, гашуун түүхтэй ард түмний төлөөлөл болж зүрх сэтгэлээ хуваалцъя, эмгэнэл илэрхийлье хэмээн зорьж ирсэн юм.

Энэ удаагийн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд урилгаар БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа нь онцлох үйл явдал болж байна. Айчлалын баг  “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ын бүхий л арга хэмжээнд оролцохоос гадна  хамтын ажиллагааны хүрээнд “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гаргах юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ