Даваа, 4 сар 29, 2024
9.1 C
Ulaanbaatar

Хагас коксон шахмал түлшний туршилт хийлээ

Хагас коксоор хийсэн шахмал түлшний туршилтыг олон нийтэд танилцууллаа. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх нарын албаны хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд хагас коксын түлшний талаарх мэдээллийг өглөө.

Хагас коксоор шахмал түлш ажлыг судлах ажлын хэсгийг хоёрдугаар сард байгуулжээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын Шанси мужийн хагас коксын шахмал түлшний үйлдвэрээр орж туршлага судалсан байна. Мөн тэндээс 80 тонн түүхий эдийг авч ирж Тавантолгой түлш ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ магадлан итгэмжлэгдсэн лабораторит өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Шинжилгээгээр мидлингээр хийсэн түлшээс дэгдэмхий бодист 56 хувиар, хүхэр 40 гаруй хувиар, угаарын хий 10 гаруй хувиар, илчлэг нь илүү нь батлагдсан байна. Тэрчлэн айл өрхүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтаар галлаж үзжээ. Нийтдээ 97 удаагийн механик туршилт буюу галлагааг хийж үзсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Хагас коксын түлшийг туршихаас гадна гал асаагч бүтээгдэхүүнийг давхар туршсан аж. Тухайлбал, дотоодын үйлдвэрүүдийн хийж байгаа модны үртэс, өөх тосны багсармалтай бүтээгдэхүүн, хагас кокс асаагч зориулалтын цахилгаан асаагч зэргийг туршиж үзсэн байна. Ингээд хагас коксоор хийсэн шахмал түлшийг ид хүйтэн буюу ирэх арванхоёрдугаар сарын дунд үеэр нэгдүгээр сарыг дуустал улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 45 хоног ашиглахаар болоод байгаа аж.

Дээрх хагас коксын түлшийг хийхийн тулд БНХАУ-аас хагас коксын түүхий эдийг авч аравдугаар сараас эхлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэхээр тооцоолсон гэлээ. Хэрэв дээрх 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар багасаж үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барьж хүрэн нүүрснээс кокс ялгаж авах юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ