Лхагва, 5 сар 8, 2024
19.1 C
Ulaanbaatar

Хуулийн реформ хийсэн хаврын чуулган

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана. Хаалтын өдөр томоохон хэд хэдэн хуулийг эцэслэн ёсчлохоор болоод байгаа юм. Тухайлбал, Боловсролын болон Нийгмийн даатгалын багц хууль, Улс төрийн намын тухай хуулийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж дууссан бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна. Энэ удаагийн чуулганаар нийтдээ 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр дараалал тогтоосон бөгөөд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулиудыг ч мөн эцэслэн баталсан. Хаврын чуулганы үр дүнгийн тухайд өмнөхөөс илүү онцлогтой байсныг дурдах нь зүйтэй.

Учир нь, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гүйцээсэн. Ингэснээр Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад УИХ-ын гишүүдийн тоо 126 байх бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна хэмээн өөрчилсөн. Ингэхдээ мажоритараар 78, пропорционалаар 48 гишүүнийг сонгоно хэмээн хуульчилсан юм. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр тусгасан билээ. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд улсын хэмжээнд хийгдээгүй томоохон хуулийн шинэтгэл гэдгийг судлаач, улстөрчид онцолж буй.

Түүнчлэн УИХ, Засгийн газраас авлигын эсрэг үндэсний хөдөл­гөөнийг эхлүүлж, төр засаг өөрөөсөө эхлэхээ илэрхийлж байсан бөгөөд хаврын чуулганы хугацаанд ч мөн энэ тухайд цөөнгүй хууль, тогтоолыг хэлэлцүүлэн холбогдох шийдвэрүүдийг ч гаргасан юм. Түүнчлэн өнгөрсөн сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан. Энэ хүрээнд 2023 оны Монгол Улсын төсвийг 1.7 их наяд төгрөгөөр тодотгож, нийгэм, эдийн засгийн зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон юм.

Төсвийн тодотгол хийснээр энэ сарын 1-нээс өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулан нэмэгдүүлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг мөн нэмэгдүүлээд байна. Цаашид ирэх аравдугаар сарын 1-нээс нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувиар, үүний зэрэгцээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болоод байгаа юм. Мөн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохын зэрэгцээ сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон юм. Үүний дагуу долдугаар сарын хүүхдийн мөнгийг өчигдрөөс олгож эхэлсэн. Улмаар өмнө нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийнхийг нөхөн олгож эхэллээ.

Төсвийн тодотголын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд шаардлагатай хөрөнгийг нэмж шийдвэрлэхээр болоод байгаа юм. Сангийн яамнаас мэдээлж буйгаар Монгол Улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1.1 их наядаар давж биелж, цаашид 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ийнхүү төсвийн орлого давж биелэхэд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн гэдгийг тодотгож байгаа юм. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн орлого дутсанаас бус давж биелсэн үндэслэлээр төсвөө тодотгосон байдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон. Гэсэн ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжраад байгаа юм.

Тийм ч учраас 2023 оны төсөвт тодотгол хийж, иргэдийн бодит орлогыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Сангийн сайд онцолж буй. Энэ удаагийн хаврын чуулганы тухайд чамлахааргүй үр дүнтэй болсныг дээрх мэдээллүүд илтгэх биз ээ. Харин хаврын чуулганы үр дүнг УИХ-ын дарга хэрхэн дүгнэж байна вэ. Энэ тухайд Г.Занданшатар дарга “УИХ-ын хаврын чуулган өндөр ачаалалтай ажилласан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээсэн. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан 20, 30 жил яригдаад чадаагүй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Мөн Нийгмийн даатгалын болон Боловсролын салбарын томоохон реформыг хийж байна. Төсвийн тодотгол хийж, төсвийн байгууллагынхны цалин хөлсийг нэмэгдүүллээ. Авлигатай тэмцэх багц хуулиуд болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

УИХ баталсан хууль бүрдээ авлигатай тэмцэх үзэл санааг суулгаж байна. Тухайлбал, Төрийн өмчийн тухай болон Тендерийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг нийгмийн шинэчлэл, өөрчлөлтөд чухал ач холбогдолтой хуулиудад авлигатай тэмцэх үзэл санааг суулгав. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд улс төрийн намын санхүүжилтийг авлигаас ангид ил тод байлгах, УИХ-ын Сонгуулийн хуулийн шинэчлэлд сонгогчдын саналыг худалдаж авах бүхий л боломжийг хаах заалтуудыг оруулж байна. Тийм ч учраас аль болох хийдэл, зөрчил гарахгүй хууль батлахын тулд УИХ-ын Тамгын газар өндөр ачаалалтай ажиллаж байна” хэмээн тодотгосон.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ