Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Киргизийн найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг дурдаж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.

Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглах талаар ярилцав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ажлыг өндөр үнэлж, цаашид бүх талаар эрчимжүүлэхээр тогтов.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээж буйг талууд сайшаав.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” байгуулах, Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрахаар болов.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ