Мягмар, 4 сар 16, 2024
18.1 C
Ulaanbaatar

Т.Сүхбаатар: Жинхэнэ баатруудыг нэхэн шагнамаар байгаа юм

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.


-Баруун хилийн тулгаралтын 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Та цэргийн түүх судлаач хүний хувьд тухайн үед юу болж байсан талаар ярилцлагаа эхлэх үү?

-Энэ өдрүүдэд Баруун хилийн тулгаралтын 75 жилийн ой тохиож байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал юм. 1930-аад оны үеэс эхэлсэн тус мөргөлдөөн нь 1952 онд хамгийн сүүлчийн буун дуу гарснаар дуусч, 20 гаруй жил үргэлжилсэн байдаг. Энэ мөргөлдөөн маш олон хүчин зүйлээс шалтгаалан бий болсон. Хамгийн ойрын жишээ нь, тухайн үеийн Шинжаан Уйгарт амьдарч байсан казак үндэстний төлөөллийг Хятадын Засгийн газраас шахаж дарамт учруулсан. Тэр үед Хятад улс нь дотооддоо иргэний дайн болоод, Японы дайнтай тулж байсан үе юм. Энэ үед л үндэсний цөөнх болсон казак иргэдийг айлган сүрдүүлэх дээрэмдэх мөн өөрийн талд хүчээр татах зэрэг маш олон арга хэмжээг авсан. Үүнээс үүдэн Монгол Улсын баруун хязгаар хэсгээр маш олон хүмүүс дүрвэж орж ирэх болсон. Дүрвэгсдийг дагаад маш олон асуудлууд гарч, эмх замбараагүй байдал үүссэн. Тухайн үеийн баруун хязгаар болох Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад гэмгүй иргэдийн хажуугаар зэвсэгт дээрэмчид ихээр орж ирэх болсон. Тэдгээр хүмүүс дээрэм тонуул ихээр хийж, нутгийн ард иргэдийг олзлох, хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлах, хоол хүнс олох зорилгоор агт морьдыг дээрэмдэх зэрэг асуудлууд их гарсан. Нөгөө талаар, Монголд 1930-аад оны эхээр болсон Зүүнтэн, Баруунтны алдаатай бодлогын улмаас казак, торгууд гэх мэт маш олон айл өрх урагшаа хил давж нүүсэн. Үүнээс болж мөн л зөрчил үүсч байгаа юм. Үүнийг бас их гүрнүүдийн бодлого үйл ажиллагаатай холбож авч үздэг. Учир нь тухайн үед Шинжаан Уйгарт ураны маш том орд илэрсэн байдаг. Уурхай үйл ажиллагаагаа явуулж байсанд тухайн үеийн ЗХУ, АНУ зэрэг нь анхаарлаа хандуулж нутгийн иргэдийг ашиглаж уурхайд хяналтаа тогтоох бодлого явуулсан. Энэ нь сүүлдээ эрчимжиж, 1940-өөд оны үед АНУ цөмийн бөмбөгийг 1945 оны наймдугаар сард Японд тавьсны дараагаар тус үйл ажиллагаа нь улам идэвхжсэн. Баруун хилийн 20 жилийн тулгаралтыг хоёр хувааж үзэж байгаа. 1930-1940 онд байдал нилээд хурцадсан. Тухайн үед хилийн цэрэг байгуулагдаагүй байсан учраас Монгол Улсын хил хязгаарыг Монгол ардын хувьсгалт цэрэг буюу одоогоор зэвсэгт хүчин хариуцаж хамгаалдаг байв. Энэхүү нөхцөл байдал хүндэрсэн. Хязгаарын цэрэг 1933 онд байгуулагдаж цөөн тооны хилийн цэргийн хүчээр хилийг хамгаалахад хүндрэлтэй болж ирсэн. (Энэ жил Хилийн цэргийн 90 жилийн ой нь тохиож буй) Тийм учраас 1934 онд Цэргийн явдлын яамны сайд буюу Бүх цэргийн жанжин Монгол Улсын Маршал Г.Дэмидээр удирдуулсан Монгол ардын хувьсгалт цэргийн томоохон цэргийн хүчин ирж, тусгай ажиллагаа явуулсан.

Энэхүү үйл ажиллагаанд маш олон цэрэг, мөн Монголын хамгийн шилдэг нисгэгч нар оролцсон томоохон байлдааны ажиллагаа болсон юм. Тухайн үед хил давж орсон дээрэмчдийг үндсээр нь бут цохиж, хил хязгаар тайван болж хязгаарын цэрэгт хүлээлгэж өгсөн байгаа юм.

-Тухайн үед хил хэсэг тайван байсан байх аа. Яагаад дахин хилийн асуудал хөндөгдөх болсон юм бол?

-1934 онд дээрэмчдийг бут цохисны дараа хил хязгаар хэсэгтээ үндсэндээ 1937 он хүртэл тайван байв. Яагаад гэвэл Монгол ардын хувьсгалт цэрэг нь эсрэг талдаа том цохилт өгч дарсан. Гэвч 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан. Үүнд Монгол ардын хувьсгалт цэргийн 2000 гаруй цэрэг хэлмэгдэж, цаазлуулсан. Мөн тус байлдааныг удирдаж байсан Г.Дэмид маршал 1937 онд нас барсан юм. Маршал Г.Дэмид нас барснаар Монгол ардын хувьсгалт цэргийн байлдах чадвар суларч доройтсон байдаг. Тийм ч учраас хил хязгаарт анхаарал хандуулах ажиллагаа тухайн үед суларсан. Ер нь 1930-аад оны эхээс Монгол орны баруун, зүүн хязгаарт маш түгшүүртэй байдал бий болоод байсан. Зүүн хэсэгт Манж Го улстай, баруун хэсэгтээ зэвсэгт дээрэмчидтэй мөргөлдөөнтэй байсан. Тиймээс хүн хүч нэлээд тарамдуу болсон.

-Хүн хүч дутуу байсан гэлээ. Тухайн үед яг хичнээн цэрэг хоёр талд байсан юм бол. Тухайн мөргөлдөөний тоо баримт судалгаа байдаг юм болов уу?

-Тухайн үед Халх голын дайны үед 1939 онд Монгол ардын хувьсгалт цэрэг нийт 18 мянга орчим хүнтэй байсан. Түүнээс 8700 орчим нь Халх голын дайнд оролцсон. Гэтэл 1930-аад оны үед 12000 орчим цэрэгтэй байсан. Зүүн хязгаарын хэсгээр ихээхэн цэрэг байршуулж, гол анхаарлаа тэнд төвлөрүүлсэн. Учир нь Манж Го улстай хилийн мөргөлдөөн нэгэнт эхлээд байсан. Баруун хязгаарын нөхцөл байдлыг хэсэг бүлэг дээрэмчид гэдэг үүднээс эхнээсээ анхаарал бага хандуулсан. Гэвч эсрэгээрээ тэнд тухайн үеийн хязгаарын цэргээс илүү тооны дээрэмчид халдлага хийх болсон. 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлт болсны дараа Монгол ардын хувьсгалт цэргийн хүч суларч дарга, цэргүүд хэлмэгдүүлэлтэд өртөх болсноор хилийн зөрчил сэргэж эхэлсэн. Үүнээс үүдэн Засгийн газрын зүгээс ахин яаралтай арга хэмжээ авахаар болсон. Яг энэ үед үндсэндээ Зөвлөлтийн талаас ч тэр, монголын талаас ч тэр, дээрэмчдийг хэлэлцээ хийж өөрийн талд татах ажлыг явуулсан. Тухайн үеийн дээрэмчдийн гол толгойлогч гэж тодорхойлогдсон Оспантай хэлэлцээр хийсэн. Оспан бол Зөвлөлтөөс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй ард түмний төлөөлөл учраас Монголын Засгийн газар дэмжих ёстой, Оспаны хүчийг ашиглаж тухайн үеийн Хятадын эсрэг хүчийг нь сулруулах нөлөөг нь бууруулахад ашиглаж болох юм гэсэн дүгнэлтийг хийсэн. Улмаар маршал Х.Чойбалсанд дэмжлэг үзүүлэн, Зөвлөлтийн талаас маш их хэмжээний буу, зэр зэвсэг зэргийг Оспанд олгосон. Үндсэндээ Монголын хилийн асуудал Оспанийг өөрийн талд татсан 1944-1946 оны хооронд намжиж эхэлсэн.

-Оспаны арми нь хичнээн хүнтэй байсан бэ?

-Судлаачид маш олон тоо хэлдэг. Хамгийн оргил үедээ 8-9 мянга орчим хүрч байсан гэж үздэг. Энэ нь дотроо бас хэд хэдэн хэсэгт хуваагдчихсан байгаа. Оспанаар толгойлуулдаг хүмүүс болон түүнд захирагддаггүй хэсэг бүлэг хүмүүс гэх мэт. Нийт массаар нь авбал энэ нь 10-20 мянга орчим тооны иргэд байсан. 1946 оноос Оспаны байр суурь өөрчлөгдөж манай эсрэг өөрсдөө өдөөн хатгалга хийж эхэлсэн байдаг. Яагаад гэвэл Оспаныг Хятадын тал Дорнод Туркестаны бүгд найрамдах улс байгуулан, өөрийг нь удирдлагаар нь томилон, улс байгуулж өгье гэж амласан. Тэрнээс үүдэн манай улсын хилийг зөрчиж, үүнээс Оспантай харилцах харилцаа тасарсан байдаг. Энэ үүднээс Баруун хязгаарын нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа дан ганц хязгаарын цэргийн хүчээр тогтоон барихад хүндрэлтэй юм байна гэж дүгнэлт хийгээд, Хэнтийд байсан МАХЦ-ийн 6 болон Улаанбаатарт байгуулсан 25 дугаар морьт бригадыг 1300 орчим км газар марш үйлдэж, баруун хязгаарт аваачсан.

-Тэр нь хичнээн хүнтэй дивиз байсан юм бэ?

-Хэнтийгээс зургадугаар морин бригад гарч, Улаанбаатарт ирээд 25 дугаар морин бригадтай нийлж, Ховд руу явсан. Нийтдээ энэ хоёр бригадаас гадна Монгол ардын хувьсгалт цэргийн ес болон 12, 31 дүгээр морьт хороо гэх мэт замдаа таарсан морьт хороодыг нэгтгээд аваад явсан. Нийт Монгол ардын хувьсгалт цэргээс 4500 орчим цэрэг Баруун хязгаарт очсон. Мөн дээр нь тэнд байгаа МАХЦ-ийн 4-р морьт хороо, хязгаарын цэргээр хүч нэмэгдүүлсэн. Үүн дээр ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд болон дотоодыг хамгаалах буюу тагнуулын байгууллагаас бэлтгэсэн тусгай ажиллагааны хүчин нэмэгдсэн.

-Тусгай ажиллагаа нь ямар ажиллагаа явуулсан юм бэ?

-Хэд хэдэн ажиллагаа явуулсан. Ховог сайр, Каваа Буурчины ажиллагаа, Мулейхэ хошууны ажиллагаа, Цонж хотын ажиллагаа, Хөх тохойн чиглэлийн ажиллагаа, Шар тохойн, Замбэлэхийн ажиллагаа гэх мэт. Тагнуулын байгууллагаас орон нутгийн иргэдийг татан оруулахдаа тэдгээрийн зан заншил хэл яриа угсаатны онцлогийг нь бас харгалзан үзсэн байдаг. Гол зорилго нь Оспаны дээрэмчдийн бааз суурь тэдгээрийн холбоотон гоминданы цэргийг устгах, дотоодод нь хагарал гаргах, Оспаныг өөрийг нь устгах ажиллагаа явуулсан. Үүнд Халх голын байлдаанд оролцсон Дандар баатрыг дуудаж авчран хэд хэдэн ажиллагаанд оролцуулсан.

-Тэр үед Дандар баатар шоронд хоригдож байсан гэдэг нь үнэн үү?

-Тийм. Яахав шийтгүүлээд шоронд орчихсон байсан. Жаахан хэлмэгдүүлсэн юм билээ. Тэгээд хамгийн туршлагатай хүн гэдгээр нь Оспаныг устгуулахаар явуулж байсан.

-Тусгай ажиллагааны хүрээнд улсын хил давсан уу?

-Тусгай ажиллагаанууд ихэнхдээ хилийн цаана болж байсан. Ажиллагааны зорилго нь улсын хилийн цаана буй дээрэмчдийн хүчийг задлах, тэдгээрийн бааз, нөөцийг устгах, ард иргэдийн санаа бодлыг өөрчлөх, дотоод зөрчлийг нь ашиглах зэрэг байсан. Энэ нь сүүлд Монгол Улс НҮБ-д элсэхэд Монгол Улс Хятадын хилийг давж нутаг дэвсгэрт нь халдсан гэх яриаг гаргасан. НҮБ-д гишүүнээр элсэхэд ч түрэмгийлэгч улс гэх зэргээр саад болсон юм. Бид яалт ч үгүй Монгол Улсын хилийг давж орж ирсэн дээрэмчдийг ичээнд нь, үүрэнд нь устгахын тулд зайлшгүй улсын хил давахаас өөр аргагүй байсан. Нөгөө талаас авч үзэхэд улсын хил тодорхой биш. Албан ёсоор баталгаажсан хил байхгүй. Тиймээс тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарсан ажиллагаа юм.

-Тусгай ажиллагаанууд хэр амжилттай болсон бэ?

-Оспаныг устгахад маш хэцүү, хамгаалалт өндөртэй байсан. Байрлалаа байнга солино. Газар орноо сайн мэддэг учраас уул хадаар нуугдчихдаг. Гэтэл Монголын цэргүүд Хэнтий, Улаанбаатараас очсон. Газар орноо сайн мэдэхгүй учраас маш хүндрэлтэй байсан. Дээрээс нь уулархаг бүст байлдахад туршлага дутсан. Өмнө нь Зүүн хязгаарт Халх голд тал газарт байлдаж байсан. Гэтэл бид уулархаг газар анх удаа байлдаж үзсэн. Монгол ардын хувьсгалт цэрэг ч тэр, дотоодыг хамгаалах цэрэг ч тэр, хязгаарын цэрэг ч тэр байлдааны ажиллагаанд оролцоход хүндрэлтэй байсан. Эсрэг тал нь харин илүү зэвсэгтэй. Газар орны мэдлэгтэй, туршлага арвин. Хэдийгээр олон нисэх онгоцтой байлдааны ажиллагаанд оролцсон боловч зориулалтын нисэх зурвасгүй. Уулархаг бүсийн районд нөгөө онгоцнуудых нь техникийн хүчин чадал хоцрогдож, маневр хийхдээ маш муу. Яагаад гэвэл байлдааны ажиллагаа уулын хавцалд, Алтайн өндөр уулсын дунд болсон. Тэнд онгоц нисэхэд хүндрэлтэй. Мөн дээрээс нь шатах тослох материал, хоол хүнс, сум хэрэгсэл зөөхөд хүндрэлтэй. Үндсэндээ манай цэргийн хамгийн хүчтэй зэвсэг гэвэл пулемёт л байсан. Винтов, пулемёт, морьтой. Тэнд ямар ч хүнд техник оролцоогүй. Нисэх онгоц л дэмжлэг үзүүлсэн. Гэтэл эсрэг тал нь хүнд зэвсэгтэй байсан. Миномёт түгээмэл ашигласан. Энэ бол маш хүчтэй зэвсэг. Гэтэл Байтаг Богдын тулаанд 1948 онд манай арван баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж нартай байлдаж байхад тэдэн рүү Миномётоор галлаад дайрч байсан. Манайд пулемётоос өөр зэвсэг байгаагүй. Энэ нь манайханд маш том алдаа, сургамж болсон. Мөн дээрээс нь удирдлага хоорондын маш том зөрчил гарч байв. Тухайлбал, Дотоодыг хамгаалах газраас томилогдож ирсэн Б.Шагдаржав генерал болон нисэх хүчний М.Зайсанов генерал хоорондоо хувийн зөрчилтэй байсан. Энэхүү хувийн зөрчилтэй хүмүүс цэргийн ажиллагаа удирдахад хүндрэлтэй болсон. Нэг нэгэндээ галын дэмжлэг үзүүлдэггүй, агаараас дэмжлэг үзүүлэхгүй. Эсвэл газраар дэмжлэг үзүүлэх байдал байхгүй. Ийм нөхцөл байдлаас үүдэж байлдаан амжилтгүй болох тохиолдлууд гарсан. Энэ бол яах аргагүй том сургамж болсон. Дээрээс нь уулархаг бүсийн районд хил хамгаалах, байлдаанд явуулах туршлага маш дутагдсан. Энэ нь маш тод илэрсэн. Тэнд зохицсон зэвсэг техник, байлдааны төлөвлөгөө, тактик ерөөсөө байгаагүй гэдэг нь харагдсан. Тийм учраас байлдааны ажиллагаанд алдаа дутагдал маш их гарсан.

-Цэргүүдэд энэ байдал хэрхэн нөлөөлөв?

-Хоол хүнсний дутагдал маш их гарсан. Ялангуяа цэргүүдийн дунд халдварт өвчин гарах, хоол хүнсний хомсдолд орох, цас их орсны улмаас даваа хаагдах асуудал үүссэн. Тэр байтугай ахмад дайчдын дурдатгалд тэмээний хорголд хүртэл тээгэлдэж унадаг, үхсэн малын махыг идэх тохиолдол ч олон гарсан гэдэг. Гэхдээ ийм хүнд хэцүү байлдааны ажиллагаа явуулж байхад нэг ч цэрэг эх орноосоо урваагүй. Нэг ч цэрэг шантраагүй, бүгд эх орноо хамгаалъя гэсэн зорилготой байсан. Тэгшээ, Гиваан, Даваадорж гээд Байтаг Богдод байлдаж байсан маш олон хүн амь үрэгдсэн. Энэ дайчдын ихэнх нь 18-19 настай хүүхдүүд. Тэдэнд хүүхэд хэрнээ тусгаар тогтнол, эх оронч үзэл аль хэдийнэ суучихсан. Үхэхдээ хүртэл эх орныхоо төлөө цээжин дээрээ гранат дэлбэлээд, алхам ч газар ухраагүй.

-Баруун хязгаарын тулаанд хичнээн цэрэг амь үрэгдсэн бэ?

-1934-1951 оны хооронд нийт 170 гаруй цэрэг амь үрэгдэж, 60 гаруй цэрэг шархдаж, маш олон цэрэг сураггүй болсон. Зөвхөн 1947-1948 оны хооронд гэхэд л 50 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Гэтэл энгийн оршин суугч маш олон хүн хохирсон. Мөн эсрэг талаас маш олон хүн амь үрэгдсэн. Эсрэг тал нь байлдааны явцад амь үрэгдсэн хүмүүсийнхээ шарилыг бүгдийг нь аваад явчихдаг. 20 гаруй жил үргэлжилсэн энэ мөргөлдөөн бидэнд, хил хамгаалалтад ч их туршлага, сургамж болсон.

-Түүхэн эдгээр үйл явдлыг олон талаас л хүмүүс өгүүлдэг. Та олон жил цэргийн түүх судалсны хувьд яаж хардаг вэ?

-Энэ мөргөлдөөнд шүүмжлэлтэй хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, Баруун хязгаарын байлдааны ажиллагаанд анхнаасаа Монгол ардын хувьсгалт цэргийг маш цөөн тоогоор оролцуулсан. Үндсэндээ хилийн жижиг зөрчил гэж ойлгоод хамаг анхаарал зүүн тийш хандчихсан. Энэ нь нөхцөл байдлыг тухай бүрд нь тас цохих боломж олдоогүй. Мөн хязгаарын цэрэгт томилогдож ирсэн байлдагчид ирээд удаагүй. Газар оронтойгоо сайн танилцаагүй. Хилийн заставуудын зай хол зэрэг нөхцөл байдлаас үүдэж хохирол амсаж байсан. Тэр байтугай хажууханд нь байлдааны ажиллагаа болоод буудалцаад явж байхад ан хийж байна гэж ойлгоод анхаарал хандуулаагүйгээс болоод маш олон хүн амь үрэгдэж байсан. Унтаж байгаад хороогоороо хоолойгоо хэрчүүлээд, хээр буудаллахдаа буруу газар буудаллаж, түүнээс нь болоод ялагдах тохиолдол маш их байсан. Оспаныг устгах тусгай ажиллагааг Дотоодыг хамгаалах газар маш эрчимтэй явуулсан. Дандар баатрыг явуулаад ч устгаж чадаагүй. Мөн Сагдай гэдэг тагнуул Оспаны хажууд устгахад бэлэн байсан. Гэвч төвөөс үүрэг өгөөгүй учраас хөдлөөгүй. Тэндээс маш олон эх орончид тодрон гарсан. Даваадорж, Гиваан, Тэгшээ, Лхагвадорж, Дамба, Бадам гэх мэт.

-Эдгээр түүхэн байлдаануудын ойг дандаа тэгш ойгоор тэмдэглэдэг нь ач холбогдлын хувьд ямар байна гэж та үзэх вэ?

-Сүүлийн үед Баруун хилийн тулгаралтын ойг бид тэгш ойгоор тэмдэглэж байна. 60, 65, 70, 75 гээд л. Гэтэл ингэж тэмдэглэмээргүй санагддаг. Бид жил бүр тэмдэглэж байх ёстой. Яагаад гэвэл түүх мартагдаад байна. Энэ завсар түүхийг гуйвуулж байна. Хэрүүл гарч, сүүлдээ үндэстэн угсаатны хоорондох зөрчил болгож ашигладаг боллоо. Тухайлбал, Баян-Өлгийн иргэдийг нийтээр нь Оспаны үлдэгдэл, хасгийн дээрэмчид гэх мэтээр цоллож байна. Гэтэл түүнээс өмнө Казак иргэдийн төлөөлөл XX зууны эхээр Алтайг давж ороод суурьшиж байсан. Үндсэндээ уугуул иргэдээс асуудал гаргаагүй цаанаас дүрвэж орж ирсэн хүмүүсийг дагаад ийм асуудал үүсчихсэн.

Хоёрдугаарт, тухайн үед оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн гүйцэтгэх үүргийг нь дутуу дулимаг орхичихоод байдаг. Гэтэл Баруун хилийн байлдаанд хязгаарын цэрэг л оролцоод ялчихсан юм шиг ойлголт хүмүүст төрөөд байдаг. Гэтэл тэнд Хязгаарын цэрэг, Монгол ардын хувьсгалт цэрэг, Дотоодыг хамгаалах цэрэг ч байсан. Мөн Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын хамгаалалтыг тухайн үед маш ядмаг хэрэглэсэн. Дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн гүйцэтгэсэн үүргийг судлах ёстой. Түүхчид маань судалгааны ажлаа нэгтгэж чадахгүй, тус тусдаа хийгээд байна. Аль аль талд нь асуудал байгаа. Судлаачдын тоо хүрэлцэхгүй байна. Мэргэжлийн цэргийн түүхч иргэний түүх судалдаг хүнээс өөр байдаг. 1990 оноос хойш цэргийн түүхчийн залгамж халаа тасалдсан. Сайн дурын үндсэн дээр ч юм уу, өөр мэргэжлийн хүнийг дадлагажуулан сургах байдлаар асуудалд хандаж ирсэн нь маш том алдаа. Дэлхийн түүх гэдэг бол Монголын түүх, Монголын түүх гэдэг монгол цэргийн түүх. Тиймээс боловсон хүчнийг бэлтгэж гаргах хэрэгтэй байна. Ямар нэгэн түүхийг ойлгоход сошиалд хэрүүл гардаг шүү дээ. Нэг талаар хэрүүл гаргаж байгаа хүмүүсийн зөв. Учир нь бидэнд хангалттай цэргийн түүхийн боловсон хүчин алга. Бид боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй. Энэ хэрээр бид судалгаа шинжилгээгээ эргэлтэнд оруулж, ард түмэнд таниулж чадахгүйгээс үүдэж, хэрүүл тэмцэл гараад байгаа юм болов уу.

-Түүхээ гоёчилж гэлээ. Холбооны утсыг амандаа зуугаад нас барсан, өөр дээрээ тэсрэх бөмбөг хаясан гэх мэтийг худлаа өөрсдийгөө магтах гэж ингэсэн юм билээ гэдэг хэлэлцүүлэг нөгөө талд өрнөж байна. Энэ бодит үйл явдал мөн үү. Эсвэл түүхийг гоёчлох гээд гаргаад ирсэн юм уу?

-1990-ээд оноос өмнөх марксист, ленинист онолоор бичиж байгаа түүхийг ажиглах юм бол уран сайхны хэтрүүлэг хэрэглэдэг байсан нь үнэн. Гэхдээ түүхээс улаан цайм гажуудуулсан юм бараг байхгүй. Тухайн үед цэрэг дайчдыг зоригжуулахын тулд баатарлаг дүр хэрэгтэй байсан. Тиймээс фронт даяар явж, хэн сайн байлдсан тэр хүнийг хачирлаж чимэглэж бичих асуудал их гарсан. Тэр байтугай Монгол Улсын баатар Дуламсүрэнгийн Самдан, Садын Самдан гээд хоёр хүн гарч ирж байсан. Хэн нь Монгол Улсын баатар юм бэ гэдэг маргаан гараад сүүлд нь комисс гарч тогтоож байсан. Өөр дээрээ гранат дэлбэлсэн гэдгийн хувьд Байтаг Богдод Монгол Улсын баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав яах аргагүй өөр дээрээ гранат дэлбэлсэн. Тэр гурваас нэгнийх нь гранат тэсрээгүй. Хоёр нь тэсрээд цээжээрээ тасарчихсан байсан. Тухайн үед өөр дээрээ гранат дэлбэлээгүй бол хасгийн дээрэмчид маш хэрцгийгээр тамладаг байсан. Энэ бол дайн. Дайн гэдэг энэрэх хайрлах сэтгэл байхгүй, нэгнийгээ үзэн яддаг хорсолтой үйл явдал. Тухайлбал, Монгол Улсын баатар Бадам тулган шаардах бичиг хүргэж өгсөн. Түүний цээжийг нь хадаад, өвчүүн дээр нь улаан таван хошуу сийлээд, хөл гарыг нь тасалж үзэшгүй муухайгаар тамласан байсан.

Холбооны утас амаараа зуусан асуудал бол тухайн үед буюу Чөлөөлөх дайн 1945 оны наймдугаар сард Жанчхүүгийн даваан дээр болсон байлдаан. Сүүлд Монгол Улсын баатар болсон Жанчивын тухай холбооны утсыг амаараа холбосон хэмээн дуу хүртэл гарсан. Тухайн үед яах аргагүй холбооны утсыг залгаж байгаад л амь үрэгдсэн юм билээ. Ахмад дайчдын дурдатгал, архивын баримтаас үзэхэд холбооны салсан утсыг нийлүүлээд нэг гартаа барьж, нөгөө гартаа холбох хэрэгслээ барьж холбоогоо залгасныхаа дараа баатарлагаар амь үрэгдсэн.

-Таны ярианаас анзаарахад дээр үеэсээ л манайх одоогийнх шиг Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчин гээд тусдаа үүрэгтэй байжээ дээ?

-Тийм. Монгол ардын хувьсгалт цэрэг яг одоогийнх шиг. Хилийн цэрэг, зэвсэгт хүчин дотоодын цэрэг гэх мэтээр тусдаа байсан. Монгол ардын хувьсгалт цэрэг нь тусгай үүрэг зориулалттай нэг ёсондоо тухайн үеийнхээ монгол цэргийн цөм нь байсан. Баруун хилийн тулгаралтад оролцсон монгол ардын хувьсгалт цэргүүдийн гүйцэтгэсэн үүрэг бүдэг талдаа байгаад байна. Гэтэл тэнд тулалдаж явсан ахмад дайчид өдөрт л цөөрсөөр. Тэдгээр хүмүүсээс энэ тэгш ой тохиож байгаа үед нэг ч гэсэн баатар цол нэхэн олгоосой гэж хүсч байна. Яг энэхүү Баруун хилийн тулгаралтад оролцсон дайчид одоо бараг байхгүй. Бас нэг гол санаа бий. Ирэх жил Халх голын 85 жилийн ой болно. Түүний дараа Чөлөөлөх дайны 80 жилийн ой. Өнөөдөр Баруун хязгаарын тулалдааны 75 жилийн ой. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчид жилээс жилд цөөрч байна. Халх голын дайнд оролцож явсан амьд дайчин гэж бараг байхгүй. Чөлөөлөх дайн ч цөөрсөн, Баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцсон дайчид ч маш цөөрсөн. Тэр дундаас нэг хүнд ч болов Монгол Улсын Баатар цол олгож болохгүй юу гэж ахмад дайчдын ар гэрээс гомдол гардаг. Тэд Эрдэнэт үйлдвэрт баатар цол өгдөг. Гэтэл яагаад ахмад дайчдад өгдөггүй юм бэ. Хууль эрхзүйн хүрээнд Монгол Улсын Баатар цолыг нэхэж олгохыг хориглох, эсвэл олгохгүй гэсэн нэг ч тушаал шийдвэр байдаггүй юм байна гэх зэргээр асуудаг. Тиймээс амьд байгаа хүмүүс биш юмаа гэхэд эх орныхоо төлөө амь биеэ зориулсан маш олон дайчин бий. Гаасүрэн, Шаарийбуу, нисгэгч Жамбаа, Чөлөөлөх дайнд оролцсон Кампани гээд Японы 800 цэргийг ганцаараа буулгаж авсан дайчин байна. Ийм түүх өөр улсад байхгүй. Хоёрхон хүн давхиж очоод Японы 800 цэргийг буулгаж авсан. Навааны Кампани гээд түүхт тагнуулч байна. Эрдэнэт үйлдвэрийн гавьяаг үгүйсгэж байгаа юм биш л дээ.

Гэхдээ жинхэнэ баатруудыг нэхэн шагнамаар байгаа юм. Дайн байлдаантай улсуудыг харахад ямар улс мөхдөггүй вэ гэвэл эх оронч үзэл, үндэсний бахархлыг нь бий болгоод өгчихсөн. Эх орон ямар үнэтэй юм бэ. Эх оронгүй хүн ямар байдаг вэ. Тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг найман наснаас наян настай буурал хүртлээ суулгаад өгчихсөн. Дайсан ирэхэд тэр найман настай хүүхэд хүртэл дрон нисгээд холбоо бариад, нөгөө талынхаа байдлыг мэдээлээд дайсны эсрэг тэмцэж байна шүү дээ. Энэ яаж байна гэхээр эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал нь бий болчихсон байна. Гэтэл бидэнд энэ үзэл маш их дутагдаж байна. Эх оронч иргэн гэдэг шалгуурт маш олон үзүүлэлт орно. Үүний зөвхөн нэг нь үндэсний эв нэгдлийг сахин хамгаалагч хүн эх оронч гэж байгаа. Өнөөдөр бидэнд эв нэгдэл маш дутагдаж байна. Эх оронч хүн гэдгийг битгий томоор ойлгоорой. Татаж байгаа тамхи, идсэн чихрийн цаасаа хогийн саванд хийчих. Түүнийгээ заавал баталгаажуулж, сельфи хийх албагүй. Яагаад гэвэл зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Зөвхөн Баруун хилийн тулгаралтаар жишээ татаад хэлэхэд 75 жилийн өмнө энэ улс тусгаар тогтнол хил хязгаарын бүрэн бүтэн байдал их өв соёлыг үлдээх гэж бидний төлөө 18-19 настай амьдрал үзээгүй, дөнгөж амьдрах гэж байсан хүүхдүүд эх орныхоо төлөө амь насаа зориулж бидэнд өнөөдрийг үлдээсэн юм шүү. Ирээдүйн үр хүүхдүүддээ л бид энэ үзэл санааг суулгаж өгмөөр байна.

С.ОТГОНБАЯР Ө.АНХЗАЯА

Б.ЭНХГЭРЭЛ

1 COMMENT

  1. Wow, fantastic weblog structure! How long have
    you been running a blog for? you make running a blog look easy.

    The whole glance of your website is great, as smartly as the content!
    You can see similar here sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ