Бямба, 5 сар 4, 2024
6.1 C
Ulaanbaatar

Моби Дик буюу цагаан халим

Энэхүү зохиолыг бичсэн Херман Мелвилл нь 1819 онд Нью-Йорк хотод худалдаачны гэрт төржээ. Гэвч аав нь долоон хүүхдээ үлдээн эрт нас барснаар тэдний гэр бүлийн амьжиргаа ихэд хэцүүдэн, гачигдаж дутагдаж эхэлсэн байна. Х.Мелвилл дунд сургуульд орсон ч хүнд амьдралын эрхээр хэдхээн сарын дараа сургуулиа орхин ажил хийж эхэлжээ. Хэдий ажил хийж байсан ч тэр маш их уншиж, өөрийгөө боловсруулж чадсан ба их, дээд сургуульд элсэнэ гэдэг нь түүнд алс холын мөрөөдөл төдий байсан гэдэг. Фермер, худалдаачин, багш зэрэг маш олон төрлийн ажил хийн амьдралаа залгуулж байсан ч тэдгээр олон ажлуудын нэг нь ч түүний сэтгэлийг татаж чадсангүй. Тэр зөвхөн задгай их далайд л тэмүүлэн дурлаж байв. Анх 18 настайдаа Английн Ливерпүүлээс ирсэн усан онгоцонд сууснаар түүний далайн олон адал явдал нь эхэлжээ. Тэр харгис хэрцгий ахмадын дарангуйлалд боолчлогдож, хүний махан идэштэнгүүдэд ч олзлогдон, золоор Австралийн халим агнуурын хөлгийн тусламжаар амь хэлтэрч, Номхон далайг хөндлөн гулд туулжээ. Далайн аяллаасаа буцаж ирээд Америкийн усан цэрэгт алба хаав. Х.Мелвилл 1840 оноос эхлэн далайн ер бусын адал явдлуудынхаа тухай зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1891 онд нас барах хүртлээ маш олон зохиол бүтээл туурвижээ. Тэдгээрийн дотроос “Моби Дик буюу цагаан халим” зохиол нь нэн алдартай. Олон тооны уянгын адал явдал, библи судрын эшлэл, зөн билгийн олон давхар ёгт утгыг агуулсан энэхүү зохиолыг тухайн цаг үеийнхэн ер ойлгож хүлээж авсангүй. 1851 онд хэвлэгдэн олны хүртээл болсон энэ зохиол 1920-иод оны үеэс дахин мэндэлжээ. Зохиолч энэхүү зохиолоо өөрийн дотны анд романтик зохиолч Натаниэль Хоторнд зориулж, “Аугаа их суу билгийнх нь өмнө илэрхийлэх хүндэтгэл” болгож бичсэн байдаг. Америк далайчин Измаил “Пеход” хөлөгт дайгдан далайн аялалд гарч байгаагаар зохиол эхэлнэ. Энэ хөлгийн ахмад Ахаб нэгэнтээ түүнд хөлөө өргөл болгон өгсөн, халим ангуучдын эрлэг цагаан халимд өшөө зангидаж, түүнийг алахаар улайран зүтгэж яваа аж. Ахаб далайчиддаа байнга сонор сэрэмжтэй байж, цагаан халим харуулдахыг тушаах агаад Моби Дикийг хамгийн анх олж харсан хүнд алтан зоос өгөхөө амладаг. Хөлөг онгоцон дээр учир нь үл тайлагдах адал явдал ар араасаа өрнөж, ахмад Ахаб өшөө хорслын улайралдаа эрүүл ухаанаа алдана. “Пеход” болон түүнээс буусан завиуд хэд хэдэн удаа Моби Дикийг гүйцэх шахаж, олз омог арвинтай явна. Эцэст нь Моби Дик “Пеход” хөлгийнхөнтэй эрэгчин эмэгчнээ үзэлцэн тулалдана. Дээрээс илгээгдэж байгаа зөн ёрын хүчийг жирийн далайчид тэсэж гарах болов уу.

Энэхүү романы ихэнх үйл явдал тэр чигээрээ далай тэнгист өрнөж буйгаараа онцлог. Тэр тусмаа хоёр их гүрний дунд оршдог эх газрын манайх шиг орны уншигчдын хувьд далайн амьдрал тун чиг сонирхол татаж мэдэх юм. “Моби Дик”- ийн үйл явдал “Үлисс”-ийг бодвол илүү адармаатай, ямар ч насныханд хүртээлтэй, ойлгоход хэцүү, нэн түвэгтэй асуудал үл гарах аваас уран зохиол шимтэн уншигчдад олон талын мэдрэмжийг төрүүлсэн онцгой гойд сонгодог бүтээл болох нь тодхон харагдана. Халим судлалын нэвтэрхий толь гэгддэг энэхүү романд хүн, байгалийн харьцаа, тэдгээрийн харилцан шүтэлцэл хийгээд эсрэг, тэсрэг байр суурийг эрхэм зохиолч тод томруун харуулсан нь олзуурхууштай. Энэхүү номыг унших үед он удаанаар аялсан далайчин эр мэт далайн аялал, халим ангуучлалын маш олон нарийн ширийн зүйлстэй танилцаж, хүний хүсэл зориг гэгч ямар агуу гайхамшигтай болохыг мэдэрч бахаддаг билээ. Бас нэгэн сонирхолтой баримт нь зохиолч Хэрман Мэлвилл энэхүү зохиолоо "The Whale" нэрээр 1851 оны аравдугаар сарын 18-нд Англи улсад маш цөөн тоогоор хэвлүүлж байсан гэдэг.

Шинэ мэдээ