Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Д.Амарбаясгалан: Эрх мэдлийн маш их төвлөрөл бий болгож буй тогтолцоог өөрчлөх үү, үгүй юу гэдэг зааг дээр ирлээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ингэж ярив.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хуулийн төсөлд намын бүлгүүд нэгдэж чадсан уу. Эцсийн байдлаар гишүүдийн тоо нэмэгдэх шинжтэй байна уу?

-Мэдээж хэрэг парламентийн гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд таалагдахгүй байгаа зүйл. Энэ агуулгад өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг нь нарийн ойлголт авсан. Иймээс гишүүдийн тоог дэмжиж байгаа гэсэн дүр зураг байна.

Нэг ёсондоо өнөөдрийн нөхцөл байдлыг бид эм уух байдлаар аргацаагаад явах юм уу аль эсвэл мэс засал хийгээд анагаагаад явах уу гэдэг сонголтон дээр явж байна гэж харж болно. 1992 оны өөрчлөлт шинэчлэлт бол социалист нийгмээс олон намын тогтолцоотой ардчилсан, эрх чөлөөт, эдийн засгийн зах зээлийн нийгэм рүү шилжсэн шилжилт болсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаа бол шилжилтийн цаг хугацаа, түүнээс гарах алдаа дутагдал, үүссэн нөхцөл байдал болгоныг цаашид хараад суух уу, өөрчлөөд явах уу гэдгийг бодож Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийн төсөл. УИХ-ын гишүүд ч бас энэ агуулгаа бодож асуудалд хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мажоритар тогтолцоогоор эрх мэдлийн төвлөрөл болсон 76 гишүүд яваандаа 76 Ерөнхий сайд, дарга болж хувирсан энэ тогтолцоог өөрчлөх үү, үгүй юу гэдэг зааг дээр тулж ирсэн байна. МАН-ын бүлэг эхний хоёр хэлэлцүүлэг дээр тоог нэмж, тогтолцоог өөрчлөх нь зүйтэй. Гагцхүү ард түмэнтэйгээ ярилцаж, ойлгуулах чиглэлд анхаарч ажиллана гэсэн байр суурьтай хандаж ирсэн.

-Үндсэн хуульд МАН эсрэг байр суурьтай байна. Тодруулбал, Ц.Даваасүрэн сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй” гэсэн мэдэгдэл хийсэн. Танхимынхаа байр суурийг сөрөөд байгаа ЗГ-ын гишүүндээ хариуцлага ярих уу. Яагаад эсрэг байр суурь илэрхийлж байгаа вэ?

-УИХ-ын гишүүний хараат бусаар санал өгөх эрхэнд халдах нь зохимжгүй. Гэхдээ ЗГ бол нэг кабинет. Кабинетын гишүүд ардчиллын зарчмаар л ажиллах ёстой. Ардчиллын зарчим бол олонхынхоо шийдвэрийг цөөнх нь дагаж мөрдөх ёстой. Гэхдээ эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Тавдугаар сарын 31-ний өдөр УИХ-ын чуулган хуралдаж, Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Эцсийн үр дүн гарсны дараа эдгээр асуудал ямар түвшинд яригдах нь ойлгомжтой болно.

-Нэг танхим болж ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүдийн хараат бус байдал их чухал. Түүнд аль аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой. ЗГ-ын гишүүний хувьд ЗГ-ынхаа бодлого, шийдвэрийг дагаж мөрдөж байх зарчимтай.

-Сангуудын мэдээлэл ил болсон. Улс төрчдийн оролцоотой байж болохуйц мэдээллүүд их гарч байна. Улс төрчдийн нэр муу байгаа нөхцөлд муу нэртэй хүмүүсийн тоог нэмэх ямар хэрэг байна вэ. 76-уулаа санг тонодог байсан бол, 126-уулаа тонодог болох юм уу гэсэн асуудал яригдаж байна?

-Тоо нэмж байгаа асуудлыг зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Өнөөдрийн байгаа байдлаар хэн нэгнийг харвал ямар ч өөрчлөлт шинэчлэлт энэ нийгэмд гарахгүй. Нийгэм бухимдалтай, ард иргэдэд цаашдаа итгэл төгс амьдрах итгэл үнэмшил хомс болсон энэ цаг үед бид байгаа байдлаар нь орхиод явах юм уу, зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийгээд, дараагийн түвшний хувьсгалыг хийгээд явах нь чухал юм уу гэдгийг улс төрчид анхаарч харах ёстой. Энд хэн нэгэн улс төрчийн эрх ашиг гэж байхгүй. Аль нэг намын эрх ашиг байж болохгүй. Өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн, 21-р зууны чиг хандлагатай, соёл ухамсартай улс төр, нийгмийг бүтээхийн төлөө бид ажиллах ёстой. Үүний төлөө МАН зорьж ажиллаж байна.

-Төсвийн тодотгол дээр кабинет дотроо ярилцсан гэсэн. Цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох зэрэг асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Төсвийн тодотголтой холбоотой асуудалд МАН-ын бүлгийн хурлын дараа тодорхой мэдээлэл өгнө. Өнөөдөр бүлгийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ямар асуудал үүсээд байна вэ. Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдэл цалин, урамшууллыг олгож чадахгүй байна. Энэ мэт асуудлыг заавал ЗГ-ын хуралдаанаар оруулж байж шийдвэр гаргах уу?

-Ковидын эдийн засаг хумигдсан үед төр хэмнэх ёстой гэсэн ойлголт бий болсон. Энэ хууль гарснаар өндөр ач холбогдол өгснийг иргэд мэдэж байгаа. Хоёр жилийн хугацаанд 3 орчим их наяд төгрөгийг хэмнэж чадсан. Хэмнэлтийн хуулийг цаашдаа байнга үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг ярьж байна. ЗГ-ын зүгээс эдгээр саналыг нэгтгээд хаврын чуулганаар багтааж, Төрийн хэмнэлтийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя. Зайлшгүй төрд хийх ёстой ажлуудаа хэмнэлтийн хуулийн нэрийг бариад хийхгүй суугаад байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр амарч, шинэ жил тэмдэглэж, гадуур аялж зугаалж болохгүй гэдгийг нь заагаад өгчихсөн. Харин төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид хүргэхэд үүсээд байгаа хүндрэлийг нь нэмэлт өөрчлөлт байдлаар засаж оруулна.

1 COMMENT

  1. Wow, fantastic blog structure! How lengthy have you ever been blogging for?
    you made blogging glance easy. The overall glance of your web
    site is magnificent, let alone the content material! You can see similar here e-commerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ