Мягмар, 4 сар 16, 2024
17.1 C
Ulaanbaatar

Х.Тэмүүжин: УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр Засгийн газрыг хянах боломж бүрдэнэ

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх тухай асуудал нийгэмд хүчтэй яригдаж байна. Та хуульч хүнийхээ хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх цаг нь болсон гэж боддог. Одоогоос 10 жилийн өмнө л энэ асуудал яригдаж байсан. Миний санаж байгаагаар 2011 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр ажлын хэсэг байгуулах тухай яригдаж байлаа. Тухайн үед манай парламент төлөөллийн танхим, хууль тогтоох байдлаар ажиллаж чадаж байгаа эсэхийг хэлэлцэж байсан. Манайх парламентын засаглал бүхий үндсэн хуульт улс. Парламентаараа дамжуулан улс төрийн зохион байгуулалт хийхийг оролддог, парламент дээрээ түшиглэж ардчиллыг хөгжүүлэх гэж зорьдог. Тиймээс парламент инстуцын хүрээнд хөгжихөд энэ хэт давжаа, цөөн байгаа асуудал нөлөөлж байна гэх асуудал хүчтэй яригдаж байсан. Парламентын гишүүдийн тоог 150 хүргэж нэмбэл 30 жилийн ачааг үүрэх боломжтой.

-10 жилийн өмнө л энэ асуудал яригдаж байсан гэлээ. Яагаад шийдэлд хүрч чадаагүй талаар дэлгэрүүлбэл? 

-Тухайн үед манай Н.Батбаяр гишүүн шинжлэх ухааны тайлбар дээр тулгуурлаж бус бэлгэдлийн шинж чанартайгаар асуудлыг тайлбарласан нь нийгэмд оновчгүй харагдсан. Үүнээс болоод тоо нэмэх нь зөн билгийн шинжтэй болчихлоо гэдэг шүүмжлэл өрнөсөн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид иргэдэд энэ төрлийн мэдээллийг дутуу өгсний гор одоо гарч байна. Асуудлыг үндэслэлтэй, шинжлэх ухаанчаар тайлбарласан ч иргэд ойлгохыг хүсэхгүй байгаа. Манайд иргэний боловсролын түвшин доогуур хэмжээнд байна. Түүнчлэн албан тушаалтнууд иргэдийн саналаар УИХ-ын гишүүн болчихоод “Төрийн төлөө чөмгөө дундартал ажиллаж байна. Эцсийн цамцаа урагдтал би төрд зүтгэж байна” гэх зэргээр иргэдээсээ алсраад, төрд очоод наалдчихдаг. Тэгэхээр УИХ гэдгийг иргэд эрх мэдэлтэй дарга нарын суудаг газар гэж ойлгоод байна. Гэтэл ардчилсан улс оронд парламент гэдэг нь иргэдийн төлөөлөгч суудаг, төлөөллийн ардчиллын хэсэг байдаг. Ерөөсөө ч төр биш. УИХ-ын гишүүд гэдэг төрд тангараг өргөж, төрөөс цалин авдаг хүн биш. Сонгуулиар иргэдээс эрх мэдэл аваад, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоодог, Засгийн газрыг хянадаг хүмүүс. Гэтэл манайхан дундад зууны төрийн маягийн ойлголттой байна. Захиргаа, төрийн аргаар иргэдийг айлгаж, хянах учиртай гэж ойлгодог. Улмаар өөрсдийгөө төрийн түшээ гэж хүртэл нэрлэдэг. Гэтэл Үндсэн хуульд төрийн түшээ гэх ойлголт байдаггүй. Үүний улмаар иргэд төр данхайх нь муу гэж ойлгодог болчихсон байна. Гэтэл УИХ-ын гишүүн төрийн хүн биш байхгүй юу. Харамсалтай нь, гишүүд ажил олгогч нь хэн гэдгийг мартчихсан. Үнэн хэрэгтээ тэдэнд ажил олгогч иргэд шүү дээ. Энэ ойлголтыг нутагшуулаагүйн улмаас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг иргэд төрийг данхайлгаж, албан тушаалтнуудын тоог нэмэх нь гэж хараад байна. Бусад улс оронд энийг төлөөллийг томруулж, сайжруулах гэж байна л гэж хардаг.

-76 гишүүнийг нэмэгдүүлбэл юу өөрчлөгдөх вэ?

-Парламентын гишүүдийг тоо нэмэхтэй холбоотойгоор би дөрвөн өөрчлөлт хүлээж байгаа. 2012 онд л ийм хүлээлттэй байсан. Нэгдүгээрт, парламентын шийдвэр гаргалтад нэг хүний эзлэх жин гэх ойлголт байдаг. Давжаа буюу хэт цөөн гишүүнтэй байгаа тохиолдолд нэг хүн хэт их эрх мэдэлтэй байдаг. Ингэхээр парламентыг хүчтэй, 2-3 хүн бүхэлд нь удирдан чиглүүлэх бололцоотой болчихдог. Тоог нь нэмбэл нэг хүний дарах жин багасна. Ийн шийдвэрт нөлөөлөх жиш багасахаар парламент, УИХ хүчтэй хүмүүс дээр тулгуурлах бус зөв голдирлоор ажилладаг болж эхэлнэ. Улс орны хөгжсөн замналыг харахаар, парламент инстуциараа л хөгжсөн байдаг. Хоёрдох хүлээлт бол, Засгийн газрын хянах чадвар. Хэтэрхий давжаа парламент Засгийн газраа хянаж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийнх нь хамгийн их мөнгөтэй, хамгийн нөлөөтэй, тодорхой тойргуудыг эзэмшчихсэн 20 нь Засгийн газарт давхар дээл нөмрөөд суучихдаг. Ингэхээр УИХ Засгийн газраа хянаж чадахгүй, харин нөмөр нөөлөг доор нь дараагийн сонгуулиар гарч ирнэ гэх зорилгоор Засгийн газраа дагаж гүйдэг болчихсон. Ингэхээр Засгийн газрыг, төсвийг хянах, албан тушаалтнуудын буруу үйлдлийг хазаарлах боломжгүй болчихож байна. Ингэхээр Засгийн газрын хавсарга хуулийн хэлтэс шиг парламент болж хувирч байна. Тэгэхээр тоо нэмснээр Засгийн газраа хянаж чадахуйц парламент бүрдэх байх гэсэн хүлээлт байна. Гуравдугаарт, төлөөллийг чадваржуулах тухай. УИХ-д сууж байгаа гишүүд ард иргэдээс тасарчихсан байна. Англи хэлийг багаас нь сургах тухай агуулга бүхий хуулийн төсөл орж ирсэн. Мөн үеэр өөрийнхөө хүүхдийг 200 мянган ам.доллараар АНУ-д сургаад, багаас нь гадагш нь явуулж гадаад хэл сургадаг хэр нь жирийн иргэд англи хэлтэй болно гэхэд байж болохгүй гээд сууж байна. Тэр хүн хэнийг төлөөлөөд байна аа. Энэ нийгэмд байгаа дундаж ангийг, шинэ залуу үе, шинэ мөрөөдлийг төлөөлөх ямар ч чадваргүй байна. Энэ гажсан төлөөллийг засах боломж нь тоо болон пропорциональ тогтолцоотой хамт орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Сүүлчийнх нь ?

-Дөрөвдөх нь гаднын дарамт. Аль ч тохиолдолд Ерөнхий сайд хийсэн, Засгийн газарт орсон, Монгол Улсын гол шийдвэрийг гаргах гэж байгаа хүмүүс хоёр том хөршийн хамаарлыг мэдэрдэг. Үүнээс гадна өнгөрсөн 70 жил биднийг хянаж байгаад ардчиллын богинохон цонх үед түр холдоод одоо буцаад ашиг сонирхлоо оруулж ирээд, хянахыг оролдож байгаа хойд хөршийн дарамтыг давах хэрэгтэй. Үүний тулд бидэнд ганц л арга байгаа. Тэр нь парламентын засаглал. Парламент нь том, олон намын тогтолцоотой байх юм.

-Сүүлийн хоёр сонгуульд МАН үнэмлэхүй олонх болсон. Танай намыг ирэх сонгуульд хэрхэх бол гэсэн хүлээлттэй байгаа цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндөж байна. Энэ тогтолцоо АН-д ямар байдлаар нөлөөлөх вэ гэвэл та ямар бодолтой байгаа вэ?

-Жижиг 76 гэдэг мажоритарын тогтолцоогоороо одоо сонгууль хийвэл савах юм биш үү, МАН-ынхан 60-70 суудал аваад байхад манайх багадаа 50-60 суудал авах юм биш үү. Хэрэв тэгвэл бид дангаараа засаглаад, Засгийн газраа бие даан байгуулж чадна гэх итгэл үнэмшилтэй хүмүүс манай намд байгаа. Гэхдээ миний бодлоор энэ нь өөрөө монголыг хорлох хорлол байж болзошгүй. Яг ийм итгэл үнэмшилтэй хүмүүс 2012 оны сонгуулийг 2016 онд өөрчилсөн. Гэхдээ бүгдийг эзэмшигч байх гэдэг оролддог бодол санаа монголд ашиггүй байна гэдгийг бид хангалттай харлаа. Хүчээр асуудлыг шийдэх бус ойлголцдог, хамтардаг байх хэрэгтэй байна. Хүч тулгахаас илүү хэлэлцээ хийдэг байдал руу орохгүй бол Монголд ардчилал хумигдаж байна. Ард нь юу байгааг мэдэхгүйгээр ялахын өвчинд автахаас илүү аль нь Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй вэ гэдгийг бодох нь зүй.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухайд таны бодол? 

-Пропорциональ сонгуулийн тогтолцоогоор бид 2012 онд нэг удаа сонгууль хийсэн. Тэр тогтолцоог хоёр удаагийн бүрэн эрхийн хүрээнд үргэлжлүүлсэн бол төлөвших байсан. Пропорциональ сонгуулийн тогтолцоо нь нэгдүгээрт, улс төрийн намуудыг чадавхжуулж, төлөвшүүлдэг. Сонгууль болгоноор худлаа яриад, хүнээ солиод, сонгогчдыг хуураад явах боломжгүй болгодог. Учир нь намд хариуцлага тооцдог тогтолцоо юм. Хоёрдугаарт, нийгэмд аль нам ямар дэмжлэгтэй байгааг бодитоор нь харуулах боломж олгодог.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ