Ням, 5 сар 19, 2024
10.1 C
Ulaanbaatar

Говийн бүсэд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага явагдаж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургууль 2023 оны 05 дугаар сарын 12-16-ны өдөр Өмнөговь аймагт амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Батлан хамгаалахын сайд, Өмнөговь аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний дагуу энэхүү дадлага сургуулийг тус аймгийн 15 сумын иргэдээс томилгоот нэгжийн төлөөлөл, удирдах бүрэлдэхүүнийг болзошгүй цагийн байдалд орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт сургах зорилгоор зохион байгуулсан юм. ЗХЖШ-аас томилогдсон сургалтын бүлэг удирдан явуулсан тус сургуулиар бодит цагийн байдал үүсгэн, томилгоот бүрэлдэхүүн тухайн газар оронд техник, галт зэвсэг, агт морьд, атан тэмээ, орчин үеийн дэвшилтэт технологи дрон зэргийг ашигласнаараа онцлог байв.

Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургуулийн хаалтын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ХЗЦК-ын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр тус аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон бусад албаныхан оролцлоо.

Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2018 онд Монгол Улсын Их Хурлаар Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг батлуулсан нь орон нутгаа хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, түүний бэлтгэлийг хангах талаарх төр, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, хуулийн этгээд, улмаар иргэний хүлээх үүргийг зохицуулснаараа ихээхэн ач холбогдолтой баримт бичиг болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд эхэнд нь онцлов. Тэрбээр “Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, геостратегийн байршил, эдийн засгийн чадавх, боломж зэргээс шалтгаалан төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, нийт иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг хөгжүүлж, бэхжүүлэх нь улс орноо батлан хамгаалах хамгийн оновчтой тогтолцоо гэж үзэж байна. Энэхүү хээрийн дадлага сургалтыг өнгөрсөн онд анх удаа Өвөрхангай аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт стратегийн чухал чиглэлд байрлах тус аймагт зохион байгуулагдлаа. Сургалтын явцаас харахад богинохон хугацаанд томилгоот иргэд маань гүйцэтгэх үүрэгтээ хэрхэн суралцсаныг харлаа. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах сэтгэл дүүрэн байдаг нь ч энэхүү сургалтаас харагдаж байна. Дадлага сургалтыг явуулсан аймаг, сумдын удирдлага, идэвхтэй оролцсон иргэдэд, хуульд заасан үүргээ биелүүлэн дэмжлэг үзүүлэн ажилласан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Өмнөговь аймгийн Засга дарга Н.Сэддорж Цэргийн штабын зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, Орон нутгийн хамгаалалтын нөөцийн бүрдүүлэлт болон тус нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний анги, салбаруудад хуулиар хүлээсэн үндсэн болон бусад үүргээ гүйцэтгэхэд нь тал бүрээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг хэллээ. Үргэлжлүүлэн “Хээрийн дадлага сургалтад оролцсон 15 сумын төлөөлөл нь онц болон гамшиг ослын үед орон нутаг, ард иргэдээ хэрхэн хамгаалан ажиллах талаар их зүйлийг сурч мэдсэн төдийгүй цаашид түүнийгээ бусадтайгаа хуваалцаж, сум орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангахад удирдан, манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өмнөговь аймгийн бэлтгэл үүрэгтнүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, сургагч багш нарт талархал илэрхийлье. Цаашид ч орон нутгийн удирдлагын хувьд хуулийн этгээдүүдийг орон нутгийн хамгаалалтын үед гүйцэтгэх үүрэгт нь бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулахын зэрэгцээ БХЯ, ЗХЖШ, өөрийн орон нутаг дахь Зэвсэгт хүчний байгууллагуудтай улс орноо батлан хамгаалах нэгдмэл үйлсээрээ харилцан уялдаатай ажилласаар байх болно” гэсэн юм.

Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн удирдлагууд Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтад амжилттай оролцсон сумын удирдлага, томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, идэвх оролцоогоороо тэргүүлсэн иргэдийг шагнаж урамшуулсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ