Ням, 5 сар 19, 2024
1.1 C
Ulaanbaatar

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, хоёр дахь хувилбар

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурийн хүрээнд гарч иржээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр парламентын сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй гэж тэд үзсэн байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тогтолцоог хийхийн тулд парламентын гишүүдийн тоо хэд байх ёстой вэ гэсэн судалгааг мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна.

Тэд улс төрийн шинжлэх ухаанд олон улсад хэрэглэдэг хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны куб язгуураар 3,4 сая хүн амтай, газар нутаг томтой Монгол Улсын хувьд 152 гишүүнтэй байх нь зохимжтой гэсэн тооцооллыг хийжээ. Тэдний судалгааг түшиглэн Засгийн газар:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 11 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсугай” гэсэн уг төслийг барьж очсон юм.

Гэвч эрдэмтэн судлаачдын хийсэн энэ судалгаа тооцоолол сонгогчдод таалагдсангүй. УИХ-ын гишүүдийн барьж очсон төслийн УИХ-ын гишүүдийн тоог 100 хувь нэмэх үйлдэлд сонгогчид нэлээд эргэлзжээ. Төрийн байгууллагын орон тоо нэмэх тухай ойлголт сонгогчдын дунд давамгайлсан нь уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ-д суудалтай намуудыг зөвшилцлийн ширээнд суулгасан байна. УИХ дахь улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХНӨ-ийн төслийг хэлэлцээд, "Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” хэмээх хувилбар гаргаж иржээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ)-ийн төслийн дээрх хувилбарын хүрээнд УИХ хоёр дахь хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 19-нд хийлээ. УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2,050,000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан үзүүлэлт юм байна. ҮХНӨ-ийн төсөлд шинээр орж ирсэн “олныг төлөөлөх” (Мажоритар хамгийн олон санал авсан /нийт гишүүний олонх 50+1/, 4/3, 3/2,) гэх ойлголтуудыг салгаж ойлгох үүднээс дээрх оноосон "олны" гэсэн нэр томьёог хэрэглэжээ. Мөн хүн ам  1992 оноос хойш 65,4 хувиар өсжээ. УИХ-ын гишүүний тоог 126 болгосон нь парламентад нэг гишүүн 26970 иргэнийг төлөөлөх тооцоо гарсан гэсэн үг.

Парламентын энэ удаагийн хэлэлцүүлгийн гол цөм нь улс төрийн намуудын жагсаалтаараа нийгэм дэх сегментүүдийн төлөөллийг хэрхэн яаж оруулах вэ гэдэг дээр төвлөрсөн гэж хэлж болно. Энэхүү зөвшилцлийн хүрээнд УИХ-ын гишүүний тоо 126, түүний 76 тойргоос мажоритар аргаар, 50-ийг пропорциональ аргаар намын жагсаалтаар сонгохоор туссан байна. Тухайлбал нийгмийн сегментүүд:

  • залуучууд,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
  • малчид,
  • тариаланч,
  • эмч,
  • багш нарын төлөөллийг яаж багтаах вэ?

Энэ бүхний төлөөллийг намын жагсаалтад оруулах аргачлал, хувь хэмжээг Үндсэн хуульд тусгах ёстой гэж сонгогчид захиа даалгавар өгсөн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлж байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн сегментүүдийг намын жагсаалтад хэрхэн яаж багтаах талаар тодорхой хувь хэмжээ, аргачлалыг зааж өгөхгүй бол УИХ-ын сонгуулийн тогтолцооны өөрчлөлт болохгүй. УИХ-ын 2012 оны сонгуулиар намуудын гаргасан жагсаалт алдаа давтагдах вий гэсэн болгоомжлол хэлэлцүүлгийн явцад үе үе сөхөгдөж байсан юм. Энэ талаар хууль тогтоогчид нэг шийдэлд хүрэх биз ээ. Ер нь ҮХНӨ нь:

  • Улс төрийн намуудын тухай хууль
  • Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль
  • УИХ-ын сонгуулийн тухай хуулиар төгөлдөрших учиртай.

Эдгээр хуулийн хүрээнд:

  • халдашгүй эрх хариуцлага
  • УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах талаар нэр бүхий хуулиудад яаж тусах нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ бүх шийдэл, байрлалаа олсны дараа энэ удаагийн ҮХНӨ эерэг үр дүн үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ парламентад суудалтай намуудын зөвшилцлийн хүрээнд гарч ирсэн ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр гарч ирсэн хоёр дахь хувилбарыг УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд дахин танилцуулж, саналыг нь сонсоно. Тэгэхээр иргэд юу хэлэх, ҮХНӨ хэрхэн батлагдахыг хүлээх үлдлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ