Пүрэв, 5 сар 9, 2024
11.1 C
Ulaanbaatar

П.Энх-Оюун: Монголын татварын албаны бүх үйлчилгээ 100% цахим системд бүрэн шилжсэн

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 24 дэх удаагаа Улс орон даяар цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ өдрүүдийн хүрээнд Монголын татварын албанаас болон Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар болон татварын хувь хэмжээнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тус аймгийн Татварын хэлтсийн дарга П.Энх-Оюунтай ярилцаж, тодрууллаа.

Сур: Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө улс орон даяар тэмдэглэж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн талаар ярилцахаас өмнө иргэдийн орлогоос авах татварыг шатлалтай болгож нэмсэн, мөн хувь хүний дансаар орсон орлого бүрт татвар ногдуулна гэх зэрэг шүүмжлэлүүд явсан.  Энэ тал дээр та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?  

П.Энх-Оюун: Өдрийн мэнд.  Хувь хүнийхээ хувьд аль болох мэдээ мэдээллийн үнэн зөвийг нягтлан үзэж, дүгнэлт гаргахыг чухалчлан үздэг. Иргэдийг төөрөгдүүлсэн, дээрх ташаа мэдээллүүдийг уншсан, харсан танил хүмүүс “дансанд орсон орлого бүрээс татвар авах нь , аав ээж рүүгээ, хүүхэд рүүгээ ч мөнгө шилжүүлбэл, тэд нар бас татвар төлөх болох нь уу” гэх мэтээр хандаж байсан. Ер нь бол сошиал орчинд тавигдаж байгаа мэдээ, мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах шаардлага байгаа гэж харж байна.   УИХ-с баталсан  2022 оны 11 сарын 11-ний өдрийн хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтөөр иргэдийн зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон ажилтаны шууд бус орлогод ногдуулах албан татварын тухайд шаталсан хувь хэмжээг тогтоож өгсөн. Тодруулбал, жилийн 0-120,0 сая төгрөг буюу сарын 0-10,0 сая төгрөг хүртэлж орлогтой иргэдийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогод 10%, сарын 10, жилийн 120 000 001-180 000 000 буюу сарын 10,000,001 төгрөг-15,000,000 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жилийн 12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар татвар ногдуулах гэсэн зарчмаар шаталсан тогтолцоогоор тогтоосон. Энэ шаталсан тогтолцоо нь өөрөө онолын хувьд орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг гэж үздэг учраас  зөв зохицуулалт болсон гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа.

Сур: Татвар төлөгчдийн өдрүүдийг энэ 7 хоногт улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн  хувьд Татварын албанаас ямар зорилт дэвшүүлсэн бол? Энэ талаар болон Говьсүмбэр аймагт энэ өдрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. 

П.Энх-Оюун: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг Татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн тухайд Монголын татварын албанаас дэвшүүлсэн “Цахим татварын алба” зорилтын хүрээнд “Цахимаар үйлчлүүлээрэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой байгаа. Учир нь Монголын татварын албаны бүх үйлчилгээ 100% цахим системд бүрэн шилжсэн бөгөөд татварын албанаас авах үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүйгээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой  болсон учраас иргэд, татвар төлөгч нар маань 100% цахимаар  үйлчилгээгээ авахыг уриалан энэхүү өдрүүдийг цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Говьсүмбэр аймгийн татварын хэлтсээс энэхүү өдрүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлуудыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Боржигдай сэцэн утга зохиолын байгууллагатай хамтран ирээдүйн татвар төлөгчдийн татвар буюу хүүхэд багачуудын татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс тус хэлтэсээс санаачлан 2018 онд бүтээлгэсэн “Тоодойхүү” комикс номын агуулгын хүрээнд ЕБС-н сурагчдын дунд болон аймгийн өсвөрийн сэтгүүлчдийн  “Тоодойхүүгийн аялал” сэдэвт видео контентийн уралдаан, мөн ЕБС-н сурагчдын дунд “Цахим татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдаан, мөн Говьсүмбэр аймгийн оюутанууд болон ПТК-н оюутнуудын дунд “Хариуцлагатай татвар төлөгч” сэдвээр “эссэ” бичлэгийн уралдааныг АЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран тус тус зохион байгуулан ажиллаж байна.

Мөн түүнчлэн, жил бүрийн тухайд тухайн жилдээ төлсөн татварын хэмжээ, татварын тайлангаар ногдсон татварын өрийг хуулийн хугацаанд төлсөн байдал болон бусад шалгуурын дагуу ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ шалгаруулан, орон нутгийнхаа хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулан ажилладаг. Энэ жилийн тухай тус аймагт үйл ажиллагаа явуулж буй 8 хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, 10 хувь хүн буюу татвар төлөгч иргэн шалгарсан. Эдгээр татвар төлөгчдийг 2023.05.12-ны өдөр олон нийтэд зарлан , алдаршуулах ажлыг зохион байгуулах юм.

Эдгээрээс гадна татвар төлөгчдөд чиглэсэн танхимын, ажлын байран дээрх болон цахим сургалтуудыг хуваарийн дагуу явуулж байна.

Сур: Дээр таны ярьсанчлан татварын албаны үйл ажиллагаа бүрэн цахимжсан гэсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэвэл? Тодруулбал, яг ямар ямар үйлчилгээ 100% цахимжсан, иргэд цахимаар авч болохоор байгаа бол?

П.Энх-Оюун: Татварын албанаас үзүүлж буй бүх үйлчилгээ буюу татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах, бүртгэлийн өөрчлөлт хийлгэх, татварын тайлан тушаах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдах, татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх, татварын өр төлбөртэй эсэх, тайлангаа тогтмол хугацаанд гаргадаг эсэх зэрэг лавлагаа тодорхойлолт авах, ногдсон албан татвараа төлөх гэх мэт татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх үйл ажиллагааг цахим татварын системд бүрэн холбож, мөн төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцлүүдийг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр мөн иргэд, татварын төлөгчдийн хувьд татвараа төлөх цаг хугацааг хэмнэх үүднээс арилжааны банкуудын интернэт банкны үйлчилгээг ашиглаад албан татвар төлбөр хураамжаа богино хугацаанд хялбараар төлөх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байгаа.  Жишээлбэл, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэний хувьд банкны интернэт банкаараа орж, татвар төлбөр хураамж хэсэгт тээврийн хэрэгслийн дугаараа оруулаад  2 минут орчим хугацааг зарцуулаад төлөх боломжтой болсон байгаа юм. Мөн, ибаримтын системээр хөрөнгийн татвар, төлбөр хураамжаа төлөх шийдлүүдийг нэвтрүүлсэн. Энэ мэт татварын албанаас иргэдийн авах, татварын албанаас иргэдэд үзүүлэх бүхий л үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Сур: ярилцсан танд баярлалаа.

Шинэ мэдээ