Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Д.Бумдарь: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь математик аргачлалаар ч, эрх зүйн талаасаа ч эрх мэдлийг тэнцвэржүүлэх оновчтой арга юм

Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төсөлд улс төрийн намууд саналаа нэгтгэж, УИХ-ын даргад даруй өргөн барихад бэлэн болоод буй. Тэгвэл хуулийн төсөлд Сонгуулийн холимог тогтолцоог бий болгох, парламентын гишүүдийн тоог нэмэх агуулгыг тусгаж байгаа нь нийгэм, улс төрийн хүрээнд ямар өөрчлөлтүүдийг авчрах талаар судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-ҮХНӨ-ийн төслийг үндсэндээ энэ долоо хоногт багтаан УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэх процессыг хийж эхлэхгүй бол хуульд заасан хугацааны хувьд шувтрах эрсдэлтэй болчихлоо. ҮХНӨ-өөр дамжуулан сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг нь мөн эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр талаас нь тайлбарлах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэж, ҮХНӨ хийгдэж байгаа зүйл учраас цаг үеэ олсон гэж харах ёстой. Тиймээс таны хэлдгээр энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг авч хэлэлцэхгүй бол журмын тухай хуулиараа цаг хугацааны хувьд амжихгүй болох эрсдэлтэй. Намуудын байр суурийг ажиглахад улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэж харагдаж байгаа. Тиймээс нэн тэргүүнд намууд ҮХНӨ-ийг хийх хүсэл зориг бол байна. Нөгөө талаас зөвшилцөлд хүрч чадсан учраас эхний шат одоо явагдана гэж ажиглаж байна.

-Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай гурван намаас ҮХНӨ оруулах замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулгад бүгд санал нэгдсэн шүү дээ. Харин гишүүдийн тоог нэмэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй байх шиг?

-Улс төрийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гарна гэдэг нь тогтолцооны хүрээнд зүй ёсны шаардлага болчхоод байгаа юм. Олон улсын жишгийг харсан ч бид хүссэн хүсээгүй энэ өөрчлөлтийг хийхээс өөр гарцгүй. Сонгуулийн холимог системийг бий болгосноор сонгогчдын санал гээгдэхгүй байх, олон намын систем бүрдэх гэх мэт давуу талууд мэдээж олон.

Парламентын гишүүдийн тоо хэд байх вэ гэдэг асуудалд хүмүүс шууд субьектив байдлаар хандаж байна. Тухайлбал, шууд 152, 76 гишүүн ч гэдэг юм уу. Гэтэл эдгээр тооны үндэслэл нь хаанаас гарч ирж байгаа юм бэ гэдгийг сайн харах ёстой. Хоёрдугаарт, 76 гишүүнийг идэж ууж ядаж байхад нэмээд 76 гишүүнийг оруулж ирж "найрлах нь" гэдэг шүүмжлэл их явж байна. Үүнийг дагаад УИХ-ын одоо байгаа 76 гишүүний жилийн зардал 10 тэрбум төгрөг бол тоо хоёр дахин нэмэгдэхээр зардал 20 тэрбум төгрөгт хүрнэ гэдэг агуулга их анзаарагдаж байгаа. Гэтэл зардлыг томсгохгүй гэдгийг хуульд нийцүүлж тусгаж байгаа шүү дээ.

Жишээ нь, нэг өрөөнд хоёр гишүүн суух боломжтой. Энэ мэт үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэлт хийх талаас холбогдох хуульд мөн тусгасан байдаг. Зардал талаас энгийнээр хэлэхэд яагаад заавал зургуулаа байж тус бүрдээ хооллох ёстой гэж. Гурван хүний хоол дундаа шэйрлэх гэдэг ойлголт байж болно шүү дээ. Тиймээс тоо нэмэгдлээ гээд зардал өснө гэдэг талаас харж санаа зовох нь оновчтой зүйл биш гэж бодож байна.

Хамгийн гол нь яагаад 152 гэдэг тоо гарч ирэв гэдгийг л харах ёстой. Математик аргачлалаараа 150.1 байгаа. Гэтэл өнөөдөр өөр нэг судлаач хэлж байна. Улс төрийн эрх зүйн эрх мэдлийн онол талаас нь харахад тоо их байх нь өөрөө бага тоонд төвлөрсөн эрх мэдлийг салгахад бодит ач тустай гэж үзсэн байна. Учир нь тоо бага байх тусам хуйвалдаан гардаг гэдгийг бүгд мэднэ. УИХ-ын нэг гишүүн 2-3 Байнгын хороонд ажиллаж, хэдхэн гишүүний саналаар чухал хуулийн төслүүд дэмжигдэж эсвэл унаж байгаа нь хамгийн наад захын жишээ.

Нөгөө талаасаа нийгмийн хэрэгцээ шаардлага байна. Судлаачид эрх зүйн социологи талаас нь харж үзэхэд улс төрийн маш олон намууд байдаг хэр нь бүртгэлтэй хоёр нам л сонгууль болгонд гарч байдаг. Тухайн хоёр намаас л сонголт хийх болдог. Бусад намын нэр дэвшигчдийг үл ойшоодог. Төдийлөн хэрэгтэй биш учраас сонгуулийн үеэр хаягдчихдаг. Тиймээс зарим нэр дэвшигчдийг, бүр УИХ-ын зарим гишүүдийг сонгогчид танихгүй байгаа нь үүнтэй холбоотой.

Мэдээж бүгдийг таних албатай биш. Ядаж өөрөө өөрийнхөө төлөө санал авхуулахын тулд тойрогтоо ажилладаг, өөрийгөө таниулдаг. Хийж байгаа ажил нь ил байдаг тийм гишүүнтэй байх нь нийгмийн шаардлага болчхоод байгаа. Энэ утгаараа парламентын гишүүдийн тоог нэмэх нь чухал гэсэн үг. Улс төрийн намуудын хувьд байр суурь янз бүр байна. Гэхдээ би хувьдаа бодоход нэгэнт л тоо нэмэх асуудалд нэгдэж л байгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоонд санал нэгдэх нь чухал гэж үзэж байна.

Намууд намынхаа рейтингийг доош татах хүнийг жагсааж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна

-Сонгуулийн холимог тогтолцоотой боллоо гэхэд намын жагсаалтаар орох нэр дэвшигчдийн асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Захиалгын улс төрчид намаасаа татуулж төрд шургалах гэж байна гэдэг шүүмж ч тасарсангүй. Үнэхээр сонгогчдын дэмжихийг хүсээгүй нэр дэвшигч намын листээр гарч ирэхээс сэргийлэх арга замыг юу байна гэж харж байгаа вэ?

-Нэг давуу тал нь хүйсийн харьцааг харгалзах болж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан тал нь эмэгтэйчүүд байх юм байна гэдэг нь тодорхой. Нэг зүйлд улс төрийн намууд бүгд санал нэгтэй байгаа. Тэр нь намынхаа рейтингийг доош татах хүнийг жагсааж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ мөнгөтэйгөө жагсаалтаар оруулдаг байдал бий болбол бид дахиад энэ холимог тогтолцоог хийх боломжгүй болно гэсэн үг. Тиймээс холимог тогтолцоотой болсноор улс төрийн намууд илүү соёлтой болно. Дагаад улс төрчдийн хариуцлага улам чангарна.

Нэр дэвших хүмүүсээ яаж сонгон шалгаруулах нь намын дотоод дүрмийн асуудал байдаг. Харин Сонгуулийн хуулийн төсөл, Улс төрийн намын хуулийн төсөлд ямар нэгэн дэнчин төлөхгүй гэдгийг оруулж өгсөн байдаг. Энэ утгаараа ил мөнгөний асуудал явагдах боломжгүй болж болж байгаа.

-ҮХНӨ-ийн хуулийн төслийг дагалдуулан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байгаа шүү дээ. Тогтолцооны өөрчлөлтийг цогцоор нь хийх гэж байгаад судлаачийн хувьд ямар байр суурьтай хандаж байна?

- Энэ гурван хуулийг улс төрийн эрх зүй буюу "сэт" хуулиуд гэж хэлж болохоор байгаа юм. Яагаад гэвэл бид зөвхөн нэг талд нь нэмэлт, өөрчлөлт хийгээд нөгөө хэсэг нь хаягдчих юм бол дахиад л гажиг гарна. Энэ утгаараа ямар ч байсан реформын шинжтэй хуулиуд болж байна гэж хувьдаа харж байгаа. Улс төрийн намын тухай хуульд л гэхэд 50 гаруй хувьд нь шинэчлэл хийгдсэн. ҮХНӨ-тэй уялдуулахад баталгаа болгох зүйлүүд нэлээд туссан.

Тухайлбал, 2019 оны ҮХНӨ-ийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дугаар заалтын дагуу нам бол бодлогынх байх ёстой. Санхүүжилт нь ил тод, дотоод ардчилалтай байх ёстой гээд бүх шаардлагыг улс төрийн намын тухай хуульд оруулж ирээд 7 бүлэг 46 зүйлтэй хуулийн төсөл боловсруулагдсан. Үүнд улс төрийн идэвхгүй нам гэж нэг том бүлэг. Төрийн санхүүжилт гэж бас нэг том бүлэг нэмэгдэж орсон. Тэгэхээр дээрх гурван хуулийн төсөл нь цогцоороо реформын шинжтэй улс төрийн эрх зүйн шинэчлэл хийгдэж байна гэж харж болно.

-Эдгээр өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийлээ гэхэд үр дүнд нь дөрвөн жилийн настай сонгуулийн хууль үгүй болж төлөвшинө гэж ойлгож болох уу?

- Иргэд маань нэг зүйлийг үргэлж ойлгох хэрэгтэй. Улс төр үргэлж олон нийтийн анхааралд байж, муу дүн авч байдаг. Учир нь иргэдийн саналыг авч гарч ирсэн гэдэг шүүмжийн гал дандаа л УИХ-ын гишүүдэд очдог. Үүнд эмзэглэх ч шаардлагагүй. Хөгжилтэй болон хөгжингүй, буурай зэрэг бүхий л улс оронд байдаг л хэвийн үзэгдэл. Мэдээж хуулийн реформ хийгдсэний дараа бүх зүйл өргөс асан мэт шийдэгдэнэ гэж байхгүй. Харин өнөөдрийн гажуудлаас гарч чадна. Тиймээс аливаа хуулийг сайжруулж засаж хэрэглэх нь цаашид гарах сөрөг үр дагаврыг бууруулж байдаг гэсэн үг. Сонгуулийн хуулийг байнга өөрчлөхгүй байхын тулд ҮХНӨ-ийг оруулж ирж байна.

Гэтэл нийтээрээ ҮХНӨ-ийг 2019 он хийчихсэн юм чинь найман жилийн дараа хөндөх ёстой гэж буруу ойлгодог. Яг тайлбартаа буюу журмын тухай хуульд "уг үндэслэлийг" гэсэн байдаг. Энэ нь тухайн заалтыг л гэсэн утга. Тиймээс 2019 онд 27 хувьд хийгдсэн нэмэлт өөрчлөлтийн заалтууд руу орохгүй гэсэн үг. Нэгэнт сонгуулийн холимог тогтолцоотой байна гээд батлагдчихвал ямар ч байсан сонгуулийн хууль ирэх найман жилдээ хөдөлгөөнгүй байх н гэж ойлгож болно.

1 COMMENT

  1. Wow, wonderful blog format! How long have you been running a blog for?
    you made blogging glance easy. The entire look of your website is wonderful, as well as the content!

    You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ