Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрхийг баталгаажуулж, түүнийг хамгаалах, эрхийг хангах хугацаа, дараалал, хариуцах этгээд зэрэг үйл ажиллагааг бусад салбар хуулиар зохицуулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн бие даан оролцох нөхцөлийг бүрдүүлэх, аливаа саад учрахаас урьдчилан сэргийлэх, учирч буй саадыг арилгах мөн тэдэнд барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төр, төрийн бус байгууллагад 6 удаа, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг 7 удаа хэлэлцүүлж санал авсан юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийт 60 гаруй байгууллагын 110 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг нээж ХНХЯ-ны яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ЖАЙКА байгууллагын “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао нар үг хэлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ