Мягмар, 5 сар 14, 2024
11.1 C
Ulaanbaatar

Эхнэртэйгээ хардаж, харилцсан зурвасыг нь фэйсбүүкт нийтлээд ял шийтгүүлжээ

Иргэн Б нь иргэн Б-ийг өөрийн эхнэр Т-тай хардан зоджээ. Улмаар гар утсанд нь хадгалагдаж байсан Б, Т нарын харилцсан зурвас зэргийн зургийг нь дарж аваад аймгийн нэгдсэн фэйсбүүк группт нийтэлсэн байна. Үүнийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцжээ.

Шүүхээс Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх гэмт хэргүүдэд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүхээс Б нь Б-ийг зодож, түүний утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авсан. Мөн дээрх зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд түүний зөвшөөрөлгүй мэдээлсний улмаас хувь хүний захидал харилцааны нууц ил болсон. Өөрөөр хэлбэл цахим сүлжээ хэрэглэгчид уг нийтлэлийг хуваалцсан буюу цааш тараасан нь хуульд заасан дээрх гэмт хэрэгт хамаарна гэж үзлээ. Түүнчлэн, Б иргэн Б-ийн гар утаснаас тухайн зурвасуудыг авахаар зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан тул мөн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно гэж үзсэн байна.

Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.

Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хувь хүний нууц ил болсныг тус тус ойлгодог.

Энэ тохиолдолд Б нь иргэн Б-ийн захидал харилцааны нууцыг зөвшөөрөлгүйгээр нийтэд задруулсан нь хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, захидал харилцааны нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож эрүүгийн ял шийтгүүлжээ.

Хураангуйг бэлтгэсэн: ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор

Шинэ мэдээ