Пүрэв, 5 сар 2, 2024
16.1 C
Ulaanbaatar

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулбал баримттай үлдэнэ

Энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг өөрчлөн батлах нь тодорхой болж байна. Бид Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэмэр болох санаануудыг цувралаар дэвшүүлэн гаргаж байгаа билээ. Өмнөх нийтлэлдээ Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё гэж бичсэн юм. Фэйсбүүк, твиттерийн хоёр том урсгалаар манай улстөрчид сурталчилгаагаа хийдэг, жил гаруйн дотор нэг хүн 100-гаад сая төгрөгийн сурталчилгаа цацуулсан талаар бичээд дотоодын улстөрийн үйл явдал, сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байя гэсэн үзэл санааг гаргасан юм.

Мэдээж, улстөрийн сонгуулийн хамгийн чухал зүйл бол сурталчилгаа. Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа энэхүү сурталчилгааг хэрхэн яаж хийх, хаагуур яаж дамжуулан сонгогчдодоо хүргэх талаар гойд анхаарч үзэх хэрэгтэй байна. Шуудхан хэлэхэд сонгуулийн сурталчилгааг сониноор голлон хийх нь хамгийн бодит баримт болж үлдэнэ. Өдөр тутмын сонинд ярилцлагаа гаргаж, хийх ажлаа сурталчлуулна гэдэг нэр дэвшигчийн хувьд нэр төрийн баталгаа юм. Сонгогчдод ч итгэл үнэмшил төрүүлнэ. Хамгийн чухал нь өдөр тутмын сониноор сурталчилгаа явуулах нь нийтэд хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр тухайн өдрийн сонин бүхий л номын сан, судалгааны байгууллагуудад архивлагдан хадгалагддаг. Сонины өөрийнх нь архивт цахим болон цаасан хэлбэрээр үлддэг. Нэг үгээр хэлэхэд сонинд сурталчилгаагаа гаргахад үрэгдэж алга болохгүй. Хувь хүмүүс ч өнөө сонины хуудсыг аваад ном завсар хийгээд хадгалчихна. Овор хэмжээ бага гэсэн үг. Дөрвөн жилийн дараа сонгогчид өнөө сонинг сугалж гаргаж ирээд л сонгосон гишүүнээсээ, намаас нь амлалтыг нь асууж болно. “Та ингэж ярьсан байна. Энэ биелсэн үү” хэмээн ам асуухад сонин үнэхээр бодит баримттай юм. Тухайлахад “За танай нам дөрвөн жилийн өмнө татвар нэмэхгүй гэж мөрийн хөтөлбөртөө оруулж байж. Мөрийн хөтөлбөрийн хамгийн гол заалт татвар өөрчлөхгүй гээд нэр дэвшсэн гишүүн Та үүнийг тайлбарлан ярьжээ. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр татвар ингэж ингэж нэмэгдлээ. Үл хөдлөхийн татвар өслөө, бүр хотын төв рүү ороход татвар төлөх шинжтэй болж байна. Худлаа гэвэл энэ сонингоо хар” гээд баавартай асуугаад сууж байх нь. Цахимаас бол та юм хайгаад амар олдохгүй, тв нэвтрүүлэг үзье гэхэд тэгж санасны зоргоор гарын дор байж байдаг зүйл биш. Өдөр тутмын сонин бол өвгөртөл чинь хамт байж, нэр дэвшигчдийн амлалтыг сануулан сануулан дэрэн доор чинь байж байдаг.

Сонгуульд нэр дэвшигчид цахимд сурталчилгаа түлхүү гаргах хандлагатай байдаг. Сонгогчид хоёр жилийн дараа цахимд өнөө ярьсан хэлсэн зүйлийг нь хайхад зэрэглээ төдий л харагдана. Гурван жилийн дараа гэхэд бүүр харагдахаа ч болино. Судалгааны хэдэн байгууллагад л бүрэн эхээрээ хадгалагдана уу гэхээс ард түмэнд бол хүртээлгүй болдог. Цахим хувилбарт засвар хийдэг, устгадаг гээд яаж л бол яаж өөрчлөх боломж байдаг. Харин сонин бол өөрчилж ч болдоггүй, устгаж ч дийлэхгүй, яг ярьсан хэлснээр нь хадгалж байдаг баримт юм.

Сонгуулийн сурталчилгааны зардал маш өндөр байдаг талаар яригддаг. Аргагүй юм. Нэр дэвшигч бүр ухуулагч ажиллуулна. Түүнтэйгээ зэрэгцээд тус бүр зузаан сэтгүүл, сурталчилгааны сонин гарган хэдэн зуун мянган ширхэгээр хэвлүүлж тараана. Сайтуудаар баахан мэдээ гүйлгэнэ. Телевизээр төлбөр төлж ярина. Ингээд нэмэхээр төлбөр тооцоо нь талийхгүй яадаг юм. Ингэж байхаар гол сурталчилгаагаа нэр хүндтэй өдөр тутмын сонины хойморт залрангаа хийж, түүнээсээ илүү хэвлүүлж авах нь хавьгүй хямд зардал гардаг гэдгийг тэр бүр мэддэг болов уу.

Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа сонгуулийн сурталчилгааны талаар ингэж гойд анхаармаар байгаа юм. Цахим сайтуудаар, телевиз, радиогоор сурталчилгаа явуулах нь нэр дэвшигчийн сонголтын асуудал. Явсаар ч ирсэн. Гэхдээ цахим орчин огт өөр тойргийн сонгогчид түүнийг нь үзсэн бол ямар үр дүн гарах вэ. Жишээ нь, Хан-Уулд нэр дэвшигчдийн мэдээллийг Чингэлтэйн иргэн үзээд нэмэргүйтэй адил юм. Өрсөлдөгчийнхөө цахим сурталчилгааны мэдээлэлд ийм тохируулга хийгээд сууж байдаг бүхэл бүтэн баг ажиллуулдаг хүмүүс бий. Телевизийн сурталчилгааны яриаг болохоор үзэгчид алгасах, гүйлгэх тохиргоон дээрээ тавьчихдаг гэхэд болно. Нэр дэвшигч өөрөө, түүний гэр бүл, садан төрлийнхөн, сурталчилгааны багийнхан нь л дуустал сонсох нь үнэн билээ. Харин өдөр тутмын сонин бол хэзээнээсээ л бодлого, агуулга тээж уншигчдад хүрдэг болохоор хавьгүй итгэл үнэмшилтэй байдаг юм. Сонинг эхний удаа уншихгүй байсан ч маргааш нь өөрийгөө сануулсаар ширээн дээр чинь байж л байна. Босон суун, хэвтэнгээ, хоолоо идэнгээ, бүр уйдахаараа аль нэг хуудсыг нь эргүүлсээр байгаад уншаад дуусгачихна. Зөвхөн нэр дэвшигчийн ярианаас гадна зэрэгцээд олон төрлийн бодит мэдээлэл сониноор түгдэг болохоор түүнийгээ унших гэж сонингоо хаялгүй байлгаад байдаг юм. Сонирхуулаад нэг зүйл бичихэд, цахим орчинд гарсан зүйлс дийлэнхдээ баталгаагүй байдаг болохоор хүмүүс эх сурвалж болгохоосоо эмээдэг. Цахимаас эш татаад ярьсан зүйлс буруудаад ирэхээр цахим нь дороо устгачихдаг. Түүнээс эшилж ярьсан хүн нь худалч болж үлдэнэ. Ярьж байгаа зүйлээ нягталж шалгадаггүй нимгэн мэдлэгтэй, хямдхан харагддаг. Тиймээс олны дагадаг имплюсерүүд, мэргэн цэцэн зүйл бичдэг эрхэмүүд өдөр тутмын сонин эргүүлж бичих санаагаа олж авдаг юм. Сайтууд, телевизүүдийн гол эх сурвалж ч сонин байдаг. Гэхдээ юу гээд л тэд үүнийгээ зарлаад байхав. За энэ ч яахав.Сонгуулийн хуульд сурталчилгааг анхаарах талаар манай сонин ингэж цувралаар бичээд байгаа нь нэр дэвшигч болон сонгогчдын хоёулангийнх нь тусын тулд юм. Өнгөц харвал өдөр тутмын сонинг онцолж байгаа мэт боловч үзэл санаа, бодлого, агуулга тээж явдаг тогтмол хэвлэлийн үнэ цэнэ, нийгэмд үзүүлдэг нөлөөллийг нь л харуулах гээд байгаа хэрэг. Өдөр тутмын сонин дээр гарсан нийтлэл, ярилцлага өнөөдөр ч, маргааш ч бүр жил, сарын дараа ч уншигдсаар байдаг. Түүнээс салаалсан яриа, эшлэл, жишээнүүд яригдсаар, бичигдсээр нэг, хоёр бүр гурван жилийн дараа төрийн бодлогод тусгагдчихсан явдаг. Үзэл санааг ингэж түгээдэг билээ. Мөн цаг хугацаа нисэн өнгөрч, юм бүхэн өтөлж өвгөрч хувирлаа ч нэгэн цагт хэлж ярьсан бүхэн чинь өдөр тутмын сонин дээр түүх болон үлддэг, баримт болон мөнхөрдөг гэдгийг сануулах гэснийх.

Г.Гэндэндарам

Шинэ мэдээ