Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАЗАХ ТҮМЭНД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхис болон гадаадын орнуудад амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг цагийн эхэн, урин хавар айлчлан ирдэг хэмээн үзэж, казах түмэн Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн сайхан түүхтэй билээ.

Наурыз баярыг 2009 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д анх бүртгэсэн.

Мөн түүнчлэн 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр хуралдаанаар Наурызын баярыг “Олон улсын баяр” хэмээн үзэх шийдвэр гаргасан нь энэхүү баярын утга учир, ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Манай казах түмэн хишиг буян, өлзий дэмбэрэлтэй бүхнийг жилийн эхнээс үүдэлтэй хэмээн үзэж, Наурызын баярын өглөө эртлэн босож, ургах нарандаа мэхийн ёсолж, тэнгэрийн өнгийг шинжиж, тэр жилийнхээ төлөв байдлыг тольдон ажиж, ажил үйлсээ тохируулан, ерөөл бэлгээ өргөж ирсэн өнө эртний уламжлалтай билээ.

“Санаа зөв бол заяа зөв” хэмээх монгол ардын сайхан үг бий.

Манай казах түмэн эрт үеэс Наурызын баярыг угтан айл өрх, хотол түмнээрээ ажил үйлсээ гүйцээж, буруу бүхнийг тэвчин, хуучин гомдлоо тайлж, сэтгэлээ ариусган, итгэлээ тэтгэж, гэр бүл, садан төрлөөрөө хол ойроос хуран цуглаж, учран золгодог сайхан уламжлалтай.

Өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, улиран одож буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн цэгнэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан заншилтай.

Энэхүү баярын өдөр казах түмэн маань морь уралдуулж, тулам булаалдаж, үе тэнгийн залуус хөгжилдөн наадаж, “Жороо хар” бүжгээ бүжин баярлаж, өв соёл, үүх түүхээрээ бахархдаг билээ.

Та бүхэн урин хавартай учран золгож буй баярын энэ өдрөө эдийн дээдээр гоёж, идээний дээжээ хүртэж, үгийн сайныг ерөөн хэлэлцэж, ахас ихсээ хүндлэн дээдэлж, өргөн олноороо цэнгэн наадаж, өв соёл, үнэт зүйлсээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, заан сургаж буйг харахад сайхан байна.

Он цагийг өртөөлөн уламжилж ирсэн энэ сайхан баярын өдөр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдэн Монгол төрийн эрхэм дээд шагнал хүртсэн алдартнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Та бүхний үе үеийн үлгэр дуурайл болсон алдар гавьяатнуудын бахдам түүх, бахархам амжилтыг залуу хойч үе залгамжлан үргэлжлүүлж, эх орон, ард түмэндээ эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрөөрөө онцгой хувь нэмэр оруулна гэдэгт Төрийн тэргүүн итгэл төгс байна.

Аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж, хөөр баяраар халгин цалгиж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн Наурызын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэн хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

“Наурыз-2023”  баярын ёслолд оролцогчид баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх аймгийн өндөр настан, Монгол Улсын гавьяат эдийн засагч З.Ширханы гэрт зочлов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ