Бямба, 5 сар 18, 2024
17.1 C
Ulaanbaatar

Тэгэхээр саарал усны крант нь хаана байна вэ? сайдаа

Өнгөрсөн даваа гаригт "Автомашин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглоно" хэмээн БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн ил шийдвэрийг гаргаж байсан. Гэвч дэд бүтэц нь байхгүйн улмаас цуцалж байжээ. Тэгэхээр шууд хориглохоор машин угаалгын бизнес эрхлэгчид хүнд байдалд орох бололтой. Тэгэхээр саарал усны крант нь хаана байна вэ? сайдаа.

Иргэдийн зүгээс энэхүү шийдвэрийг "Манай улсад саарал усаа ашиглах боломж бололцоо хомс гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Саарал ус ашиглах хангамжийг нэмэгдүүлэх процессийг бий болгохын тулд дахин хэд хэдэн тендер зарлаж “мөнгө угаах” боломж эрх мэдэлтнүүдэд гарч байгаа юм биш үү" гэх мэтчилэн сошиал хуудсандаа постлож байна.

Харин Машин угаалгын газрын удирдлагуудын байр суурийг хүргэхэд:

Зүмбэр авто угаалгын захирал Д.Төрболд “Авто угаалгын газар ажиллуулж байгаа хүний хувьд саарал усыг гаргаж авах, цэвэрлэх байгууламжийг ямар норм дүрэм журам, стандарт барих нь тодорхойгүй байна. Тэр технологийг хаанаас яаж оруулж ирж суурилуулах гэх мэт тодорхойгүй асуудлууд олон байна даа. Авто угаалгын газруудыг ашигласан усаа дахин боловсруулж саарал ус хэрэглэх талаар ярьж байгаа нь зөв. Цэвэр усны нөөц жилээс жилд багасч байгаа болохоор бид ч гэсэн аль болох байгаль дэлхийд хор хөнөөл багатайгаар үйл ажиллагаагаа явуулах талаар бодож байна. Хэрэв энэ тогтолцоонд шилжиж чадвал нэгдүгээрт, усны төлбөрөө багасгах, хоёрдугаарт цэвэр усны хэрэглээг хэмнэх гэх мэтчилэн олон давуу тал байгааг ойлгож байна. Гэхдээ бидэнд энэ тогтолцоонд шилжихийн тулд хэрхэн яаж гэдэг гарц гаргалгаа, шийдэл нь алга. Биднийг саарал ус хэрэглэ гээд байгаа боловч ямар замаар, ямар технологи ашиглаж, ямар дэмжлэгтэйгээр ийм алхам хийх нь бүрхэг байна. Яг ийм сайн жишээг нэвтрүүлсэн газар манай улсад одоогоор алга. Сайн жишээн дээр тухайлбал “Мөнх хада” гэх газрын туршлагыг ярьж байна. Гэтэл тухайн газрын нэвтрүүлсэн тоног төхөөрөмж нь 40-50 мянган ам.долларын өртөгтэй байх жишээтэй. Ийм хэмжээний өртөгтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх санхүүгийн чадамжтай авто угаалгын газар манай улсад байхгүй. Цэвэр усыг саарал ус болгох технологийг нэвтрүүлэхийг оролдож байгаа 2-3 газартай очиж танилцахад саарал ус болгож чадахгүй байна. Энэ талаар эзэд нь ч хэлж байсан. Үнэр гэж авах юм байхгүй. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээтэй байна. Үйлчлүүлэгчид тийм усаар машинаа угаалгахгүй гэдэг.
Гэтэл дээрх хоёр компани 4.5-10 сая төгрөгийн үнэ бүхий технологи оруулж ирсэн байгаа юм. Гэтэл энэ нь хүссэн үр дүнг үзүүлэхгүй байгаа учраас энэ хэмжээний мөнгийг салхинд хийсгэснээс ялгаагүй боллоо. Мөн MCS компани цэвэр усыг саарал ус болгосон сайн туршлагыг авто угаалгын газар ажиллуулдаг бидэнд танилцуулах нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Тус компани өдөрт 400-500 куб метр ус хэрэглэж байгаа. Гэтэл авто угаалгын газрууд өдөрт нэг куб метр ус ч хэрэглэдэггүй. Манай авто угаалгын газар ачааллаасаа хамаараад өдөрт ихдээ 50-60 машин, багадаа 20-30 машин угаадаг. Өдөрт хамгийн ихдээ дунджаар 1-1.5 тонн ус хэрэглэдэг. Арав гаруй жил авто угаалгын салбарт ажиллаж байгаагийн хувьд хамгийн томд тооцогдох угаалгын газар ихдээ 2-3 тонн ус хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг куб метр цэвэр ус хэрэглэсний төлбөрт 1350 төгрөг төлдөг байсан бол сая 1580 төгрөг болсон. Харин бохир ус хэрэглэсний төлбөр нэг метр куб нь 2050 төгрөг төлж байна. Манай угаалгын газар төвийн шугамд холбогдсон цөөн тооны угаалгын газруудын нэг. Тэгсэн мөртлөө цэвэр усаа яаж саарал ус болгож дахин ашиглах гарц, шийдлээ олж чадахгүй байна. Харин граж, подвольд үйл ажиллагаагаа явуулдаг, төвийн шугаманд холбогдоогүй, түрээсийн жижигхэн авто угаалгын газруудад энэ асуудал хэрхэн тусч, яаж биеллээ олохыг төсөөлөхгүй байна. Энэ тал дээр төрийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмж оруулж ирэхээс нааш энэ асуудалд төгс шийдэл олдохгүй байгаа бол төр, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахаас өөр аргагүй. Та хэдэн жилийн зайтай хөнгөлттэй зээлийн нөхцөлд хамрагдаад тэдэнд жилийн дотор төлнө гэх мэтчилэн дэмжлэгийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй” гэж байв.

Мөн Сансар авто угаалгын захирал Ж.Болбаатар хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй авто угаалгын газар бий. Үүнээс 104 нь Ус сувгийн удирдах газарт харьяалагддаг. Тус газарт өөрт хамаардаг эдгээр газрууддаа хяналт сайн тавьдаг. Үлдсэн газруудаа хаячихдаг. Усыг зүй зохистой хэрэглэхгүй байгаа асуудал тэнд л байгаа. Цэвэр усыг ашиглаад гарсан хаягдал усыг нь саарал ус болгож дахин ашигладаг болохын тулд олон сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэй. Энэ бол өндөр технологи. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын газруудын 10-20 нь өөрсдийн хөрөнгөөр энэ систем рүү шилжлээ гэхэд үлдсэн газруудыг нь зээл тусламжинд хамруулахаас өөр арга байхгүй. Машин угаалгын газрууд хүн харахад ус их хэрэглэж байгаа мэт харагддаг боловч, тоосруулдаг учраас бодит байдал дээр нэг машин угаахад 50-80 литр ус хэрэглэдэг. Тэгэхэд хоногт тонн орчим ус хэрэглэдэг. Гэтэл айлын жорлонгоос ус зогсоо зайгүй алдахад хоногт 10 тонн ус гоождог. Тэгэхээр зөвхөн авто угаалгын газрууд цэвэр усаа хэмнэхээс илүү хүн бүр хэрэглээндээ анхаарах нь зүйтэй. Саарал усыг хэрэглэхэд эсэргүүцээд байх зүйлгүй. Хамгийн гол нь аргаа олохгүй, тоног төхөөрөмжөө шийдэж, хөрөнгө оруулалт хийж чадахгүйдээ л гацаанд орчхоод байна. Саарал усаар машин угаах талаар сурталчилж өгөх нь зүйтэй.

Харин саарал ус ашигладаг болвол гараар угаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Тиймээс техникээ сайжруулах хэрэгтэй. Ийм техниктэй болохын тулд 100-150 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс төрөөс хөнгөлттэй, урт хугацааны зээл олгох талаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ бол үнэгүй, тусламжаар юм авах гэсэн ойлголт биш. Ингэж авто угаалгын газруудаа дэмжихгүй л бол шийдэгдэх асуудал биш. Энэ асуудлаа шийдэхийн тулд авто угаалгын газруудын тоог цөөлөх ёстой. Ингээд ашигласан усаа саарал болгодог, саарал усаар автомашин угаадаг тоног төхөөрөмж нэвтрүүлсэн газруудаа нийтээрээ дэмжих хэрэгтэй” гэж байв.

Шинэ мэдээ