Бямба, 5 сар 4, 2024
15.1 C
Ulaanbaatar

Бөмбөг шаланд ойгоод таазанд тулдаг юм аа...

Энэ бол

Яслид соскоо хуваасан

Цэцэрлэгт тоглоомоо булаацалдсан

10 жилийн ангийн найз, волейболын багийн хамтрагч, нэг лагерийн андын минь түүх.

Өнөөдрөөс 10 жилийн өмнө буюу 2013 оны хавар. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заал.

Бөмбөг шалыг хавсарч хүчтэй цохисон чимээ заалан дотроос цуурайтаж, хөгжөөн дэмжигчдийн уухайн дуу нүргээнтэнэ. Энэ нүргээн дундаас “Нэгээр хоёроор илүү илүү 11а” хэмээн орилох нь содон. Таван бүсийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Орхон суманд болж байгаа нь энэ. Бөмбөг тор даван орж ирэхэд Төрөө холбон тоглогч Баяка руу дамжуулав. Баякагийн гарт бөмбөг хүрэхтэй зэрэгцэн Сүхээнээ метрээр цохихоор гүйлээ. Хаалтны арыг Энхжин авахаар зургаагаас урагшлав. Баяка эргэлзэх зүйлгүй их тал буюу Оогий руу бөмбөгийг холболоо.  Эсрэг багийн хоёрдугаар байрлалын тоглогч Оогийг хаахаар урагшиллаа. Энэ үед Оргио тавдугаар байрлалаас Оогийгийн дөрөвдүгээр байр руу нөхөж урагшлав. Оогий хурдтай тэсэрч эсрэг багийн хаалт торноос гарахаас өмнө амжиж хүчтэй цохилт хийлээ. Түүний цохилт шаланд ойн таазанд тулав. Заалан доторх үзэгчдийн хашгираан сургуулийг доргиож байлаа. Ийн Орхон сумын өсвөрийн шигшээ баг Орхонтуул сумын багийг ялж аваргалав. “Нэгээр хоёроор илүү илүү”. Тиймээ энэ бол манай ангийн уриа. Төгсөх ангидаа Орхон сумаа төлөөлөн манай ангийнхан таван бүсийн аварга баг болсон юм. Волейболчин ах нарынхаа бөмбөгөнд гүйж, хашааны наана цаана гарчихаад өвөл зун, өдөр шөнөгүй тоглодог бидний хүүхэд нас иймэрхүү л байсан даа.

Тэмцээний дараачаас Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж эхэлсэн юм. Нэг өглөө сэрээд цаг харсан чинь хичээлд явах цаг нэлээд өнгөрчихсөн байдаг юм байна. Гялс хувцсаа өмсөөд гэрээсээ чавхдаад гарлаа. Мэдээж нүүрээ угаасан нь лавтай... гараад гүйж байтал “Амка хамт дээшлье” гэх сонсогдов. Эргээд хартал Оогий шогшоод ирж байв. Ингээд сургуулийнхаа хаалгаар амьсгаа дээртэй ортол үүдэнд ангийн багш Ганхуяг ташаагаа тулаад, бид хоёрыг хүлээгээд зогсож байх нь тэр, “Та хоёр чинь сургууль соёл төгсөх гэж байгаагаа мэддэг юм уу” гээд шилэн хүзүү рүү нэг сайн хуслаа. Бас өшиглөлөө, өшиглөхтэй нь зэрэгцээд үсрээд анги руугаа орчихлоо. Ингэж л зугтахгүй бол чихдэнэ, залгуулаад кульказдана, энэ муу биед чинь бүтэн юм үлдэхгүй. Олон жилийн туршлага надад бас байна. Багш араас хөхрөөд “За хичээлээ сайн хийнэ шүү, хоёроо” гээд үлдлээ.

Манай ангийнхан хичээлд суухад бэлэн. Суудлаа эзэлжээ. Бүр математикийн шалгалт авахаар боллоо. Оогий ширээн дээрээ очоод тухлаад суучихав. Би түүн рүү толгой дохилоо. Оогий бол мат талдаа дажгүй сурлагатан. Сэргэлэн гэж жигтэйхэн, амьдралын ухаан айхтар. Ахлах ангид ороод ангийн эрчүүлийн ихэнх нь цүнх үүрэхээ болив. Ерөнхий дөө Оогий бид хоёр л.... Би гэдэг хүн өмднийхөө урд дэвтэрээ хавчуулчихаад л яваад байна. Гэм нь балаа гээчихээд болдоггүй. Оогий нэгэнтээ “Чи гэдсэндээ хийж байхаар хуулиад ханцуйн дотроо хийчихэж байгаа ч, тэгвэл ядаж балаа хаяхгүй” гэж учирлав. Ер нь Оогийгийн сэргэлэн зан манай ангийнхний аминд их орсон. Яасан гэхээр тэр жил намрын ажлаар төмсөнд явж байв. Бүрэнхий болоход төмсөө ачаад Орхоны төвийн зооринд хийхээр болов. Портерийн кабинд дөрвөн хүн багтах юм байна гээд Оогий, Энхжин, Баясаа, Баяка дөрвийг аваад явлаа. Портер жолоодож явсан нөхөр нь нэлээд балгадаг байсан бололтой юм. Сумын төв оронгуутаа нөгөө хэдийг портертой нь үлдээчихээд яваад өгчихөж. Тэгээд шөнө дунд нэлээд дэгэн догонтсон нөхөр ирээд тэд буцжээ. Голын хажуугаар явж байгаад жолооч нөхөр зүүрмэглсэн юм уу яасан юм, голын эрэг рүү давхиад орчихож, аз болж бургасан дээр портер нь тогтчиж. Хаалгаа онгойлгоод хартал айхтар эрчтэй, эргүүлгэтэй голын урсгал машин доогуур урсаж байв. Оогий тэр хэд кабинаар дамжин тэвшин дээр гараад нэг юм амь аврагджээ. 10 сарын дундуур шөнө дунд гэдэг бол айхтар жавартай хүйтэн үе билээ. Манай дөрөв осгож үхэнгээ алдсан байгаа юм. Очих газар нь наанадаж 20-иод км-ийн зайтай. Замдаа хөлдөж үхэж магадгүй нөхцөл байдалд оров. Гэтэл Оогий “Түрүүн төв орж явахад энүүхэн толгодын орой дээр хадлангийн бригад харагдсан. Тийшээ явъя” гэж хэлээд дагуулаад явжээ. Хадланчид дээр очоод ярьж хөөрж байгаад нэг портерт хонохоор болсон гэнэ. Тэр портерт ерөөсөө хоёр хүн багтахаар зайтай. Ингээд мань нөхдүүд  ээлжилж унтахаар болжээ. Хоёр нь унтаж байхад хоёр нь өвс шиднэ. Энэ мэтчилэнгээр ээлжилсээр үүр цайлгасан байна. Маргааш өглөө нь ангийнхан төмс буулгахаар явсан дөрвөн залуудаа санаа нь зовоод балрав. Гэтэл уулын хяраар манай дөрөв алхаад ирж байгаа нь харагдлаа. Ангийнхан үсэрч, цовхчон дэлхийн дайнд ялаад эсэн мэнд ирсэн баатруудаа угтаж авч байгаа аятай л баярлацгаав. Харин манай дөрөв дайнд ялсан баатрууд шиг таахалзаад л мөрөө хөдөлгөн, хамраа мушилзуулсаар ирлээ. Дайны түүхээ хуваалцаж байгаа аятай ангийнхнаа тойруулаад энэ түүхээ бидэнд ярьсан юм.

Манай Оогийгийн сум орон нутгаа гэсэн сэтгэл үнэхээр бахдам билээ. Сургуулиа тараад гэрийн зүг явахдаа бид хоёр хүсэл, мөрөөдөл ирээдүйн зорилгоо их ярилцдаг байсансан. Ийм мундаг хүн болно, ингэнэ, тэгнэ гэж их ярина. Гэхдээ ярих болгонд ганцхан зүйл давхцдаг байв. Тэр нь “Том болоод баяжвал сумандаа спорт заал барих”. Хаана барихаа ярилцана, хэдэн хүний суудалтай, ямархуу хэмжээтэй байхав гээд л. Сум орон нутгаа яавал хөгжүүлэх үү гээд  бодлогын төвшний юм ч ярина шүү дээ. Сумын спорт заалыг Цэцэрлэгийн зүүн урд хоосон том талбай дээр барихаар тохиролцов. Тэрүүгээр өнгөрөх дөө хогийг нь түүнэ, хэмжиж үзнэ. Тэгээд  хичээл амраад бараг сар орчим хугацаанд бид хэд тэмцээнд явлаа. Нутгаа санасан амьтад буцаад иртэл сум маань их өөрчлөгдсөн байлаа. Оогий бид хоёрын спорт заал барина гэж мөрөөдөж ярьдаг байсан газарт маань томоос том хашаа баригдчихсан, хоёр давхар хаус сүндэрлэсэн байв. Энхбаатар ахынх хүнсний дэлгүүр нээчихжээ. Бие биенрүүгээ хараад нэг их гүнзгий санаа алдсан даа.

May be an image of 14 people

Эхэлснээ гүйцээхэд элсэлтийн шалгалтаа манай ангийнхан амжилттай өгсөн. Математик  дээрээ Оогий надаас 200-гаар илүү оноо авсан. Тэрээр ажил мэргэжилдээ гойд сайн гүйцэтгэлтэй, амьдралын ухааны ойлголт айхтар гүнзгий хөгжсөн. Уулзахаараа ихэнхдээ надад зөвлөнө, сургана. Хөгшөөн ингэвэл зүгээр, мань нь ингэж мөнгө хураагаад ийм машин авлаа. Ажил дээрээ хүмүүстэй ингэж харьцвал зүгээр гээд л. Заримдаа уурлаж хэлнэ. Заримдаа ёжилж хэлнэ. Хэлсэн үг бүрийнх нь цаана ямарваа нэг агуулга нуугдаж байдаг найз минь.

Тэрээр цэрэгжилтийн спортын мастер, Волейболын спортын мастер, төмөр замын авъяслаг залуу ажилтан. Эрхэлсэн ажил, эхлүүлсэн зүйлсээ тултал нь хийдэг нь миний найзын авууштай чанар. Хоёр жилийн өмнө хүзүүндээ гэмтэл авч, одоогоор бие нь мэдээгээ алдаж, хэвтрийн байдалтай байгаа. Гэхдээ тамирчин хүний сэтгэлзүйн хат гэдэг гайхалтай юм билээ. Дайчин, сэргэлэн, ухаалаг найз минь амьдралын ямар ч даваа, шалгуурт толгой бөхийхгүй урагшаа харж байна. “Амка найзад нь нэг ийм ажлын санаа байна. Урт юм бичих гэхээр гар болж өгөхгүй юм. Хоёулаа хамтраад хийх үү”, “Одоо байшиндаа гоё шкаф авч тавинаа, тавилгын дэлгүүр мэдэх үү”, “Нэг ийм газар  гэрээ байгуулаад сошиал марктингаа хийлгэе гэж байна” гээд л ярьж байгаа зүйлс нь ямар хүчирхэг хүн бэ гэдгийг нь харуулдаг. Босоод алхдаг ихэнх залуусаас илүү амьдралын төлөө тэмцэж, амьдралаа босгож байгаа миний найз. Удахгүй хөл дээрээ босоод амьдралын энэ хүнд шалгуураа давж чадна гэдэгт нь итгэж байна.

Ангийн найз Баярхүүгийн Амартүвшин

Шинэ мэдээ