Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Хүнсний хувьсгал”-д хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн оролцоо, манлайлал, хүчин чармайлт хамгийн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн  санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨНӨӨР:
  • “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,
  • “Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,
  • “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”,
  • “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,
  • “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,
  • “Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэнд гүн талархал илэрхийлж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд томоохон сорилт, бэрхшээл учраад байна.

Тухайлбал, НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.

Мөн цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.

Дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ.

2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна.

НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.

Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.

Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, цаашлаад хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Энэхүү нөхцөл байдал, бодит эрсдэлийг бид соргогоор мэдэрч, сэргэгээр төлөвлөн ажиллах учиртай.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг нөхцөл байдалтай байгааг манай ард түмэнд мэдрүүлж, Монгол Улс “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг бидэнд дахин санууллаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляц 16 хувийг давж, ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр туссан.

Тиймээс тээвэр логистик саатах, хил боомт хаагдах, өвчин зовлон, цар тахал, дайн дажин дэгдэх зэрэг онцгой нөхцөл байдал дахин бий болоход бид ямагт бэлэн байх ёстой гэдгийг ч сайтар ухамсарлах ёстой.

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг.

Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.

Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хүн бүр “Эх орон надад хэрхэн тусалж, намайг хэрхэн дэмжих вэ гэхээсээ илүүтэй би эх орныхоо төлөө юу хийж бүтээж чадах вэ” гэж дор бүрнээ тунгаан бодож, өөрөө өөрөөсөө асуух цаг нэгэнт болжээ.

Энэ бол монголчууд бидний цаг алдалгүй хийх ёстой сэтгэлгээний хувьсгал билээ.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.

Уг хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Монгол Улсын 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.

 Мөн УИХ-аас тусгайлан Түр хороо байгуулж, төлөвлөсөн бодлого, арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зэргийг Засгийн газарт үүрэг болгосон.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газар шаардлагатай тогтоол, шийдвэрүүдийг шуурхай батлан гаргаад байна.

Санхүүгийн салбар тэр дундаа арилжааны банкууд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд олгон, “Хүнсний хувьсгал”-ыг бодитоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Энэ ташрамд эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч орон болох их үйлсийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох албан тушаалтнууд хүнсний үйлдвэрлэлийн салбарын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор 100 гаруй аж ахуйн нэгжид ажилласан.

Хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид маань дэд бүтцийг сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэр үйлчилгээ, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Төрийн тэргүүн ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, малын өвчингүй эрүүл бүс бий болгоход шаардлагатай бодлого, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох, бодит үр дүн гаргах чиглэлээр мал аж ахуйн үйлдвэрүүд, малчид, баялаг бүтээгчидтэйгээ уулзана.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй холбоотой  төр, засгийн шаардлагатай бодлого, шийдвэрүүд гарч, “Хүнсний хувьсгал” бодитоор хэрэгжихэд бэлэн болсныг эрхэм баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид Та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт талархаж байна.

Одоо “Хүнсний хувьсгал”-ыг бодитоор хэрэгжүүлэх хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхний оролцоо, манлайлал, хүчин чармайлт хамгийн чухал болохыг дахин онцлон тэмдэглэж байна.

Эрхэм баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийн хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

  1. Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улс орны хөгжлийн бодлого, түүн дотроо бүсчилсэн хөгжлийн бодлоготой зөв уялдуулах, хүнс, хөдөө аж ахуйн кластеруудыг бодлогоор хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, тээвэр логистикийн оновчтой сүлжээг шинжлэх ухаанчаар төлөвлөн хэрэгжүүлэх,
  2. Дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих, урамшуулах, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах,
  3. Таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс болоход шаардлагатай вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэргийг шийдвэрлэж, 2023 онд тодорхой бодит ахиц дэвшил гаргах,
  4. Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн оновчтой, хүртээмжтэй хөшүүрэг ашиглах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих,
  5. Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх,
  6. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл, хүрэх үр дүнг жил бүрээр нарийвчлан төлөвлөж, бодит үр дүнг олон нийтэд хагас жил тутам тайлагнах нь зүйтэй гэж үзэж байна.

Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.

Хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Аливаа шударга бус үйлдэл, хээл хахууль, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.

Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.

Эрхэм нөхөд өө,

Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.

Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа, нүүдлийн мал аж ахуйн салбарыг эрчимжсэн мал аж ахуйн салбартай зохистой хослуулан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх, хөрсөө хамгаалах, цаашлаад монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой чухал.

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.

Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.

Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд амжилттай хэрэгжсэнээр  манай улсын тогтвортой хөгжлийн үндэс суурь болох учиртай.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.

Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эх орондоо “Хүнсний хувьсгал” хийцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ