Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

Ажлын өдрийг дөрөв болговол ажлын бүтээмж огцом нэмэгддэгийг туршилтаар баталжээ

Их Британид зохион байгуулагдсан дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн туршилтын үр дүн маш сайн гарсныг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Дэлхийд хамгийн томд тооцогдох ийм туршилт тус улсын хэсэг компаниуд дээр зургаан сарын хугацаанд хэрэгжиж, энэ сард өндөрлөсөн юм.

Хөдөлгөөнийг санаачлагч “The 4 Day Week Campaign” байгууллага энэ туршилтад Британийн 61 компанийг хамруулснаас 56 нь дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг цааш үргэлжлүүлэн сунгахаар болжээ.

Эдгээрийн 18 нь ажлын цөөн өдөртэй горимыг байнгын болгож хэрэгжүүлэхээр нэгэнт шийдсэн байна.

Туршилтын хугацаанд компаниуд долоо хоногийн таван ажлын өдөртэй буюу 40 ажлын цагтай горимыг дөрвөн өдөр, 32 цагтай горимд шилжүүлсэн юм. Ингэхдээ ажилтнуудын цалингийн хэмжээг бууруулалгүй хэвээр хадгалжээ.

Өнөөдрийн таван ажлын өдөртэй долоо хоногийн горимыг хэрэгжүүлэх хөдөлгөөн 19 дүгээр зууны сүүлээр үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар эхэлж байсан юм. Тухайн үед ихэнх бизнесийн байгууллагууд долоо хоногийн зургаан өдөр ажилладаг байжээ.

2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан сенатор Берни Сандерс сүүлийн туршилтын үр дүнг гарсны дараа “Технологийн дэвшлийн үр дүнг зөвхөн корпорацуудын захирлууд биш, нийт ажилтнууд хүртэх ёстой” гэж твиттер хуудсандаа бичсэн нь хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэрэг байв.

Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжсэнээр ажилтнуудын сэтгэл ханамжтай цуг бүтээмж нэмэгддэг тул таван ажлын өдөртэй байснаас үр дүн буурахгүй гэж уг хөдөлгөөнийг дэмжигчид үздэг.

Өөрөөр хэлбэл ажилтан болон ажил олгогчид аль аль нь сэтгэл ханамжтай байх боломжтой гэж үздэг юм.

Гэхдээ энэ удаагийн туршилтыг явуулсан Их Британи улсын засгийн газар дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих тал дээр төдийлөн яарахгүй байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын Бизнесийн сайд Мартин Калланан парламентад үг хэлэхдээ засгийн газар нь дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн ач холбогдлыг үнэлж дүгнээгүй байгааг мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч хувийн хэвшлүүд ажлын шинэ горимыг сайн дурын үндсэн дээр туршсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Британийн хоёр дахь том супермаркетын сүлжээ Sainsbury’s ажилтнуудынхаа зарим хэсгийг дөрвөн ажлын өдөрт шилжүүлж туршихаар болсноо зарласан юм.

Ингэснээр хамрагдсан ажилтнуудын цалин буурахгүй ч таван өдөрт хийдэг байсан ажлаа дөрвөн өдөрт амжуулах нөхцөл тавигдах гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Шинэ мэдээ