Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Монгол Улсын зөвлөр инженер Ц.Ганбат: Эхний газар хөдлөлт барилгыг эвддэг. Давтан хөдлөлт арчаад өнгөрнө. Туркт ийм л явдал боллоо

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбаттай ярилцлаа.


-Турк улсад болсон газар хөдлөлтөөс болж нурсан тэндхийн барилгуудад ямар алдаа гарав?

-Би газар хөдлөлтийн талаар хэлж, анхааруулж явдаг хүн л дээ. Газар хөдлөлт гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл. Маш эрсдэлтэй байгалийн үзэгдэл гэдгийг бид мэднэ. Хамгийн гол нь хэзээ, хаана, ямар хүчээр болох нь тодорхойгүй. Технологичид хэлдэг “Газар хөдлөлт хүн алдаггүй. Барилга байшин хүнийн амь насыг эрсдүүлдэг” гэж.

Тэр үнэн. Барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангана гэдэг эцсийн дүндээ газар хөдлөлтийн үйлчлэлийг тэсвэрлэх чадвар гэж ойлгодог. Болзошгүй энэ эрсдэлийг хохирол багатай, болж өгвөл хохиролгүйгээр даван туулах тийм гол нөхцөл бол барилгын ямар норм, дүрэм байна түүний дагуу барих юм. Нөгөө талаар барилгуудын аюулгүй байдлыг хангасан норм стандарт нь ухаалаг, шинжлэх ухаанч байх ёстой. Ийм хоёр зүйлээс л шалтгаалаад байгаа юм.

-Тэгэхээр тухайн нурсан барилгууд норм стандартыг хангаагүй гэсэн үг үү?

-Норм, дүрэм, стандарт хамгийн түрүүнд нөлөөлнө.

Нөгөөдөх нь барилга байгууламжийг барьж байгаа норм, дүрмийг аль хэр хэрэгжүүлэв гэдэг зүйлээс л хамааралтай.

-Туркт төв зам дагасан барилга байгууламжийн нэгдүгээр давхрын хэсгийг стандарт бус үйлчилгээний зориулалтаар даацын хана нурааснаар барилга нурсан гэж байна лээ. Энэ үнэн үү?

-Нэг л шалтгаан нь тэр. 1976 онд Гватемалийн газар хөдлөлтөөр хуучны барилга байгууламжууд нэлээд нурсан. Харин сүүлийн үед орчин үеийн технологиор барьсан барилгуудынх нь ихэнх нь зүгээр үлдсэн. Түүнийг дэлхий нийт, ялангуяа НҮБ-ын хөгжлийн агентлаг юу гэж дүгнэсэн гэхээр “Анги давхаргын газар хөдлөлт болчихлоо” гэсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн шинэ технологиор баригдсан барилгууд үлдсэн, хохироогүй. Хуучин барилгуудад байсан хүмүүс амь эрсэдсэн. 2003 онд Иранд 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс 5-6 хоногийн зайтай АНУ-д газар хөдлөлт болсон. Иранд болсон газар хөдлөлтөөр 90 мянган хүн амтай жижиг хотын 3/1 нь буюу 30 мянган иргэний амь үрэгдсэн. Харин АНУ-д хоёр л хүн нас барсан. Тэр нь барилгатай холбогдолгүй. Хуучин сүмийн яндан шилэн худалдааны төв дээр унаж, хоёр хүн нас барсан. Үүнээс НҮБ-ын мэргэжилтнүүд “Энд барилга барих соёл дутсан байна” гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Иранд барилга барих норм, дүрэм байсан уу, байсан. Зөвшөөрөл олгодог хяналт систем байсан уу, байсан. Харин хэрэгжилтийг хангах талын ажлыг иранчууд хийгээгүй юм байна. Тийм учраас барилга барих соёл дутсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Туркийн хувьд тал нь худалдааны, тал нь үйлдвэрлэгч орон шүү дээ. Тиймээс барилгынхаа нэг давхрыг үйлчилгээний зориулалтаар тохижуулж засвар хийсэн нь нөлөөлсөн тал бий. Тухайн барилгууд дээрээ их масс ачаа авчихсан, доороо ганцхан тулгууртай багана байна гэсэн үг шүү дээ. Дээрх их масс нь ганхаж савлахаар доорх ганц тулгуур нь эвдэрдэг. Ерөнхийд нь хараад байхад ихэнх нь хуучин барилгууд байна лээ. 2006 оны газар хөдлөлтөөс хойш туркүүд нэлээд арга хэмжээ авсан. Норм, стандартаа өөрчилсөн. Германы стандартыг шууд авсан газар шүү дээ. Хуучин барилгууд олонтой байсан учраас нөлөөлсөн тал бий. Худалдааны зориулалтаар тохижуулсан олон барилгууд бас нурсан нь үнэн. Гэхдээ тэр худалдааны зориулалттай барилгуудаа орчин үеийн технологиор шийдээд явбал болно шүү дээ. Ганцхан зүйл дээр дан тэрнээс боллоо гэдэг бол буруу ойлголт. Гуравдугаарт, нормоос давсан хүчтэй газар хөдлөлт болсон. Жишээлбэл, манайд 9-өөс дээш хүчлэлтэй баллын газар хөдлөлт нөлөөлөх газар барилга барьж болохгүй гэдэг нормтой.

-Нормоос давсан газар хөдлөлт гэдэг нь хэр хүчтэй баллынх вэ?

-Туркт болсон газар хөдлөлт хоёр голомтын зааг хэсэгт таарсан юм билээ. Баллаар тооцвол доод тал нь 10-11 балл. Рихтерийн шатлалаар 7.2-7.8. Тэгээд хоёр ойрхон хөдөлсөн. Эхний хөдлөлтөөр барилга эвдрээд зогсоно. Дараагийн давтан газар хөдлөлт бол арчаад явдаг зүйл. Өөрөөр хэлбэл, хүнтэй зүйрлэвэл эхнийхээрээ гар, хөл нь бэртээд өнгөрнө. Дараагийнхаар яс нь хугараад газар унахтай л адилхан.

-Ийм олон хүний амь нас сүйдсэн нь юутай холбоотой вэ. Хувь хүний хариуцлагын асуудал уу, эсвэл барилгын чанар уу, үгүй бол аврах ажиллагаатай холбоотой юу?

-Энэ бол барилгын чанартай л холбоотой асуудал.

-Та түрүүн 2006 онд өмнө нь Туркт газар хөдлөлт болсон гэсэн. Туршлагатай л баймаар юм. Барилгын салбарт нь авлигын асуудал бас байв уу?

-Шинээр барьсан барилгууд нь бас нурчихсан юм байна лээ. Энэ нь хот төлөвлөлт, стандарттайгаа холбоотой. Ер нь Турк газар хөдлөлтийн идэвхтэй бүс учраас олон давхар барилга барьдаггүй. 2010 онд намайг очиход Анкарад л хаа нэг арай өндөр юм уу даа гэмээр барилга тааралдаж байсан. Хамгийн дээд тал нь 6-7. Тэгээд есөн давхар барилга л байсан. Сая шинээр баригдсан 12 давхар барилга нурсан гэж яригдаж байна лээ. Тэр бас манайд ч байгаа үзэгдэл. Барилга барих соёл гэж юм байхгүй болчихсон. Бариулж байгаа хөрөнгө оруулагчийн чанартай барих асуудал, түүнийг нь хянадаг горим, барьж байгаа гүйцэтгэгч нь норм дүрмээ барьж байгаа эсэх асуудал бүгд нөлөөлнө. Нөгөө талаар барилгын чанар. Үүнийг ганц төр хянадаг юм биш. Гүйцэтгэгчийн хүрээнд дотоод хяналт гэж байна. Хөндлөнгийн буюу захиалагчийн өөрийн хяналт. Зураг төсөл хийж байгаа зөвлөх компанийн хяналт гэж бий. Түүнийг бүгдийг хянадаг төрийн хяналт бас бий. Энэ тогтолцоо тэнд үйлчлээгүй. Тэгээд өршөөл үзүүлнэ гэж нэг юм бичээд байх юм. Түүний буруугаас болж олон барилга сүйдсэн гэж яриад байна лээ. Авлига ч бас нөлөөлсөн байх. Барилга барьсан, бариулсан бүх хүмүүст хариуцлага тооцно гээд 113 хүнийг баривчилсан юм билээ.

-Өршөөл үзүүлнэ гэдэг нь юу гэсэн үг юм бол?

-Миний ойлгосноор зөвшөөрөлгүй нэг хэсэг барилга барьчихсан юм шиг байна лээ. Түүнд нь дараа нь төр нь өршөөл үзүүлсэн. Хоёр удаа өршөөл үзүүлсэн гэж байгаа юм. Тухайн үед нь энэ болохгүй гэж их яригдсан юм билээ. Туркт нэг хот байна. Тэр хотын дарга нь чанаргүй барилгыг ерөөсөө хүлээж авдаггүй. Стандарт хангаагүй, нормдоо хүрээгүй, дүрмээ зөрчсөн барилгыг шахаад засуулаад, янзлуулаад бариулсны дараа ашиглалтад оруулдаг байж. Тэр нутагт нь ерөөсөө шинээр барьсан барилга нь сүйдээгүй байна лээ шүү дээ. Тэгэхээр ийм олон талын асуудал л нөлөөлнө л дөө.

-Цемент болон барилгын материалын чанар барилга нурахад нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яах вэ. Барилга гэдэг бол хүнтэй адилхан. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө араг ясны системээс бүрдсэн 206 ширхэг ястай. Тэр нь булчин шөрмөс гэдэг зүйлээр барьцалдаад босоод явж байна шүү дээ. Тэр систем нь өөрөө бат бэх, хөшүүн чанарыг хангаж байх ёстой. Тэгэхээр барилгыг чанартай барихын тулд чанартай материал хэрэглэх ёстой. Дээрээс нь технологи, түүнийг хийж байгаа ур чадварын асуудал зэрэг олон хүчин зүйл байна л даа.

-Тэгэхээр үүнээс улбаалаад бид юу анхаарах ёстой вэ?

-Би нэг удаа Улаанбаатар хотод газар хөдөлбөл 40, 50 мянгатын барилгыг эхний ээлжинд балгас болно гээд биччихсэн юм. Гэтэл оршин суугчид нь манай барилгууд зарагдахаа болилоо, барьцаанд авахгүй байна, зарж болохгүй байна гэх мэтээр маш олон дайралт ирсэн. Зарим барилга руу би айгаад харж чаддаггүй. Нэг юм хэлчихмээр санагдаад л, энийг муу барьж байна даа гээд очоод хэлчихмээр болдог. Манайхан юу анхаарах ёстой вэ гэхээр барилгыг хяналтгүй явуулж болдоггүй. Жишээлбэл, гадны хөгжилтэй орнууд, Япон Солонгост барилгад бүх цаг хугацаанд боломжит бүх хяналтыг хэрэгжүүлье гэдэг. Манайхан гэтэл хяналтгүй болгочихсон. Тэгээд бизнесийнхнийг дарамталж байна гэдэг. Зөвшөөрөл олгоод явж байгаа, иргэдийн амь настай холбоотой, улс орны эдийн засагтай холбогдсон ийм юман дээр төрийн том дарамтууд байх ёстой. Нэгэнт л зөвшөөрөл олгосон бол хяналт гэж зүйлийг заавал хийх ёстой.

-Манай хотын барилгуудын шинэ, хуучны ялгаа ямар вэ. Сүүлийн үеийн барилгууд технологийн дагуу баригдаж чадаж байгаа юу?

-Би бол нийт барилгын чанар ямар байна гэвэл “Дунд” л гэж хэлнэ. Сүүлийн үед манайд олон давхар барилгууд баригдаад байна. Гадныхан олон давхар барилга барилаа, хорин хэдэн давхар бол доод тал нь 2-3 давхрыг нь газарт суулгана шүү.

Гэтэл манайхны барьж байгаа барилга B1 давхар буюу подвалийн эхний нэг давхар нь тал суугдаж байна. Хаа нэг барилга В2 гээд орж байна. Ийм хэмжээтэй суулгаж байгаа. Тэр нь хэдэн метр вэ гээд хэмжээд үзвэл ихдээ л 5 м байна уу, үгүй юу, өнгөц л суулгадаг.

Газар хөдлөлтийн долгионыг зүйрлэхэд ус руу чулуу шидэхэд тойрог үүсээд долгион тардаг биз дээ. Түүн шиг долгион үүсэхэд өнгөц суусан барилгыг авч шидээд л хазайлгана шүү дээ. Тийм аюултай. Би хүүхдүүддээ хэлдэг юм. Нэг их өндөр юманд битгий ороорой. Дээд тал нь зургаан давхарт л орон сууц авбал аваарай гэдэг. Манайхан массаар үйлдвэрлээд, орон сууцны хэрэглээ байна уу, байна. Хэрэглээгээр нь далимдуулж бөөнөөр нь үйлдвэрлээд хараа хяналтгүй юм л яваад байна.

-Туркт аврах ажиллагааны цонх хаагдаж байгаа гэсэн. Үнэн үү?

-48 цагт бол хүн амь гарах боломжтой. 72 цаг бол эрсдэлтэйдээ орно. Түүнээс дээш бол ер нь хэцүү. Аврах цонх хаагдана гэхээр одоо амь гарах боломж хомс л доо. Одоо бол нурангийг шууд зайлуулах л юм бодно. Авралт бол дууссан. Нурангийг л шууд зайлуулаад явахаас өөр арга байхгүй.

Өдрийн сонины сэтгүүлч С.ОТГОНБАЯР

Шинэ мэдээ