Лхагва, 5 сар 8, 2024
19.1 C
Ulaanbaatar

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс ямар асуултууд асуух вэ?

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр Төрийн ордонд эхлэх гэж байна. Зөвлөлдөх санал асуулгад ашиглаж буй санамсаргүй түүврийн аргачлал, нэгдүгээр үе шатны санал асуулгад 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулсан. Өнөөдөр эхлэх хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулаад байгаа аж. Эдгээр иргэдээс дээрх санал асуулгын хүрээнд ямар асуултууд асуух нь нууц байсан. Тэгвэл өнөөдөр эдгээр асуултуудыг олон нийтэд ил болгож мэдээллэх юм.

Энэхүү асуулгаар иргэдээс ямар асуултууд асууж байгаа талаар товчхон хүргэе.


Иргэдээс асуух асуултуудыг ерөнхийд нь дөрвөн бүлэгт багцалсан байна. Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, дөрөвдүгээрт, нийгмийн тулгамдсан асуудал зэрэг дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд нийт 19-22 асуултыг асууж байгаа ажээ. Тиймээс эдгээр дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд иргэдээс ямар асуултууд асууж байгааг хүргэе.

1. Иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжихийг та дэмжиж байна уу?

2. нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлалтгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг та дэмжиж байна уу?

3. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд УИХ-ын сонгуульд санал өгөх боломж олгохыг та дэмжиж байна уу?

4. Гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж, үзэхийг та дэмжиж байна уу?

5. Ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бий болгохыг та дэмжиж байна уу?

6. Төрийн албан хаагч, хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

7. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлан гаргах хуулиудыг баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг нь үзэх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

8. Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг та дэмжиж байна уу?

9. Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг та дэмжиж байна уу?

10. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зөв гэдэгтэй та санал нийлэх үү?

11. Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

12. Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгохыг та дэмжиж байна уу?

13.Үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглүүлэх нь чухал гэдэгтэй та санал нийлэх үү?

14. Үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ажиллахыг та дэмжиж байна уу?

15. Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлж ажиллахыг та дэмжиж байна уу?

16. Төв банк /Монгол банк/ үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг та дэмжих үү?

17. Томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхтэй та санал нийлэх үү?

18. Төвлөрлийг сааруулж бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор захиргааны шинэчлэл хийхийг та дэмжих үү?

19. Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж чадаж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

20. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлага ил тод, хараат бус, олон нийтийн хяналттай байх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

21. Монгол Улсад улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй эмэгтэй тэгш байх эрх хэрэгжиж байгаа гэдэгтэй та санал нэг байна уу?

Дээрх тодорхой асуултуудыг иргэдээс асууж, санал бодлыг нь сонсож, дүгнэх зорилготой “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын асуултыг ийнхүү өнөөдрөөс олон нийтэд ил болгож буй юм.

Шинэ мэдээ