Баасан, 4 сар 26, 2024
6.1 C
Ulaanbaatar

Б.Цэцэгсайхан: Бүх насныхан вакцин хийлгэж, умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжтой

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог бөгөөд өвчлөлөөрөө элэгний хорт хавдрын дараа ордог аж.

Жилд дунджаар 400 гаруй эмэгтэй тус хавдраар оношлогдож байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Иймд уг хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар "Хавдрын Үндэсний Зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханы зөвлөмжийг хүргэе.

Тэрбээр "Хүний папиллома вирус нь умайн хүзүүний хавдрыг үүсгэнэ. Тус хавдар нь бэлгийн харилцаанд орсон тохиолдолд дамжин халдварладаг. Эхэн үедээ ямар нэгэн онцын шинж тэмдэг мэдэгдэхгүй бөгөөд 10-15 жилийн хугацаанд илэрнэ. Тухайлбал, цус гарах, хөндүүрлэж өвдөх гэх зэрэг шинж илэрч эхэлдэг.

Эмэгтэйчүүдийн дундах хавдрын 13 нас баралтын нэг нь умайн хүзүүний хавдар байна. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх арга бол эрт илрүүлэг. Ихэвчлэн 30-аас дээш насны эмэгтэйчүүд тус хавдраар өвчилдөг. Тиймээс 30 наснаас эхлэн гурван жил тутамд өрхийн эмнэлэг дээрээ очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Ингэснээр өөрийгөө хавдраас бүрэн хамгаалах боломжтой.

Дэлхийн 100 гаруй орон умайн хүзүүний хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх вакциныг санал болгодог. Тус вакциныг ихэвчлэн анхны бэлгийн харилцаанд ороогүй 9-11 насны хүүхдүүдэд хүйс харгалзахгүйгээр хийнэ. Гэхдээ бэлгийн харилцаанд орсон ч гэсэн хавдар аваагүй бүх насны хүн хийлгэх боломжтой гэж үздэг" гэлээ.

Манай улсын тухайд, умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад нэг тунг 20,000 төгрөгөөр хийж байгаа бөгөөд зөвхөн умайн хүзүүний хавдрын бус хүний папиллома вирусээр халдварладаг бүх төрлийн хавдрын эсрэг ашиглана гэдгийг тэрбээр мөн хэлсэн.

Түүнчлэн эрэгтэй хүн уг халдварыг тээгч болдог учир вакцин хийлгэх хэрэгтэйг онцолж байв. Монгол Улс анх 2012 онд тус вакциныг хийж, иргэдийг хамруулж байсан боловч зарим сөрөг мэдээллийн улмаас вакциныг зогсоож байжээ.

Шинэ мэдээ