Лхагва, 5 сар 8, 2024
6.1 C
Ulaanbaatar

Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая доллар олгохоор шийдвэрлэлээ

Малайзын Дээд шүүх 2006 онд тус улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргалаа.

Ийнхүү Малайзын Ерөнхий сайд оролцсон улс төрийн аллагын хэрэг олон жилийн турш үргэлжилсний эцэст нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах шийдвэрт хүрч байна. Шүүхээс нөхөн төлбөрийг хэргийн хариуцагчдаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Талийгаачийн гэр бүл Малайзын цагдаагийн алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар Умар, тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакын зөвлөх Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг.

Малайзын шүүх 2015 онд Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн хэрэгт цагдаагийн тусгай албаны ахлах мөрдөгч Азила Хадри болон бага түрүүч Сирул Азхар Умар нарт цаазаар авах ял оноосон.

Тэгвэл Азила Хадри 2019 онд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн болохоо мэдүүлсэн.
Тэрээр “Нажиб Разак хэрэг явдал болсон 2006 онд Малайзын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан. Түүний туслах Муса Сафри гэх хүнээр дамжуулан Нажиб Разактай уулзсан. Тухайн үед, Муса Сафри надад Куала Лумпурт гадаадын онц ноцтой тагнуул эмэгтэй байгаа. Уг тагнуул нь маш аюултай бөгөөд манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн маш нууц мэдээллүүдийг мэдэж байгаа гэж хэлсэн.

Харин Нажиб Разактай биечлэн уулзах үед тэрхүү гадаадын тагнуул маш ухаалаг, овосгоотой нэгэн болохыг анхааруулж, нууц ажиллагаа явуулах тушаал, зааварчилгаа өгсөн. Мөн ажиллагааг маш нууц байдлаар гүйцэтгэж, хохирогчийн цогцсыг хүн таних аргагүй болгохын тулд хүнгүй газар аваачиж дэлбэлэх зааварчилгаа өгсөн.

Ингээд даалгаврыг хамтран гүйцэтгэх итгэлт хүнээр Сирул Азхар Умарыг сонгож, хэргийг үйлдсэн” гэж мэдүүлсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн цогцос 2006 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос хүн танихын аргагүй болтлоо зэрэмдэглэгдсэн байдалтай олдсон юм. Талийгаачийн цогцост үзлэг хийх үеэр толгойн тус газар нь буудаж хөнөөснийхөө дараа, биед нь “C4” тэсрэх бөмбөг суурилуулж дэлбэлсэн болох нь тогтоогдсон.

Олон нийт энэхүү аллага улс төрийн зорилготой байсан гэж үздэг. Харин Малайзын сөрөг хүчнүүд энэхүү хэргийг улс төрийн захиалгаар олон жилийн турш нуун дарагдуулж, мөрдөн шалгах шүүх ажиллагаанд нөлөөлж ирсэн гэж үздэг.

Учир нь, Ш.Алтантуяа агсан нь амь насаа алдахаасаа өмнө тус улсын Ерөнхий сайд  асан Нажиб Разак болон түүний ойрын хүрээллийн Абдул Разак Багинда нарт орчуулга хийдэг байсан юм. Нажиб Разак болон Абдул Разак Багинда нар тухайн үед Малайзын Засгийн газрын нэрийн өмнөөс Франц-Испанийн “Armaris” гэх компаниас нэг тэрбум еврогийн үнэ бүхий гурван шумбагч хөлөг онгоц худалдан авах хэлэлцээр хийж байсан. Ш.Алтантуяа агсан уг хэлэлцээрт орчуулагчаар ажиллаж байсан юм. Малайзын Авлигатай тэмцэх алба болон Францын хууль хяналтын байгууллагууд 2019 оноос Нажиб Разакын авлигын хэргүүдэд холбогдуулан хөлөг онгоц худалдан авах уг хэлэлцээрийг хамтран шалгаж эхэслэн.

Малайзын Дээд шүүх 2020 онд Ерөнхий сайд асан Нажиб Разакыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ял оноосон.

Шинэ мэдээ