Бямба, 4 сар 27, 2024
0.1 C
Ulaanbaatar

Л.Оюун-Эрдэнийн үгний цаадах үг юу байв?

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш хоёр дахь жагсаалтайгаа нүүр тулав. Хавар зохион байгуулсан жагсаалын автор нь залуучууд байсан бол энэ удаагийнх ч мөн адилхан. Борооны дараах мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, тэдгээрт дөрөөлсөн иргэний нийгмийн лоозогнол бүхий улстөржсөн өнгө аястай жагсаал, тэмцлийн орон зайг залуу үе нь нөхөж, хариуцлага, хууль ёсны шаардлага, шахалтыг үзүүлж эхэлсэн нь өөрөө сайны дохио. Хэн нэгний дохиур, зангаагаар бус нийгмийнхээ эрүүл бус үзэгдэл, тогтолцооны гажуудал, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдлийн эсрэг сайн дураараа нэгдэцгээж, төр, засгаасаа шаардах нь ардчилсан нийгмийн зүй ёсны толь, байх учиртай үйлдэл. Хоёр хоног үргэлжилсэн жагсаалын араас ямар ч байсан УИХ цахимаар хуралдаж, залгаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болов. Онц байдал тогтоох эсэх асуудлыг ч хөндөж амжлаа. Энэ хооронд Төрийн тэргүүний зүгээс парламентыг тарааж, Засгийн газрыг огцруулах замаар ээлжит бус сонгууль явуулах санал гарсан тухай мессеж улс төр, нийгмийн хүрээнд нисэв. Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэхийн дарга, Хөгжлийн сайд нарынхаа хамт хийсэн мэдээллийн үеэр цаг үеийн ач холбогдолтой хоёр мессеж өгсөн нь анхаарал татах сэдэв байлаа.
1
Оюу Толгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн олон сарын хэлэлцээний үр дүнд Монгол Улсад ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар тохиролцсон нь энэ Засгийн газрын гавьяа мөн үү? гэвэл тийм. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулна. Араас нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкийг тоносон асуудлыг цэгцлэх нь Л.Оюун-Эрдэнийн танхимын гол фокуслаж буй ажил нь. Сүүлд “Эрдэнэс Тавантолгой”-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, зургаан сарын онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайчидтай тэмцэл өрнүүлснээр 2023 онтой золгохоор болж байна. Хамгийн ярвигтай, улс төрийн дам нөлөөлөл нь том, бас амаргүй даваа нь энэ. Оюу Толгойд гэхэд хөрөнгө оруулагч талтай, “Эрдэнэт” дээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бизнесмэнүүдтэй, Хөгжлийн банканд зээлдэгч нартай нь ам хэлээ ололцох, шаардлагатай тохиолдолд хуулийн “хэл”-ээр ярих зэргээр уг асуудал, учир шалтгаан нь ойлгомжтой. Харин “Эрдэнэс Тавантолгой”, түүнийг тойрсон нүүрсний хулгайтай нүүр тулах нь шууд
утгаараа Ардын Намынхан өөрөө өөрсөдтэйгөө тэмцэх зам руу хөтлөхөөс аргагүйд хүргэж мэдэхээр байгаа юм.

“Тиймээс хугацаа шаардана, илүү өргөн хүрээтэй ажиллах шаардлага бий. Гэхдээ бид Оюу Толгой, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн Банк, Дархан төмөрлөгийг шийдэж чадсан шиг “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг ч гэсэн эцэслэн шийдэж чадна. Олон нийт эргэлзэх хэрэггүй” гэдгийг Ерөнхий сайд зүгээр ч нэг хэлчихээгүй нь лав. Үндсэндээ үүссэн нөхцөл байдлаас үүдэж УИХ, ҮАБЗ-ийн араас товлосон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар нүүрсний хулгайг голчлон хөндөж, Засгийн газрын байр суурийг дэмжсэн агуулгаар санал нэгдсэн бололтой. Угаас нүүрсний хулгайчдыг зарлах, хариуцлага тооцох, алдагдсан боломжийн хохирлыг төлүүлэх нь жагсаал зохион байгуулах гол ТУГ нь байв.
Өөрөөр хэлбэл, МАН, АН-гүй хэтэвчээрээ хэлхэлдэж, холилдсон хэмээгдэж буй нүүрсний хулгайн хэргийг мухарлатал энэ Засгийн газрын бодлого чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн нь энэ байв. “Өчигдөр болсон жагсаалыг “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх удирдлагууд эргүүлэх гэж оролдлоо гэсэн мэдээллийг би авсан” хэмээн тодотгосон нь ч хий хоосон яриа биш юм. МАН 2016 оноос хойш засагласан, энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг хоёр удаа өөрчилсөн гэж үзвэл нүүрсний хулгайн хэрэгт эрх баригч намынхан ч оролцоотой байгаагийн илрэл гэлтэй.
2.
“Олон нийт болон бусад намууд үүн дээр санал нэгдвэл бид 2024 оны сонгуулийг хүлээхгүй”. Энэ бол Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн үеэрх хамгийн чухал өнцгийн нэг байв. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс Монголын засаглалын тогтолцоо ойлгомжгүй явж ирсэн нэг асуудал бий. Тэр нь Монгол Улсын засаглалын хэлбэрийг Ерөнхийлөгч нь парламентайгаа хувааж ирсэн явдал.  “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуульдаа заасан ч үе үеийн Ерөнхийлөгч, парламент хоорондын харилцан хамаарал, эрх үүргийн хуваарилалт нь өөр
хоорондоо толхилцоон дунд явсан түүхтэй. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай гэвэл үнэнд илүү нийцнэ гэсэн үг. 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн засаглал руу хэлбийчих гээд Ардын Их Хурлын депутатуудын санал тэнцэхэд нь анхны Төрийн тэргүүн П.Очирбат байр сууриа илэрхийлж, зөөлрүүлснээр парламентын засаглалыг сонгосон нь одоо ч протоколд тэмдэглээстэй бий. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд орших Монгол Улсад
Ерөнхийлөгчийн биш парламентын засаглал нь илүү тохиромжтой, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэдгийг ойлгуулж явсан нь маргаангүй П.Очирбатын гавьяа. Гагцхүү нийгмээс болон намууд санал нэгдвэл 2024 оны сонгуулийг хүлээхгүйгээр сууриар нь тогтолцооны реформ хийхээ Ерөнхий сайд мэдэгдсэн нь улс төрийн өнцгөөсөө мэдээж том агуулга. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгосон нь засаглалын түвшинд хийсэн дорвитой шинэчлэл ч сонгодог парламентын тогтолцоо руу нэг л алхсан үйлдэл байв.
Харин энэ удаад өнгөрсөн 30 жилийн хугацаанд хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай явж ирсэн байдлыг халж тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт хийхэд бэлэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлчихлээ. Намын даргын хувиар ч Удирдах зөвлөлөөс нь улс төрийн эрх олгосныг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дээр нэмээд Сонгуулийн хууль гэсэн тогтолцооны хоёр ч агуулгаар тогтолцооны реформ хийх санаачилга нийгэм, улс төрийн хүрээнд хөндөгдөх нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн зүгээс уг санаачилга ард түмнээс дэмжлэг хүлээсэн тохиолдолд
дэмжихээ илэрхийлээд байгаа аж.

Шинэ мэдээ