Даваа, 5 сар 6, 2024
22.1 C
Ulaanbaatar

Төр одоо үүргээ биелүүлмээр байна

Төр засаг эрхээ маш сайн эдэлж байна. Жолооч нарын “но”-г илрүүлбэл урамшуулал олгоно гээд түмэн олонд зарлаадахлаа. Манайхан ч хурдтай юм, эхний өдөр л хэдэн мянгаараа мэдээлэл очиж байна гэнэ.

Иргэдийн зүгээс гаргаж байгаа зөрчлийн мэдээллийн олонхыг түр болон удаан зогсох хориотой газар зогссон, автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан гэх зөрчлүүд эзэлжээ. Болж байна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг цусаар бичигддэг учир дүрэм зөрчиж үл болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна аа. Дээрх зөрчлүүд юуг хэлээд байна вэ гэвэл өнөөдөр хүртэл манайд автомашины зогсоол хүрэлцээгүй хэвээр байна. Хүрэлцээгүй ч биш, огт байхгүй гэсэн үг.

Зөрчил гаргасан машиныг мэдээлбэл 20 хувийн урамшуулал авна гэдэг арга бол жолооч нарыг дүрмээ сахиулахыг л сануулж байна гэж ойлгоод байгаа. Үүний тулд эхлээд зогсоол хүрэлцээтэй байх ёстой. Энэ бол төрийн ажил. Төр одоо үүргээ биелүүлмээр байна.

Жил бүр жолооч нараас автомашины зам ашигласны төлбөр гэж хурааж авдаг. Нийслэл рүү орж гарах товчоодоор ч энэ төлбөрийг өдөр бүр л хатуу авдаг. Манайд бол хотын төвийн босоо, хэвтээ тэнхлэгийн гол замаас бусад нь энхэл донхол. Зах тийшээгээ бол бөөн олон нүх, битүү нөхөөс. Уг нь зам ашигласны мөнгө замдаа зарцуулагдах ёстой юм. Гэвч манайд замхарчихдаг “тогтолцоотой”. Төр одоо энэ ажлаа ч хиймээр байна. Эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж төр маань түмэн олондоо үлгэрлэмээр байна аа.

Шинэ мэдээ