Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын нэгийг ХНХ-ын сайдад томилохоор ярьж байна

Д.Сарангэрэл гишүүний давхар дээлийг тайлснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал олон нийтийн сонирхлыг ихээр татаж байна. Үүний хажуугаар улс төрийнхний хүрээнд сайдад амбицлах, бусдыгаа сайдад чичрүүлэх, сайд болох сонирхолтой улстөрч гэх мэдээллийг олон нийтэд цацаж, нэр хүндийг нь унагах зэрэг үйлдлүүд идэвхтэй хийгдэж байна. Энэхүү цуурхал, худал мэдээллээс шалтгаалж нэр хүндээ алдахаас болгоомжилсон улстөрчид өөрийн цахим хуудаснаа сайд болохгүй гэдгээ ч мэдэгдээд буй. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг дараагийн сайдад зүтгэж эхэллээ хэмээн идэвхтэй ярьгдсан. Үүний эсрэг тэрбээр сайд болохгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сайд болж, Бүлгийн даргын албаа өөр хүнд өгнө гэх мэдээлэл мөн адил идэвхтэй яригдсан. Харин бүлгийн дарга сайдад сонирхолгүй байгаагаа сэтгүүлчдэд тодорхой тайлбарласан байна. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг сайдад чичрүүлэх сонирхолтой бүлэг ч байна. Зарим нь “Ул”-ыг “Боов”-оор солихгүй байлгүй хэмээн хошигнон, бусдын нэр хүндэд зохион байгуулалттай халдах улс төрийн бохир үйлдлүүдийг ч хийж байгаа нь энэхүү салбарыг хариуцан ажиллах сонирхолтой хүн олон байгааг тодорхой харуулж буй юм. Гэвч хэнийг сонгохоо Ерөнхий сайд ганцаараа шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс намын даргадаа тал засах, нам дотроосоо дэмжлэг авчих сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Харин сошиал болон бусад хэвлэл мэдээллээр явж буй дараагийн сайдад тэр яригдаж байна гэх мэдээллийн эсрэг ямар нэгэн тайлбар хийхгүй, хөшигний ард чимээгүйхэн суух хэсэг улстөрчид байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар юм. Үүн дээр нэмэгдээд сөрөг хүчний гэх С.Одонтуяа гишүүн билээ. С.Одонтуяа гишүүний хувьд сөрөг хүчний туршлагатай эмэгтэй гишүүн.

Тэрбээр УИХ-ын дэд даргын албыг давхар хашиж буй. Гэвч эрх баригч нам дотор сайдад болох сонирхолтой олон хүн байхад хүчгүй сөрөг хүчний гишүүнийг сайд болгохгүйгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Харин сөрөг хүчнийхэн нэг ч гэсэн хүнээ сайдад суулгахаар Ерөнхий сайдаас горьдсоор байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Хэрэв Ерөнхий сайд сөрөг хүчний буюу УИХ дахь АН-ын бүлгээс нэг гишүүнийг сайдад томилчихвол өөрөө намынхандаа зэмлүүлэх нь тодорхой. Тиймээс сөрөг хүчний хувьд энэ засгийн газарт орох гэсэн санаархлаа болиод дотроо учраа олж, хүчтэй, ядаж эрх баригч намаа айлгачих сөрөг хүчин байхаа бодсон нь илүү оновчтой гэдгийг улстөрчид ярьж байна. Дээр хэлсэнчлэн хөшигний ард чимээгүйхэн орших улстөрчид дундаас УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Б.Саранчимэг нарыг сайд болгохоор эрх баригч нам дотроо идэвхтэй ярьж байгаа гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын аль нэгийг дэмжихээ илэрхийлсэн аж. Хэрэв энэ үнэн бол өнөөдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар дээрх хоёр гишүүний нэгийг дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох болсноо Ерөнхий сайд танилцуулах нь тодорхой. Б.Саранчимэг гишүүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын адил Харвардад суралцаж явсан, инженер, эрх зүйч мэргэжилтэй, улстөрч. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн дүү гэдгийг олон нийт мэднэ. Харин УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2014 онд тус яамыг толгойлж байсан удаатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хуучин сайдаа хүлээж авах тухай дээр, дооргүй ярьж байгаа сурагтай. Юутай ч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Харвардаар нь өөртэйгөө адилтган магтаж байгаад сайдад томилох уу, эсвэл яамныхны сонирхлоор хуучин сайдыг нь эргүүлэн тавих уу гэдэг нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар тодорхой болох биз ээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН, СЭТГҮҮЛЧ Э.МӨНХТҮВШИН

Шинэ мэдээ