Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид мал, махаа эргэлтэд оруулах хүсэлтэй байна

Зарим аймагт зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Орон нутгийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлж байна. Зарим аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Мөн энэ талаарх Ерөнхий сайдын албан даалгавар ч гараад орон нутгуудад хүргэгдэн, шат шатандаа бэлтгэл ажил хангаж эхэлж байна.

Эдгээр тогтоол шийдвэрийг үндэслээд манай яамны дэргэд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулагдаад байна. Хүнсний газар, мал эмнэлэг, удмын сан, хөдөө аж ахуйн бирж гээд бүх талын төлөөлөл оролцсон баг бүрдсэн. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүрийн баасан гаригт орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж тулгамдсан асуудлыг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Эхний хурал өнгөрсөн баасан гаригт болсон байгаа. Энэ зуны хувьд орон нутагт малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй, зуншлага тааруухан байгаа говийн болон баруун аймгийнхны мэдээллийг сонслоо. Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас аймгууд мал, махаа боловсруулах хүсэлтийг дийлэнх нь тавьж байсан.

-Аймгуудын энэ хүсэлтийг хүлээж авах, ажил хэрэг болгох боломж хэр байгаа вэ?

-Засгийн газраас боловсруулсан махны экспортыг дэмжиж байгаа. Одоогоор экспортын зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн өнгөрсөн оны үлдэгдэл дуусаагүй байгаа юм билээ. Аравдугаар сарын 1 гэхэд экспортолж дуусна. Тиймээс манай яамны зүгээс есдүгээр сар гарангуут энэ оны боловсруулсан махны экспортын квотыг зарлана.

Нэг зүйлийг учирлаж хэлмээр байна. Манай иргэд боловсруулсан махны экспортыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй, яагаад хятад үйлдвэрүүд байдаг юм бэ гэж харддаг. Нэг ёсондоо хувь хүн, малчин өөрөө махаа боловсруулаад гаргачих боломжтой гэж ойлгоод байдаг Экспортод боловсруулсан махыг гаргахын тулд заавал үйлдвэрээр дамжсан, чанар, эрүүл ахуйн баталгаатай, хэзээ вакцин хийлгэсэн талаарх мал эмнэлгийн гэрчилгээ зэргийг шаарддаг. Нэг ёсондоо олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гаргахыг зөвшөөрдөг. Мэдээж үүнд зөвхөн хятад үйлдвэрүүдээр зогсохгүй Монголын олон үйлдвэр ажиллаж байгаа.

-Хадлан тэжээлийн гарц, бэлтгэл ажлын талаар тодруулбал?

-Жил бүр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудаас бусад аймгууд хадлан бэлтгэдэг. Энэ жил ч ялгаагүй. Сая болсон цахим хурлаар гэхэд Сэлэнгэ аймаг хадлангийн талбайгаа хуваарилж дуусч байгаагаа онцолж байсан. Булган гэхэд 4000 тонн ногоон тэжээл, 20.000 боодол өвс бэлтгээд байна. Үнэ хямд байгаа үед эртхэн захиалгаа өгөөрэй гэж байсан.

-Энэ жилийн хувьд боодол өвсний үнэ нэлээд нэмэгдсэн дуулдаж байна. Үнийг нь зохицуулах боломж бий юү?

-Үнийн зохицуулалтыг төр хийх боломжгүй. 2020 онд зуншлага тааруу байснаас үүдэж үнэ өссөн. 2021 онд үнэ нь маш их унасан. Энэ жилийн хувьд өсөх магадлалтай байна.

Тиймээс малчиддаа зөвлөхөд өвс тэжээлээ хямд үнэтэй байгаа үед эртхэн базааж аваарай. Мал, махаа ч тэр, үнэ өсөхийг хүлээхгүйгээр худалдан борлуулах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна гэв.

Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн төлөөлөлтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

УвсаймгийнХөрөнгө оруулалт, хөгжлийнбодлого төлөвлөлтийнхэлтсийндарга Ж.Эрдэнэтогтох: Зуншлага тааруу, хадлан тэжээлийн гарц муу байгаа учраас өвөлжилт хүндрэхнь

-Зуншлага тааруу зун болж өнгөрлөө. Хадлан тэжээл маш бага гарлаа. Хадлангийн ургац 30 хувьтай байна. 19 сумын хэмжээнд хангайн сумууд л дунд зэргийн, бусад сумд гантай байлаа. Тиймээс мал тарга тэвээрэг авч чадсангүй. Өнгөрсөн жилийн эцсээр 3.7 сая мал тоолуулсан. Төлтэйгөө дөрвөн сая орчим мал өвөлжинө. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд уулаараа цас орж, эрс хүйтэрч байна.

Аймгийн Засаг даргын 2023 оны өвөлжилт хангах албан даалгавар гарч, сумдад хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 300 тн өвс бэлдэх ёстой. Өнгөрсөн жилийн нөөцөөс үлдсэн нь бий. Нэмж 200 тн-ыг бэлдэх шаардлагатай. Одоогоор энгийн боодол өвс 10.000, бэдтэй нь 18.000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар нэмэгдсэн тооцоолол байгаа. Тэгэхээр малчдын хувьд хүндхэн байгаа учраас малаа зах зээлийн эргэлтэд оруулах талаар чиглэл өгч байна.

Говь-Алтай аймгийнЗасаг дарга О.Амгаланбаатар: Хур бороо бага байсан ч өвөлжилт хүндрэхгүй

-Манай аймгийн хувьд зуншлага эхний сард сайхан байлаа. Зуны дунд үед бороо хур бага байсан. Гэвч хадлан тэжээл боломжийн гарсан учраас өвөлжилтийн хувьд санаа зовох зүйлгүй. Одоо ид хадлангийн үе болж байна. Манай хоёр гурван сум өөрсдөө хадлангаа бэлддэг. Бусад сумдын хадлан тэжээлийг бэлтгэхийн тулд Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай ярьж байна. Аймагт нь өөрсдийн техник хэрэгсэлтэй очоод хадлан бэлтгэж авах талаар ярилцаж байна. Аймгийн хэмжээнд нийт гурван сая мал өвөлжинө.

ХовдаймгийнИТХ-ындарга Г.Пүрэвганди: Өвөлжилт хүндрэхнөхцөл байдал руу орж магадгүй

-Манай аймагт энэ өвөл 3.7 сая толгой мал өвөлжинө. Өнгөрсөн зуны хувьд аймгийн нийт газар нутгийн 90 орчим хувьд гандуу байлаа. Тиймээс хадлангийн гарц тааруу. Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал руу орж магадгүй. Аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан. Бүх сумд 100 тн-оос доошгүй хадлан, 50 тн тэжээл нөөцлөх үүрэг өгч байгаа. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 2200 тонн өвс, 660 орчим тэжээл бэлтгэх зорилготой ажиллаж байна.Өнөөдрөөс /өчигдөр/ бүх сумдын ажлын хэсгүүд ажиллаж эхэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Шинэ мэдээ