Бямба, 4 сар 27, 2024
2.1 C
Ulaanbaatar

Цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттайгаар гурван сарын турш болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.26/ боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.


Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан.

Зөвлөлийн хуралд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил.

Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа.
Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой.
Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа" гэв.

Шинэ мэдээ