Лхагва, 5 сар 15, 2024
20.1 C
Ulaanbaatar

Бид ҮХЦ-ийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолд өөр огноо тавьж өөрчилж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Н.Энхболд нарын 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн төслүүдийг өргөн барьсан гишүүд онцолсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

-------------------------------------------------------------------------------

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Ойлголтуудаа жигдлэхгүй бол болохгүй нь ээ. Үндсэн хуулийн цэцийн тогтоол хэзээнээс үйлчилж байгаа талаар Ш.Раднаасэд гишүүнээс асуухад гарсан мөчөөсөө үйлчилж байгаа гэсэн. Одоо энд оруулж ирсэн хуулийн төсөл дээр дагаж мөрдөх тухай хугацааг нээлттэй орхисон байна. Бид ҮХЦ-ийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолд өөр огноо тавьж өөрчилж болохгүй.

Өнөөдөр 39.1 хүчингүй болсон гэдэг чинь Засгийн газрын тухай хууль болон бусад хуулиуд Үндсэн хуульд нийцэхгүй хэсгүүдээрээ үйлчлэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, дан дээлтэй сайд нар сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байгаа шүү.

Үндсэн хуультай нийцэхгүйгээр нэг минут ч хажуугийн органик хууль, журмууд үйлчилж болохгүй учраас эрхзүйн нөхцөл байдал автоматаар үүссэн. Ийм тохиолдолд ямар эрхзүйн актууд дагах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. ҮХЦ-ийн шийдвэр бидэнд таалагдах эсэх нь хамаагүй. 

Хууль санаачлагч Н.Энхболд: 

-Гишүүдэд тараагдсан төсөл анх өргөн баригдсан хэлбэрээрээ байна. Сая байнгын хороон дээр бид хэлэлцээд хугацааг нь батлагдсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. ҮХЦ дээр аль, аль нь нээлттэй байгаа. Бид нарын оруулж байгаа өөрчлөлт цэцээс гаргасан шийдвэртэй зөрчилдөх зүйл байхгүй гэж бодож байна. Дан, давхар дээлтэй ч байж болно. Асуудал нь нээлттэй. Тэд нарын хувьд статус нь өөрчлөгдөхгүй байх. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-ҮХЦ дуртай үедээ Үндсэн хуульд халдаад байдаг байдлыг хатуу хааж өгсөн ямар зохицуулалт хийв. 2019 оны арваннэгдүгээр сард ҮХНӨ-ийг хийсэн. Үүнээс хойш гурван жил өнгөрлөө. Гэтэл цэц таг байснаа гэнэтхэн гарч ирээд Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Дахиад тодорхой хугацааны дараа ҮХЦ ийм шийдвэр гаргавал яах вэ. 

Хууль санаачлагч Н.Энхболд: 

-Энэ асуудал өчигдөр яригдаад шийдэгдсэн. Дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд  Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэж нэмсэн. Цэц Үндсэн хуулийн заалтуудыг зөв бурууг нь хэлэлцэхгүй тухай зохицуулалт орсон. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

-Асуулт асуухгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл санаачлагч болоод байна. Үүнд нэг зүйл хэлье. УИХ-ын өнөөдрийн хийж буй алхам нь парламентын тогтолцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялж Засгийн газрыг гаднаас байгуулсан. Үүнээс хойш УИХ, Засгийн газрын хооронд томоохон зөрчил үүсч улс төрийн маргаан эхэлсэн. 26 жил өрнөсөн энэ маргаанд ҮХЦ өнөөдөр үгээ дуугарч УИХ шийдвэрээ гаргахаар хуралдажбайна. Ингэснээр Монгол Улсад парламентын засаглал бэхжих бүрэн үндэслэл бий болж байна. Өнөөдөр гадаад нөхцөл байдлыг бүгд мэднэ. Том гүрнүүдийн геополитик зөрчилдөж байна, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Дотоодод бид ч бас үнийн өсөлтөөс авхуулаад амаргүй нөхцөлд байна. Нэмээд парламентын хямралын асуудал байх ёсгүй.

Тэгэхээр 26 жил өрнөсөн энэ маргааныг цэгцэлж зориглож шийдвэр гаргаснаар улс орныг хөгжүүлнэ. Тиймээс биш хэл амнаас айж алдаа дутагдалтайг мэдсээр байж дуугүй өнгөрөх нь мянга дахь асуудал болов уу.

Тиймээс 62 УИХ-ын гишүүн гарын үсгээ зурсан. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэхэд буруу зүйл болох гэж байна гэж эсэргүүцэж байсан. Энэ өөрчлөлт нийтэд улсын эрх ашигт нийцнэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Энэ хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлье. Гэхдээ хурал таслаагүй. Хэн нэгнийг муучлах зорилгоор яриагүй.Үндсэн хууль анх үүсэхдээ либерти гэх үгтэй холбоотой. Энэ бол дур зоргоороо аашлахыг боомилно гэсэн үг. Даварсан дарга нарын эрх чөлөөг боомилох гэж Үндсэн хууль гарсан. Энэ утгаараа 830 хуулийг бид УИХ баталсан юм байна. Ганцхан 78 хүнийг шүүх гэж Үндсэн хууль бий. Энэ хүмүүс хэзээч Үндсэн хуульд гар дүрч болохгүй. 64.1-т заасан маргааныг шийдвэрлэх бүрэн эрх бий гэж заасан бол 64.2-т дөрвөн маргаан л байж болно шүү гэж боомилсон шүү. Бидний даврах эрх чөлөөг боомилсон. Ард түмнээрээ ярьж шийдсэн шийдвэрийг бид ёсчлон биелүүлдэг. Үндсэн хуульд ард түмний гэдэг үг бий шүү. Энэ бол ард түмний эрх мэдлийг булааж авч байгаа шүү.

Бид УИХ чуулган дөнгөж эхэлж байхад У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс болтол жижгэрлээ гэж. Буцаад ийм байдалд орлоо. Одоо дарга машинаа барихаар боллоо. Монголын улс төр тэр чигээрээ сайтар найруулсан жүжиг боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Өнөөдрийн хэлэлцэж буй асуудалд ҮХЦ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүд янз бүрийн байдлаар санал нийлэхгүй байсан ч ҮХЦ-ийн шийдвэрийг биелүүлэх ёстой үүрэг.Тэр үүргийнхээ дагуу өчигдөр тусгай дэг баталсан. Ийм тохиолдол Монголын түүхэнд гарч байгаагүй. Үүнийг би буруутгахгүй. Ардчилал бол процедур. 2020 оны долдугаар сарын 1-ээс өмнөх ЗГ, УИХ-ын байдалд орж байгаа юм. Үүнээс өмнө ард түмний эсрэг эрхзүйн орчин төр ажиллаж байгаагүй. Гэхдээ өнөөдөр дутуудуулснаа гүйцээх боломж байна. Муу жишээ туршлагууд бидэнд байгаа. Гэхдээ энд хүрээд зогсохгүй. Парламент нэгдүгээр алхмаа хийсэн бол ҮХЦ-ийн шийдвэрийг зөв тийш нь залж хоёр, гуравдугаар алхмаа хийх ёстой. Түүнээс биш давхар дээл даарах даарахгүй асуудлыг ярьж маргааныг үргэлжлүүлж байна гэж бодохгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутуу хийснээ гүйцээх боломж гэж үзэж байна. Би сайн зүйлд нь итгэж байна.

Шинэ мэдээ