Баасан, 5 сар 10, 2024
0.1 C
Ulaanbaatar

Нийслэл бол Монгол Улсын "бага" засгийн газар учраас хотын дарга сайд байхаас өөр аргагүй нөхцөл үүслээ

Улаанбаатар хотод өнөөдөр гурван сая монголчуудын талаас илүү нь амьдарч байна. Анх төлөвлөгдөж байснаасаа гурав дахин их хүн амтай болсон хотын асуудал тоймгүй их. Улсын нийслэл гэдэг утгаараа эрүүл мэнд, соёл боловсрол, худалдаа үйлчилгээний төвүүд, том, том бизнесийн байгууллагууд төвлөрдөг. Алтан тэвшийн хөндий бол монголчуудын амьдрал жинхэнэ буцалж байдаг газар. Утаа, замын түгжрэл, гэр хороолол, хөрсний бохирдол номер нэг тулгамдсан асуудал болоод удав. Ирээдүйд нийслэл өргөжин тэлэхээр хот төлөвлөлт хийгдэж байгаа ч том эдийн засгаа дагасан иргэдийн бөөгнөрөл улам л нэмэгдэнэ. Улаанбаатар хотын асуудал өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас давчихаад байна. Засгийн газрын хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нөхцөл байдал улам л хэцүүднэ. Яг

үнэндээ хотоос сонгогдсон гишүүд хотдоо юу ч хийдэггүй. Адаглаад л нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээврийн салбарт бодитой шийдэл хэрэгжүүлж чадсан бил үү. Тэгэхээр хотын дарга бүхэл бүтэн сая гаруй хүний асуудлыг дангаараа шийдэхэд дэндүү ахадсан ачаа.

Нийслэл бол Монгол Улсын “бага” Засгийн газар. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбумыг зарцуулах эрхийг нь өгсөн. Хотын түмэн асуудалд гарц, шийдэл эрэлхийлэх лобби бүлэг УИХ-д байгуулагдсан. Дээрээс нь нийслэл өөрөө концесс зарлаж, бонд гаргаж, олон улсын бирж дээр гаргах тэр бүх боломж нь нээгдсэн. Энэ том эдийн засаг, нийгмийг удирдаж байгаа хүн Засгийн газрын гишүүн байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа энэ цаг үед улс төрийн халуун сэдэв боллоо. Засаг хөдлөх нь ч тодорхой. Шинэ бүтэц бүрэлдэхүүний хувилбаруудыг нийгэм даяар идэвхтэй хэлэлцэж байна. Засгийн газарт шинээр хоёр, гурван сайдын орон тоо нэмэх тухай мэдээлэл Төрийн ордноос дуулдав.Тэргүүн шадар сайд, хот хариуцсан сайдын статус бий болгохоор яригдаад эхэлжээ. Улаанбаатарын өнөөдрийн түмэн асуудлаас харвал хотын дарга Засгийн газрын гишүүн байх нь хамгийн зөв хувилбар. Давхар УИХ-ын гишүүн байсан ч болохоор. Ингэж байж хотын ажил урагшилна. Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлууд ч шийдэгдэнэ. Хотын дарга Засгийн газарт орохын хамгийн том давуу тал энэ. Шийдвэр гаргах түвшин өөр болсноор хэрэгжилт нь амьдрал дээр биелэлээ олно. Иймд хотын дарга Засгийн газрын гишүүн байх шинэ статус бий болгох хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Шинэ мэдээ