Баасан, 5 сар 10, 2024
1.1 C
Ulaanbaatar

С.Мөнхчулуун: Утасны дугаар аваад ашиглахгүй хоёр сар болоход хар жагсаалтад орчихдог. Түүнээсээ болоод зургаан жил зээлд хамрагдах эрхгүй болдог байдлыг засна

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Танай байгууллагаас зах, худалдааны төвүүдийн лангуу болон кассын үнийн дүнгийн зөрүүтэй байгаа асуудал дээр шалгалт хийсэн. Шалгалтын ажил хэр үр дүнтэй байв?

-Манай байгууллагын зүгээс томоохон худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүд дээр хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Зөвхөн касс, лангууны үнийн зөрүүтэй байгаа тал дээр хяналт шалгалт хийгээгүй. Лангуу болон кассын үнийн зөрүү болон бараа бүтээгдэхүүний үнэ бүрдлийн асуудал дээр иргэдийн зүгээс маш их гомдол санал ирдэг. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд зохицуулалт хийх тал дээр Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААЯ-наас 51 ААН-тэй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тухай бодлогын гэрээ байгуулсан.

Ургамлын тос, элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр ШӨХТГ-аас хяналт тавин ажиллаж байгаа. Эдгээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа эсэх болон үйлчлүүлэгчдийн ая тухтай нөхцөл байдлыг хангаж буй эсэх дээр анхаарал тавин ажиллаж байна.

Мөн бидний хөндөж байгаа Эрүүл ахуй тухай хуулийн долоодугаар зүйлд зааснаар худалдаа үйлчилгээний байгууллага нь иргэдэд чөлөөтэй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөтэй байна гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт хэрэгжиж байна уу гэх мэт бүх талын шалгалтыг хийж байна. Мөн ААН-үүд болох дэлгүүр, худалдааны төвүүд, захуудын нийлүүлэгчидтэй хийж байгаа гэрээн дээр өрсөлдөөнийг хязгаарлаж, хүний эрхийг зөрчсөн аливаа зүйл заалт оруулсан байна уу гэдгийг дүрэм журмынх нь хүрээнд шалгаж байгаа. Энэ шалгалт бүх том худалдааны төв болон дэлгүүрүүдээр хийгдсэн. Жишээлбэл, Emart, Миний дэлгүүр, Номин, Сансар, Оргил, CU, GS25 гэх мэт бүх сүлжээ дэлгүүрүүд, Дэнжийн мянга, Хархорин, Нарантуул зах гэх мэт бүхий л захуудаар шалгалтын үйл ажиллагаа явуулсан. ААН-үүдэд илэрч байгаа нийтлэг зөрчил нь лангууны үнэ кассын үнэтэйгээ зөрдөг асуудал. Лангуун дээрээс бараа авахад 1000 төгрөг гэж байхад кассан дээр очоод бичүүлэхэд 1200 төгрөг байх эсвэл хямдралтай гэж бичсэн лангуун дээрээс бараа аваад бичүүлэхэд тэр нь хямдраагүй байх гэх мэт нийтлэг зөрчил гарч байна.

-Кг-ын бараа жиндээ хүрдэггүй байдал бас гардаг шүү дээ?

-Мөн жинлэж зардаг бараа бүтээгдэхүүний жин хэмжүүр нь стандартын шаардлага хангаагүй буюу стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй байх тохиолдол олон байна. Зарим нь наадмын үеэр амраад жин хэмжүүрээ баталгаажуулж амжаагүй, хүн нь байгаагүй гэх мэт тайлбар тавьж байна. Зургаан сар тутамд баталгаажуулах ёстой атал 2020 оноос хойш баталгаажуулаагүй жин хэмжүүрээр жинлэж байгаа газрууд, лангуун дээрээ хөгцөрсөн талх, хугацаа нь дууссан зайдас гэх мэтийг зарж байгаа дэлгүүрүүд ч байна.

Үүнийг иргэд анзааралгүй худалдаж авч байхад нь манай шалгалтын ажилчид түүнийг нь хурааж авах зэрэг асуудлууд ихээр гарсан. Эдгээр асуудлууд дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ аваад явна.

Үнийн мэдээллийн зөрүүтэй байгаа тал дээр манай байгууллагын зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд хэрэглэгчид үнэн бодит зөв мэдээллийг хүртэх ёстой гэсэн үүднээс хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзэн таван сая төгрөгийн торгууль оногдуулж байгаа. Стандартад нийцээгүй жин хэмжүүрээр үйлчилсэн, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдсан зэрэг асуудлыг МХЕГ-руу шилжүүлсэн. Нийлүүлэгчтэй хийсэн гэрээний зөрчлийн асуудлын хяналт шалгалт үргэлжилж байна. ААН-ийг газар дээрээс нь хянан шалгах үйл ажиллагаа дууссан. Хянан шалгах, торгууль ногдуулах, албан шаардлага өгөх үйл ажиллагаа дууссаны дараа албан ёсоор олон нийтэд мэдээлэнэ.

-Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй гэх гомдол бас гардаг. Үүн дээр яаж ажиллахаар болсон бэ?

-Энэ тал дээр санал гомдол маш их ирдэг. Энэ бүхний цаана далд эдийн засаг, далд бизнес эргэлддэг. Захаас НӨАТ-гүй авчхаад цааш нь дамлаж НӨАТ-тай зардаг гэх мэт шударга бус асуудал ихээр гарч байгаа. Хуулийнхаа дагуу бол энэ нь ТЕГ-ын хариуцах ажил л даа. Гэхдээ зөвхөн ТЕГ хариуцна гээд суугаад байж болохгүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4-т хэрэглэгч барааны нэр төрөл, үнэ, 7.2.5-д барааны хэмжээ хэмжих нэгжийн талаар хэрэглэгч мэдээлэл авах эрхтэй гэж заасан. Татварын хуулийн 28.5-д татвар төлөгч борлуулалт хийх бүрт хэрэглэгчийн системээр хэрэглэгчид дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсвэл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд үүн дээр татварын байцаагч хяналт тавина гэж үүрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагаан дээр хоёр байгууллага хамтарч илүү оновчтой зохион байгуулалттайгаар ААН-дийн НӨАТ олголтыг хянаж, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс хамтран ажиллах саналыг ТЕГ-т хүргүүлсэн. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын гэрээтэй холбоотой хяналт шалгалтыг хэрэгжүүлж байхад зарим байгууллагын гэрээн дээр өрсөлдөөнийг хязгаарласан, үнийг нэг түвшинд барихад чиглэсэн заалтууд байна. Энийг нарийвчлан шалгах ёстой гэсэн үүднээс зөрчлийн хэрэг нээхээр прокурорт хандаад байгаа. Үүнийг мөн шийдэгдсэний дараа иргэдэд мэдээлэх болно.

-Мөн үүрэн холбооны үндэсний операторуудын үйл ажиллагаан дээр иргэдээс ирж байгаа гомдол саналуудыг нэгтгэн хүлээн авч байгаа гэсэн. Энэ ажил хэрхэн явагдаж байна вэ?

- Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдол саналууд мөн олноор ирж байгаа. Жишээ нь, хэрэглэгч өнөөдөр наймдугаар сарын 22-ны өдөр сарын хугацаатай дата худалдаж авахад нөгөөх нь сарын сүүл буюу 30-нд дуусчихдаг.

Дата нь дуусаагүй байхад хугацаа нь аравхан хоноод дуусах мэтээр хэрэглэгчдийг хохироодог. Мөн нэр шилжих асуудал дээр үнэ цэнтэй хэрэглэгч эсвэл үнэ цэнтэй дугаар гээд нэр шилжихгүй байх шалтгаанаар хувь хүний өмчид халдсан гэх гомдол ихээр ирж байна.

Манай байгууллага ирсэн гомдлынх нь дагуу тухайн байгууллага руу нь ярихаар тэр дор нь асуудлыг нь шийдээд өгдөг. Гэтэл үүний цаана гомдол гаргаагүй маш олон хэрэглэгч хохирч байгаа учраас иргэдийн санал хүсэлтийг нэгтгэж авъя гэсэн шийдвэрт хүрч сошиал хуудсаараа нэгтгэн авсан. Мөн манай иргэдийн санал гомдол хүлээж авах утсанд ирсэн гомдлын дагуу манай байгууллага дөрвөн үүрэн холбооны оператортой холбогдон иргэдтэй хийдэг гэрээ, харилцах нөхцлийг тусгасан бичиг баримтыг шалгахаар татсан байгаа. Энэхүү удирдамжуудыг үндэслэн хэрэглэгчийн гомдол саналтай харьцуулан аудит хийсний дараа хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, хохироосон зөрчилтэй зүйл заалтуудыг засаж шийдвэрлэх, шаардлага тавих зорилготой ажиллаж байна. Хэрэглэгчдээс ирсэн гомдол бүрийг нэг бүрчлэн шийдвэрлэхэд манай хүн хүч хүрэлцэхгүй учраас урьдчилан сэргийлэх, үйлчилгээний таатай нөхцлийг бүрдүүлэх тал руу чиглэн ажиллаж байгаа.

-Өөр ямар гомдол саналууд их ирж байна. Цаашид ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Банктай холбоотой томоохон хоёр ажлыг хийж хэрэгжүүлсэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу банкны хар жагсаалт буюу зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч гэж тодорхойлогдон орохдоо зөвхөн банкнаас биш ББСБ, үүрэн телефоны операторууд, гурвалсан үйлчилгээгээр дамжуулаад хар жагсаалтанд орж байна. Утасны дугаар аваад тэрийгээ ашиглахгүй хоёр сар болоход хар жагсаалтанд орчихдог. Түүнээсээ болоод зургаан жил зээлд хамрагдаж болохгүй гэх асуудал гарч байсан. Үүнтэй холбоотой манай байгууллага хяналт шалгалт явуулж Монголбанканд хүсэлт илгээсэн. Монголбанкнаас энэ асуулдлыг өнгөрөгч долоодугаар сард шийдвэрлэсэн. Нийт 50 мянган иргэн, таван мянган ААН-ийг хар жагсаалтаас чөлөөлсөн. Мөн банкны ипотекийн зээлний 1 хувийн шимтгэлийн асуудал байгаа. Зээл олгосны шимтгэл болгож 1 хувийг банк зээлдэгчээсээ авдаг. Энэ нь хууль зөрчиж байна гэсэн асуудал гарсны үндсэн дээр хяналт шалгалт явуулах гэсэн боловч банкууд шалгуулахгүй гэсэн байр суурьтай байсан учраас бид зөрчлийн хэрэг нээж шалгалт явууллаа. Зөрчлийн хэргийнхээ хугацаанд шалгалтаа явуулахын тулд хянан шалгах асуудлынхаа хүрээг нарийвчлан зөвхөн ипотекийн зээл дээр авч үзэхэд энэ нь хууль зөрчиж байна. Хуулиндаа банк болон эрх бүхий этгээд зээл олгохдоо шимтгэл авч болно. Авахдаа зээл бүрээс тогтмол дүнгээр шимтгэл авахыг хуульчилсан байдаг. Гэтэл зээл бүрээс нэг хувийн шимтгэл авах юм бол зээлийн дүнгээс хамаарч шимтгэлийн мөнгөн дүн нь харилцан адилгүй байх учраас энэ нь хууль бус үйлдэл болж байгаа юм. Энэ асуудлаар бид нэр бүхий есөн банкинд тус бүрт 20 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна.  Энэ хугацаанд зөрчлөө засаж, эрх нь зөрчигдсөн иргэд, ААН-үүдийн хохирлыг барагдуулах ёстой. Үүний дараа ББСБ-гууд дээр мөн энэ асуудалтай холбоотой хяналт шалгалт хийж байгаа. ББСБ маш олон байгаа учраас түргэвчилсэн шалгалт хийсний дараа нийт ББСБ-дад чиглэсэн шаардлага тавина.

-Бензиний асуудлаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнөөдөр бол бензиний үнэ буурч байна. Сүүлийн саруудад шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа болохоор манайд ч мөн өссөөр ирсэн. Наймдугаар сард зарагдаж байгаа шатахууны үнэ 200 доллар орчим буурсан. Тооцоолоод үзэхэд долларын ханш өмнөх сараас 64 орчим төгрөгөөр өссөн.

Харин өнөөдрийн орж ирж байгаа шатахууны үнэ зургадугаар сарынхаас 24 доллар орчим хямд байна. Тэгэхээр бид зургадугаар сарынхаа үнэ дээр очих боломжтой. Гэвч саяын үнэ өсөлтийн үеэр нефт импортлогч компаниуд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуд уул уурхайн яамтай зохицуулалт хийж тодорхой хэмжээнд алдагдалтай ажилласан байна.

Энэ алдагдлаа нөхөх үүднээс шатахууны үнийг 450-500 төгрөгөөр буулгалгүйгээр 300 төгрөгөөр буулгаж байна гэж харж байна. Энэ тал дээр ШӨХТГ хяналт шалгалт хийж, ашигтай ажилласан тохиолдолд үнийг бууруулах, мөн үндэслэлгүйгээр ашиг олох, үгсэн хуйвалдах зэрэг асуудал гаргахгүй ажиллах болно.

 

Шинэ мэдээ