Пүрэв, 5 сар 2, 2024
12.1 C
Ulaanbaatar

Хагийн аюултай газар бороо орсны дараах Улаанбаатар

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үер,усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн, шингэн ялгадас, хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг байна. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэх аргын талаар зөвлөж байна.

Үер усны дараах ахуйн халдваргүйжүүлэлт:

  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
  • Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэх
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

Үер усны дараах бохирдсон хөрс, талбайг халдваргүйжүүлэх:

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Доорх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.

Хлорын шохой

10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1 кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Гипохлорид

600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Жавелион

10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Клорсепт

10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Тамир-Эм бэлдмэл

1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.

Эко-00 бэлдмэл

Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.

Шинэ мэдээ