Мягмар, 4 сар 16, 2024
18.1 C
Ulaanbaatar

"Оролцоо" төслөөр дамжуулан 18-34 насны залуус байнгын ажлын байртай болох боломжтой

X.Тамираа: "Оролцоо" төслөөр дамжуулан 18-34 насны залуус байнгын ажлын байртай болох боломжтой
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тухайн төслийн талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлсийн дарга Х.Тамираатай ярилцлаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Оролцоо“ төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслөөс ямар үр дүн гарч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд бид 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Оролцоо" төслийг 2 дахь жилдээ жил хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилийн тухайд бид нийт 2389 залуучуудыг хамруулаад үүнээсээ 806 залуучуудыг байнгын ажлын байранд зуучилсан байгаа. Энэ жилийн тухайд төслөө зургаадугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн. Одоогийн байдлаар хоёр ээлжид нийт 536 залуучуудыг хамруулсан байгаа. Энэ жил хамрагдсан залуучууд маань эхнээсээ 14 хоногийн хугацаатай ажлын байранд дадлагынхаа ажлыг эхлүүлээд зарим нь дууссан, заримыг нь цаашид байнгын тогтвортой ажлын байранд зуучлах ажил маань үргэлжлээд  явж байгаа.

 -Энэ төсөлд хараахан мэргэжил эзэмшээгүй залуус их хамрагддаг уу? Эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ ажилддаггүй, өөр мэргэжлээр ажиллах сонирхолтой залуус илүү хамрагдаж байна уу?

 Бид боловсролын хувьд ямар нэгэн шаардлага тавихгүй. Их дээд сургууль төгссөн, мэргэжлийн боловсролын сургалтын байгуулага төгссөн мөн ЕБС төгссөн хараахан мэргэжил эзэмшиж амжаагүй залуучууд ч хамрагдаж байгаа. Статистикаас харвал өнгөрсөн жил хамрагдсан залуучуудын нийт 50 орчим хувь нь ЕБС төгссөн буюу мэргэжил эзэмшээгүй залуучууд хамрагдсан. 20-иод хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд буюу мэргэжлийн сургалтын байгууллагаар ямар нэгэн байдлаар мэргэжил эзэмшсэн, үлдсэн 20-иод хувь нь их дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй, 2 хувь нь мастер хамгаалсан залуучууд байсан.  Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны ямар ч залуусд манай үүд хаалга нээлттэй.

 -Яагаад 18-34 насны залуус гэж насны ангилал заасан бэ?

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу монгол залуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр 18-34 насны залуучуудыг байна гэсэн томьёоллын дагуу бид нар ийм насны залуучуудыг хамруулж байна.

 -Хувь хүний хөгжлийн цогц сургалтад хамрагдсан залуус ямар мэдлэг олж авах вэ?

Бид залуусыг төлөвлөгөөт байдлаар хөдөлмөр болон хөдөлмөрийн харилцаанд бэлтгэж байна. Зөөлөн ур чадвар буюу софт скиллс гэж яригдаад байгаа харилцаа хандлагын хичээл сурч байгаа. Багаар хэрхэн ажиллах, цагийн менежмент гэж юу юм, хүн яагаад алсын хараатай байх ёстой юм, яагаад ажил хөдөлмөр эрхлэх нь чухал вэ гэсэн ийм хичээлүүдийг сурч эзэмшиж гарч байгаа. Үүнийхээ хажуугаар давхар бид монгол өв соёл уламжлалын талаар,  монгол хүн гэж хэн бэ, эх орон ч үзэл санаа тусгах зорилгоор бас батлан хамгаалах салбарт оюутан цэрэгт ордог хичээлүүдийг хамт орж байгаа.

 -Ажилд зуучилж өгөхөөс гадна энэ сургалтаар мэргэжил олгох уу? Ажиллахыг хүсэж буй салбар мэргэжлээ сонгох боломж байгаа юу?

Төслийн маань үндсэн арга хэмжээ бол эхлээд 14 хоног бид вакумжуулсан орчинд софт скиллийн хичээл ороод дараа нь 14 хоног ажлын байран дээр дадлага хийлгэнэ. Үргэлжлүүлээд бид  сургалтын дараах дэмжлэгүүд гээд байнгын ажлын байр зуучлах ажил мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжиж хэрэгждэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Сургалтад хамрагдаад гарсан залуучууд байнгын ажлын байранд зуучилж болно.  Хэрэв үргэлжлүүлээд сурмаар байна гэвэл ямар мэргэжлээр суралцах сонирхолтой байгаа, ирээдүйд ямар ажил мэргэжил хийх хүсэл сонирхолтой байна тэр чиглэлийн дагуу богино болон урт хугацааны сургалтад хамруулах ажлуудыг аймаг дүүргүүдээр дамжуулаад хийж байгаа.

 -Сургалтад хамрагдсаны дараа ажлын байр хэр олддог вэ?

Ажлын байр бол хангалттай байна. Бид 14 хоногийн хугацааны сургалтын 12 дахь өдөрт нь хөдөлмөрийн аян гэж зохион байгуулдаг.  Хамгийн сүүлд нийт 1400 ажлын байр залуучууддаа танилцуулж түүнээс 306 залуучууд хамрагдаж, 103 залуу ажлын байранд дадлага хийх гэрээг тухайн өдрөө байгуулсан. Төсөлд анх хамрагдах үед нь ямар ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байна вэ гэдэг асуулга явуулж байгаад түүндээ тулгуурласан ажлын байруудыг санал болгодог. Тэгэхээр хамрагдсан залуучууд маань өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу ажлын байраа олох нь илүү нээлттэй байна.

 -Хэчнээн байгууллагатай хамтарч ажилладаг вэ?

Өнгөрсөн жилд бид 175 аж ахуй нэгж байгууллагатай хамтарч ажилласан. Энэ жил давхардсан тоогоор 300 гаруй аж ахуй нэгжүүд ажлын байрын захиалгыг өгөөд хамтарч ажиллаж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа

Эх сурвалж: Itoim.mn

Шинэ мэдээ