Ням, 4 сар 28, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Ажлын хажуугаарх давхар орлого нь биеэ үнэлэлт болоод байна

Монголын нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа. Тэр тусмаа цалингаараа элбэг хангалуун амьдарна гэдэг бүр ч боломжгүй. Түүнчлэн сошиал медиа дахь инфлюнсэрүүдийн тансаг амьдрал, өнгө алагласан худал аз жаргал залуу үеийнхний тархийг бүр ч хурдацтай угаах болжээ. Тиймээс энгийн, эгэл боргил амьдрал хэнд ч таалагдахаа больсон байна. Тиймээс хүн бүр л амар хялбар аргаар баяжиж, мөнгөтэй болохыг зорих болж.

Энэ хүсэл нь тэднийг хархны өгөөшөнд оруулж байх шиг. Ялангуяа охид, бүсгүйчүүд инстаграмын зураг шиг амьдрахын тулд өөрсдийн биеэ худалдах болов. 10 жилийн охидуудын дунд нүцгэн бичлэг зургаа зарах, видео болон калл секс хийх нь энгийн нэг үзэгдэл болов. Улмаар тэр нь архагшаад цааш биеэ үнэлэлт болж байна. Оюутан охидын дунд байрны түрээс сургалтын төлбөрөөс өгсүүлээд мөнгө их зарлагаддаг. Тийм ч учраас энэ хэрэгцээгээ хангахын тулд биеэ үнэлэх болов. Ажлын талбар дээр гарсан охид ч цалингаас гадуур орлого нэрийдлээр мөнгөөр залуустай уулздаг болсон байна.

Энэ бүхний шалтгаан бол бидний сэтгэлзүйд байна. Охид бүсгүйчүүдийн хувьд найз залуутай болж, тэрэндээ баригдмал амьдрах сонирхол ховор болжээ. Үнэхээр секс хийх бол тэрийгээ үнэгүй хийх бодол байхгүй болсон байна. Энэ бол манай нийгэм оюуны доройтолд орсныг илтгэх жишээ юм.

-ОХИД БҮЛЭГ БОЛЖ ДУУДЛАГААР БИЕЭ ҮНЭЛЭХЭЭС ГАДНА ХААЛТТАЙ ГРУПП ҮҮСГЭН ӨӨРСДИЙГӨӨ ЗАРАХ НЬ ИХЭССЭНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АНХААРУУЛЖ БАЙНА-

Охидын биеэ үнэлэлт хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд онцлон хэлж байна. Тэр тусмаа их, дээд сургуулийн оюутнууд бусдад биеэ үнэлж, амар хялбар аргаар мөнгө олж байгаа аж. Бүр Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газраас биеэ үнэлж байгаа оюутан охидын талаар судалгаа гаргажээ. Тодруулбал, “Оюутан охид гудамжинд зогсож биеэ үнэлээд байхгүй. Ихэвчлэн цахим хэлбэрээр үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож, бусдад биеэ үнэлдэг болсон. Тэд царайгаа харуулахгүйгээр элдэв зүй бус, бусдыг уруу татсан бичлэг хийж, бусдад илгээдэг. Танил талаараа дамжуулан санхүүгийн боломжтой нэгэнтэй ойр дотно харилцаа үүсгэдэг. Бүр орон сууц, буудал зэрэгт дуудлагаар олуулаа очиж, биеэ үнэлж, садар самуун, ёс бус зүйлс хийдэг үйлдлүүд ч тогтоогдож байгаа” гэсэн юм. “Бүр оюутан охидын биеийг бусдад хүчээр наймаалцадаг гэмт хэргийн бүлэглэл бий болсон. Өмнөд Монголын хэд хэдэн хүн монгол охидыг урд хөршийнхөнд зуучилж өгдөг нь хэрэг мөрдөн шалгах явцад тодорхой болсон” гэлээ.

Тухайлбал, Өвөрмонголын иргэн Б-гийн гар утсанд 20-25 насны монгол охидын нүцгэн зураг олноороо байгааг эд мөрийн баримтаар хураагдсан утаснаас нь олжээ. Тэрбээр охидын зургийг БНХАУ-ын иргэд рүү явуулан “Энэ охин ямар байна. Энийг авах уу. Хямдхан өгнө шүү. Таалагдахгүй байвал өөрийг олоод өгч болно” гэх зэргээр хувийн чатаар харилцдаг нь тогтоогдсон. Монгол Улсад амьдардаг хятадуудад монгол охидыг зуучлан биеийг нь үнэлүүлээд дундаас нь мөнгө олдог байсан байж магадгүй ноцтой баримтууд олноор олддог гэнэ.

Тэрбээр ихэвчлэн оюутан охидтой харилцдаг. Охид түүн рүү “Ах аа, хичээлтэй байна. Хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөөч. Орой нөгөө хүнтэй чинь уулзаж болох уу. Одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэх зэрэг чат бичиж, сургуулийнхаа бие засах өрөөнөөс садар самуун зураг, бичлэгээ явуулсан байжээ. Ийм байдлаар оюутан охидод урьдчилгаа төлбөр олгон, эрхшээлдээ байлгадаг байна. Мөн нүцгэн зургийг нь худалдан авч, улмаар сүрдүүлдэг нь батлагджээ.

БИЕЭ ҮНЭЛЭХ НЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЖЭЭ

Фэйсбүүкийн хаалттай группүүд биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн, дураараа дургих талбар болж байгааг хууль хяналтынхан онцолж байлаа. Тодруулбал, биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хаалттай групп үүсгэн түүндээ элсэх хүнийг төгрөгийн болон ам.долларын төлбөртэйгөөр элсүүлдэг гэнэ. Улмаар охидын элдэв эротик, зүй бус бичлэгийг байршуулан хэрэглэгдээр нь үнэ хаялцуулж, бичлэгийн эздийн биеийг дуудлагаар худалддаг аж. Цагдаагийн байгууллага нэг удаагийн хяналт, шалгалтын үеэр энэ төрлийн 30 гаруй хаалттай фэйсбүүк групп олж илрүүлдэг гэнэ.

Түүнчлэн “Санхүү авна” гэх охид, эмэгтэйчүүдийг үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг нүцгэлж бичлэг хийн тохуурхан даажигнаж, тухайн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж ойр дотны, гэр бүлийн хүмүүст нь үзүүлнэ хэмээн дарамталдаг аж. Энэ мэт амь нас, эрүүл мэнд, нэр, хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийнхөө эрхшээлд оруулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, гэмт хэргийн золиос болгодог байна.

ОХИД НАЙЗУУДААРАА НИЙЛЖ, ЭРЧҮҮДЭД ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

Дуудлагаар биеэ үнэлж байгаа этгээдүүд нэг цагийн үйлчилгээг багадаа 80.000-100.000 төгрөг, хоногийн 200.000-250.000 төгрөгөөр үзүүлдэг гэнэ. Олсон мөнгөний 50-70 хувийг зохион байгуулагч этгээд авч ашиг олдог гэх яриа ч мөн байдаг аж.

Тухайлбал, З.Б гэгч нь 998** дугаарын утсаар зарын захиалга авдаг. Нэг  удаа зар оруулахад 1000 төгрөг байдаг, өдөрт багцаагаар 60-70 хүн зар оруулахаар хандаж Хаан банкны 51** дугаарын дансаар мөнгөө шилжүүлж авснаар иргэдийн байрлуулах зарыг чеклэж оруулдаг. Уг веб сайт нь нийт 30 мөр зар оруулах боломжтой бөгөөд 31 хүрвэл түрүүлж байршуулснаасаа устаж эхэлдэг гэх.

Хамгийн сүүлийн үеийн олон нийтийн дунд илэрсэн нэгэн жишээ бол нэр бүхий шүүгч, хууль хяналтын байгууллагынхан “Дори” тэргүүтэй биеэ үнэлэгч авсан, 20 гаруй насны охид, эмэгтэйчүүд ар араасаа цувран ирж,... тоотод орсон хяналтын камерийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Тэднийг найзуудаараа нийлж зохион байгуулалтайгаар биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл хууль хяналтынхан ийм төрлийн биеэ үнэлэлт манайд түгээмэл гарах болсон гэж байв.

ОНГОН ОХИДЫГ БУСДАД ЗУУЧИЛЖ, АШИГ ОЛДОГ СҮЛЖЭЭ БИЙ ГЭВ

Нөлөө бүхий эрх мэдэлтэн, бизнесменүүд онгон охидод “нугасгүй” тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар ирсэн. Зуучлагч нар охидод “Би чамайг зуучлаад өгье. Тэд чам шиг хөөрхөн бас онгон охинд хүссэн мөнгийг чинь л өгнө” хэмээн ятгаж, их мөнгө дуулгадаг байна. “Тухайлбал, дунджаар 1000 ам.доллар байдаг. Мөнгийг зуучлагч, охин хоёр тэнцүү хуваадаг. Тухайн охин хүсвэл дээр нь сургалтын төлбөр, гар утас, хувцас гээд хүссэн бүхнээ авч болдог. Тэгэхээр ашигтай байгаа биз. Томчуудад мөнгө юу ч биш. Тэдэнд зөвхөн онгон охид байхад л хангалттай” хэмээн зуучлагч эмэгтэй ярьсан байдаг.

ЗОЧИД БУУДАЛ, ГУЛГАА МАССАЖ ЗЭРЭГ ГАЗАР ТЭДНИЙ АЖЛЫН БАЙР

Биеэ үнэлэлтийг “массаж” гэх нэрийн дор нууж, даамжирснаар охид, залуус ДОХ, бэлгийн замын өвчинтэй болох нь элбэг байгаа тухай цагдаа нар төдийгүй эрүүл мэндийн салбарынхан хэлсээр ирсэн. Сүүлийн үед бүр гулгаа массаж, түрүү булчирхайн массаж гэсэн нэрийн дор зөвшилцөн бэлгийн харилцаанд орох явдал газар авчээ.

Энэ нь Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 дугаар заалт буюу биеэ үнэлэгчийг зуучлах, орон байр, тээврийн хэрэгслээр хангах этгээдэд хариуцлага хүлээлгэдэг заалтыг нь аваад зөвхөн биеэ үнэлэгчид хариуцлага тооцдог болсонтой холбоотой гэнэ. Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсч буй тухай холбогдох албаныхан хэлдэг.

Шинэ мэдээ