Бямба, 5 сар 11, 2024
4.1 C
Ulaanbaatar

ҮГ БОДИТОЙ БАЙДГИЙГ О.ХАНГАЙ ХАРУУЛЛАА

Үг амьтай байдаг, бодит зүйл. Тиймээс шүншиг ерөөлийг бодож ямагт сайн сайхан үг хэлж бай, хэзээд биелдэг тухай сургаал номлолд байдаг. Энэхүү сургаалыг дагаж мөрддөг, аль болох ерөөл бэлгэтэй үг хэлэхийг эрхэмлэх хүмүүс мэдээж олон. Гэхдээ манайхны дийлэнх нь үгийн хүч, үгийн ид шид, бодит чанарт тэгтлээ үнэмшдэггүй. Чин зүрхнээсээ сүсэглээд байдаггүй. Бурхан шашны, ном соёлын хүмүүсийн ажил гэж өөрөөсөө холдуулах нь бий.

Харин үг амьтай байдаг, нөлөөт толь шиг сайны тусгал өгдгийг олон хүний жишээ, амьдралын зам мөр бидэнд харуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн наадмын түрүү бөх О.Хангай өмнө нь “Улсын аварга” хэмээн өөрийнхөө цолыг дуудуулсан явдал.

Тодруулбал, өнгөрөгч жил харцага цолтнуудын халз барилдааны үеэр улсын гавьяат жүжигчин, бөх цоллооч Б.Мөнхбаатараар цолоо дуудуулсан байдаг.

Тэгэхдээ “Ахаа та намайг аварга гээд дуудаад өгөөч, монгол хүн амны бэлгээр гэдэг дээ” хэмээн санаандгүй хэлчихжээ.

Засуул түүний хэлсэн ёсоор цолыг нь дуудахдаа Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор түрүүлнэ, тэгээд аварга болох учир 101 жилийн ойн наадамд аварга цолтой зодоглож байгаагаар ерөөл бэлгийг бодож цолыг нь дууджээ. Тэгтэл Мөнхбаатар гавьяатын цангинасан хоолойгоор тал нутгийг цуурайттал дуудуулсан “Монгол Улсын аварга” хэмээх тэр үг өнөө жилийн их баяр наадамд биелэлээ олсныг бүх Монгол даяараа бахархан харлаа.

Үг гэдэг ийм ид шидтэй, хүчтэй, амьтай байдаг байна. Үнэхээр бодит байдгийг Хангай аваргын энэхүү үйлдэл монголчууд бидэнд бататгаж харууллаа.

Сайн юм бүхэн сайныг дагуулдаг гэдэг энэ. Аливаа зүйлд дандаа ерөөл бодож, буян хишиг санаж, ариун цагаан зам мөртэй явахыг эрхэмлэхүйд нэг л өдөр танд шагнал нь ирнэ. Үндсэндээ сайн сайхан сэтгэлийн тань үг бодитойгоор оршиж бурхны бэлэг мэт танд ирнэ.

НИЙТЛЭЛЧ Н.ГАНТУЛГА

Шинэ мэдээ