Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуусан араншин...

Ю.Цэдэнбал ноёрхлоо мөнхөд хангахын тулд Д.Дамба нарыг “хоцрогдсон” хэмээх шалтгаан гаргаж ирсэн. Тэгээд нам, төрийн удирдлагаас шахсан. Шахахдаа Д.Төмөр-Очирыг ашигласан. Д.Төмөр-Очирыг намын удирдлагаас зайлуулахдаа Л.Цэндийг хэрэглэсэн. Л.Цэндийг зайлуулах хуйвалдааныг зохион байгуулахдаа Б.Нямбуу нарт тулгуурлан санаагаа хэрэгжүүлж байв. Ингэж бичжээ. МАН-ын 100 жилийн ойд зориулж, намын төв аппаратаас нь эрхлэн гаргасан улаан номноос ийм юмнууд уншаад байх юм л даа. Түүх үнэн байх ёстой. Зүгээр л "МАН-ын түүхэн үнэнийг миний үед ард түмэнд үлдээ" гэж Л.Оюун-Эрдэнэ солиорсон юм болов уу. Та нар бод доо, МАН шүү дээ, Ю.Цэдэнбал аа, бусад том удирдагчдынхаа үнэн түүхийг өнгөрсөн 100 жилд ингэж доторлон үнэнээр нь бичиж байсан уу. Яг энэ хандлагаараа бол өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "ёо ёо"-той нөхөр юм билээ дээ.

М.Энхболдын өмдний шуумагнаас эхэлж чангаасан хүн бол энэ нам дотроос анх Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Намынхаа бага хурал дээр “Тэгж яривал М.Энхболд дарга та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ” гэчихсэн. Тухайн үед хаан байсан М.Энхболдын өөдөөс нэг муу бацаан шүү дээ.

Л.Оюун-Эрдэнийг ингэж хэлэхэд бусад нь яасан бол. Энэхүү алдарт “гэрэл цохиулсан” үгийн автор нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг өнөөдөр хүмүүс мартчихсан л байх. М.Энхболдын өмдний шуумагнаас “бацааныг” ингэж татаж чангааж эхлэхэд бүгд л “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж хандсан. Ганц М.Энхболд ч биш аль аль намын түүнтэй холбогддог нөхдүүдийг тэгж өдсөн. Тэднийг яах юм, цул бяр байсан улсыг. Тиймээс нэг их үр дүн хүлээгээгүй. Хүлээх ч үндэсгүй цаг байв. Тэгсэн ахисаар удалгүй өмднийх нь халааснаас зуураад авсныг та бид мэднэ. М.Энхболд нарын өмдний тэлээ Монголын хамгийн чанартай, зузаан "арьс" учраас өөрөө ч, хамтрагчид нь ч санаа зовоогүй байх. Тэгсэн яасан, нөгөө “бацаан”-ыг өнөөдөр хар даа, тэднийг шалдлаад тавьчихсан байгаа биз. Тэднийг мултлаад зогсохгүй, өнөөдөр өөрөө МАН-ын дарга, Ерөнхий сайд болчихсон явж байна.

Ийм л “юм” болж өнгөрснийг хүмүүс мэдэж байгаа учраас Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр хүн бүхэн анзаарч, ажиглаж байна. Үг, үйлдэл бүрт нь дүгнэлт хийцгээх болж. "Л.Оюун-Эрдэнэ нэг барьсанаа тавьдаггүй юм байна" гэдгийг анзаарлаа. "Барьж авсан юмныхаа ард заавал гардаг араншинтай юм байна" гэдгийг ойлгоцгоолоо. Анхлаад ярьсан зүйл нь “60 тэрбум”-ын схем буюу төрийн эрх мэдлийг авахын тулд хэрхэн мөнгө босгодог схемийн талаарх түүний яриа байв. "Ийм юм байж болохгүй" гэж тэр дуугарсан, тэмцсэн. Энэ схем одоо оргүй алга болсон эсэхийг би мэдэхгүй байна. Лав одоо ил цагаан мөнгөний албан тушаал байна уу, үгүй юү. Байгаа бол түүнд хэлэх хэрэгтэй. Хамгийн үзэж чадахгүй юмных нь нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Эсрэг зогсож байгаа Ерөнхий сайд гэдэгт АН-ынхан ч итгэдэг.

Дараа нь тэрээр Оюу толгой, тэгээд Эрдэнэт, Хөгжлийн банк... бүгдийг нь зөв байранд тавих гэж зүтгэсэн. Гал дундуур явж байна. Чадаж ч байна. Тийм учраас Монгол Улсын иргэний хувьд ташуур өгөх нь зүйн хэрэг гэж үзсэн юм. Заримынх нь процесс өнөөдөр үргэлжилж байна. Хөгжлийн банк лав дампуурахгүй нь тодорхой болсон. Үр дүн мөн л дөө. Түүний дараагийн орох гал юу болохын тухайд улс төрийн хүрээнд яриад эхэлсэн. Сонсож мэдэцгээнэ биз.

Ингэж улс орон удирдах ажлаа үргэлжлүүлж байгаа нь нэг талаас тэмцэл л гэж харагддаг. Энэ нь түүний эсрэг том хүч хуралдаж байгаа болов уу гэхээр үзэгддэг.

Гэхдээ түүний байр байдлыг харахаар үгүй ч юм шиг тайван ажиллах. Түүний хэлсэн нэг үг бий. “Би байгаа дээрээ бодлогоо хэрэгжүүлнэ. Ажлыг хийнэ. Ард нь заавал гарна” гэж. Энэ үгийн цаана юу харагддаг гэхээр тэр дарга болох хүсэлтэйгээ хамт “Дарга болоод үүнийг хийнэ” гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Бусад нь бол дан ганц дарга л болох хүсэлтэй орж ирж дарга болдог юм. Түүний бас нэг үг бий. “Яахаараа хэдхэн хүн Монголыг мөнхөд захирч, ард түмэн ч гэсэн тэд л захирч байх ёстой гэсэн бодолтой болчихсон байгаа юм” гэж. Энэ үг бол тухайн үедээ их том үг, их том эрсдэл. Үүнийхээ шанд тэрээр "гурван үсэг"-тэй газраар эгээтэй эхнэрийнхээ цүнхийг шалгуулаагүй байх. Заавал “юм” ол гэсэн тушаалтай комиссарууд эхнэрийнх нь цүнхийг ч бараг уудалсан биз дээ. Юу ч олдоогүй гэдэг. Эхний даваа нь тэр болсон. Нээнтэггүй, нэр цэвэр гараад ирсэн түүн рүү Их хурал дотроос ганц нэгээрээ очиж нийлсээр эцэстээ Их хурал дахь МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдахад хүрсэн юм. Маш товчхондоо өчигдрийн түүх нь ердөө энэ. Энэ цаг мөчөөс хойш түүний замналд мөн ч их зүйл өрнөж байна. Хамгийн гол нь Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт, Хөгжлийн банк... алинд нь ч хуруу дүрээгүй “тэнэг” явсан юм билээ. Ирэх 30 жилийн улс төрийн жишиг бараг энэ байх.

Нэпко хэвлэлийн компани дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” нэртэй 12 боть номын нээлт болсон юм. Нэр нь сэнтэг ч нидэр дээрээ сайн эх сурвалж бүхий ном. Энд юу сонсогдсон гэхээр Монголын парламентын 30 жилийн түүхэнд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан УБХ, АИХ чуулганы аварга том протоколуудыг архиваас гаргуулан авч өдөр шөнөгүй сууж үзсэн ганц улстөрч гарсан нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэж архивч нь хэлсэн байна лээ. Өнөөдөр ид яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд ингэж судалсан улстөрч голлох үүрэгтэй оролцож байгаад үнэ цэнэ, итгэл найдвар нь байгаа юм. Өмнөх өөрчлөлтүүд шиг дутуу дулимаг, улс төрийн зорилготой бантан болохгүй нь гэсэн итгэл үнэмшил байгаа юм. Судлаач Д.Ганхуягийн зүгээс "Монголд “системийн онол” мэдэх ганц улстөрч бий, тэр бол..." гэж байгаад түүний нэрийг хэлсэн. Тэр тэгж хүн магтдаг хүн мөн үү. Үгүй шүү.

Их эгзэгтэй цаг үе бол өнөөдөр мөн. Л.Оюун-Эрдэнэ бүгдийг задлаад, бутлаад, бужигнуулаад хаячихсан. Энэ бүгдийнхээ пянг нь даах тухай асуудал ч энд яригдана. Саяхан тэрээр “Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн бүх газрын дэд дарга нарын орон тоог байхгүй болгоход нэг зүйл анзаарагдлаа. Нэг ч Их хурлын гишүүний зүгээс тэрийг маань... гэж хандсангүй. Энэ бол их зөв жишиг, зөв хандлагын эхлэл. Хандлага жижигдэхгүй. Өмнө нь ямар байлаа даа, нэг мэргэжилтнийг ч мэдэлцэх гэсэн хүмүүсээр Их хурал дүүрсэн байсан шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд юуны төлөө, юу хийх гэж зорьж явааг хаа хаанаа ойлгож эхэлжээ” гэж. Бараг үнэн биз. Дэд дарга бүхэн УИХ-ын гишүүдийн хүмүүс байсан нь нууц биш.

Цаг хугацааны шалгуурыг хүлээхгүйгээр одоо хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ барьцаалагдаагүй улс төр хийж байна. Залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ дутуу сэрвэгнэж байж алуулах хэрэггүй. Зүгээр л гүйцэд хий... Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуурсан байдаг зан араншин чинь чамд тус болно. Харин энэ чинь Монголын заяанд хэрэгтэй зөв араншин юм даа...

Шинэ мэдээ