Баасан, 5 сар 3, 2024
12.1 C
Ulaanbaatar

Их аварга дөрвийн даваанд цол дуудуулахаас татгалзсан

Монгол наадмын тухай гурван үг
2022 оны 7 сарын 1 нд Наадам зохин байгуулах комиссоос төлөөлөгч очиж Х.Баянмөнх аваргатай уулзсан. Дөрвийн даваанд хүндэтгэлийн цол дуудуулахаар наадмын хөтөлбөрт оруулсан гэдгээ хэлсэн. Аварга татгалзсан. Яагаад гэвэл цол дууддаггүй даваанд цол дуудуулахгүй гэсэн. Маргааш нь 7 сарын 2 нд шадар сайд ирж уулзсан. Учир шалтгаанаа аварга ингэж тайлбарласан.
“Өмнө нь ийм ёслол хийж байсан түүх алга. Хэрэв байсан бол тэр жишгийг дагаад л ёслох ёстой. Гэтэл 10 түрүүлсэн, тэр арван түрүүний хоёр нь тэгш ой байсан. Тэгээд 80 нас хүрээд дэвжээнд гарсан бөх алга. Тэгэхээр энэ бол шинэ ёслол. Шинэ ёслол байлаа ч гэсэн Монгол бөхийнхөө бүрэлдсэн ёс жаягаа дагах ёстой. Үүнийг бид бүрэлдүүлээгүй, төр засаг ч бүрэлдүүлээгүй.
Монгол хүний оюун санаанаас бүрэлдэн буй болж олон зуун жилээр уламжлагдан тогтсон өвөрмөц соёлын дархлаа юм.
Хойшид 10 түрүүлсэн аварга гарахгүй байж болох ч 80 хүрэх аварга байж л таарна. Тийм болохоор би нийт үндэстнийхээ эрх ашгийг бодолцож, монгол бөхийн жудгийг баримталсан ёслол хүндэтгэл хийнэ. Цол дууддаг даваанд тааруулж хөтөлбөрөө засвал би очиход бэлэн. Үгүй бол заавал гарах гээд байх шаардлага алга. Анх АХ-ын 40 жилийн ойгоор төрсөн нутаг Хяргас сумынхаа 40 жилийн ойд түрүүлж байсан. 60 жилийн дараа тэр дэнж дээрээ очоод ёслол хүндэтгэлээ хийчихэд надад болохгүй зүйл алга. Гэхдээ би сумандаа 10 түрүүлсэн биш улсад 10 түрүүлсэн хүн. 5 олимп, 13 дэлхийн аварга, бусад 70 гаруй олон улсын тэмцээнд Монгол улсынхаа нэрийн өмнөөс барилдаж, Монгол төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол төрийн далбааг мандуулж явсан. Тиймээс Монголын ард түмэн, бөхөд хайртай зон олныхоо сэтгэлийн цэнгэлийг хүндэтгэж Улсынхаа баяр наадам дээр ёслол хийе гэсэн юм. Монгол хүний үнэт зүйл, Монгол бөхийн үнэт зүйл юу вэ гэдгийг хойч үе маань ухаарч, Монгол гэдэг улс дэлхийн олон улс гүрнээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг мэдэж авахад хэрэг болох байх” гэж хэлсэн.
Тиймээ. Уухайн түрлэгээр цэцэн харваачид нь харваж, гийнгоон дуугаар хүлэг морьд нь уралдаж, бөхийн цолоо уран яруугаар аялгуулан дууддаг тийм үндэстэн энэ дэлхий дээр Монголоос өөр нэг ч алга.
Монгол наадам бол уралдаан тэмцээн бүхэндээ зориулсан дуу хуур, ерөөл магтаал, зан үйлийн нарийн дэг ёсыг бүтээсэн гайхалтай үндэстэн. Цэцэн мэргэн харваагаа цээл аргил уухайн түрлэгээр хөгжөөн нааддаг. Хүдэр эрсийн жавхаа хийморь болсон хүчит бөхийн дэвээ шавай, нутаг, уул устайн хамт уянгалуулан цоллодог, засуул, хөлийн цэцэн, гарын даа бүгд тогтсон дэг жаягтай. Айрагдсан морьдоо айраг сүүгээр мялаан ерөөж, баян ходоодны даагаа хүртэл бахдал болгож чаддаг эрийн гурван наадам нь спорт гэхээсээ илүү ёс уламжлал, урлаг соёлын цогц бүрдэл юм.
Уясан морь нь түрүүлж айрагдаагүй ч гэсэн сайхан давхиад ирэх нь баяр юм. Идэрмэг эрс нь цолонд хүрч, үзүүр түрүү булаалдахгүй ч гэсэн эр бяраа сорин барилдах нь сайхан баяр юм. Эрхий мэргэн харваачид бай бүхнээ дэс дараалан онохгүй ч гэсэн цэцээ шалгаж, ончоо үзэх нь баяр юм. Түмэн олон нь энэ бүхэнд хөгжин баясаж, дээл гоёлоо зэхэж, дээдэс өвгөдөө хүндэтгэж, балчир үрсээ баярлуулах нь Монгол наадам юм.
Монгол бөх бол Монголын ард түмэн, нүүдэлчдийн соёл иргэншлээс бүрэлдэж бий болсон, өөрийн гэсэн ёс зүй, дэг жаяг, үнэт зүйлтэй дэлхийд хаана ч байхгүй өвөрмөц соёлтой, үндэсний бахархал болсон спортын төрөл боловч дан ганц өрсөлдөөн, ялалтын тухай ойлголт биш. Хүндлэл бишрэл, үлгэрлэл манлайлал, соёл уламжлалын дархлаа юм. Нийт ард түмнээ цэнгүүлэн баясгах, сэтгэл зүрхэнд нь таашаал өгөх, бахархал дуурайллыг өөртөө агуулсан үндэсний жудаг юм. Энэ бүхнийг эргэцүүлэн тунгааж, эвийг сахиж, ерөөлөө өргөж, бусдыг баярлуулан Монгол наадамдаа сайхан наадаарай.
Тал бичээч
Жич: Баяр наадмын дагаж мөрдөх журмын тухай хуулинд "Дархан аварга хүн зодог тайлах ёслол хийх бол хүсэлт гаргана" гэж заасан тул хүсэлт гаргаж өгнө үү гэсэн. Хүсэлт гаргаж өгсөн. Одоо яахыг наадмын комисс мэдэх байх. 

Шинэ мэдээ