Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

Чимэд-Очир аварга хоёр шил коньяк өвөртлөөд Түвдэндоржтойгоо зодолдохоор очиж л дээ...

1971 оны төрийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд. Х.Баянмөнх, С.Цэрэн

"Домогт бөхчүүд" буландаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхыг урьж ярилцлаа.


-Тантай өмнө нь хэд хэд ярилцаж л байлаа. Энэ удаад домог болсон сайхан бөхчүүдийн талаар хуучилъя. Эхлээд хоёулаа Чимэд-Очир аваргын тухай ярих уу?

-Би Улаанбаатар хотод анх жаран таван оны намар ирээд Төмөр замын тосгонд ахындаа байх болсон хүн л дээ. Манай ахынх улсын заан Ундрахын Пүрэвээгийнхтэй ойрхон байлаа. Би Пүрэвээ зааныхаар байнга орж гарна. Энэ үеэс Монгол Улсын даян аварга Чимэд-Очир гуайг манайхны хэлдгээр амьдаар нь харж билээ. Төмөр замын хувцас өмссөн шанаа өргөн, дух хөнхөр, эрүү урт, хамар шулуун, шонхордуу хацрын яс нь товойсон өвгөн байсан сан. Төмөр замын тосгонд бөхчүүд голдуу Пүрэвээ зааныд цугларна. Миний санаж байгаагаар Архангайн Батхуяг начин мөн Дахын Одсүрэн начин, аймгийн арслан Равдан-Очир нар ирдэг байсан. Архангайн Равдан-Очир гэж зил-164 машины хурдны хайрцгийг ганцаараа өргөөд тавьчихдаг гэж ярьцгаадаг өндөр нарийхан залуу байлаа. Эдгээр бөхчүүдийн дунд Чимэд-Очир аварга чинь ороо нь гарчихсан буур, тэмээгээ бараадан захлаад алсыг хараад зогсож байгаа юм шиг харагддагсан. Тэр жилийн наадмын бөхийн бэлтгэлд Тарнын амралтанд Чимэд-Очир аварга, Цэрэн аварга, Архангайн Адьяа заан, Булганы Галдандагва начин, Найдан начин, мөн Хадбаатар аварга начин цолтой 30 гаруй бөх гарч байсан. Бид Чимэд-Очир аваргынхаа харцаар л бэлтгэлээ хийдэг байлаа. Аварга олон ч юм ярихгүй. Барьц халах талаар зааж хэлнэ. Өөрөө хийж үзүүлэхэд хөл нь тэнцвэр алдаад хөл дээрээ тогтох гэж хэрдээ хичээнэ. Тэрхүү наадмын бэлтгэлийн үеэр би аваргаас “Түвдэндорж аварга та хоёр ялигүй зөрчилтэй байсан гэдэг яриа байдаг юм билээ” гэж асуухад “бид хоёрын дунд янз бүрийн яс хаясан яриа байдаг юм аа. Нэг удаа наадам дуусаад шар хөдлөөд байхаар нь хоёр шил таван хошуут буюу коньяк өвөртөлчихөөд Түвдэнгийн майханд очиж сайхан зодолдчихъё гэж бодоод очлоо. Түвдэн маань сайхан малилзаж орхисон сууна. Дэрэн бор (улсын арслан Сүнрэвийн Самданжигмэд) байж байна. Би чинь хоёр шил таван хошуутаа гаргаад “За Түвдэн хоёулаа нэг нэгээр нь уучихъя, чамтай зодолдох гэж л ирсэн юм гэлээ”. Хоёр юмаа ч дотроо хийгээд авлаа. Түвдэн зөрүүлж юм гаргалаа. Бие ч тавираад сайхан болж байна. Нөгөө зодолдох гэж ирсэн хүн чинь бөх яриад л сэтгэл хөөрөөд хачин сайхан болчихдог юм байна. Тэгээд Түвдэндээ хэллээ, чи бид хоёрын дунд юм хаяад байгаа золиг чинь энэ Дэрэн бор шүү дээ гээд гурвуулаа инээд хөөр болоод тэврэлдэж билээ. Манай Түвдэн чинь мөн ч тайвуу зөөлөн сайхан хүн шүү дээ. ингэж л бид хоёр бие биенийхээ сэтгэлийг амрааж, нэг нэгнээ өөд татаж явдаг болсон” хэмээн хуучилж билээ.

М.Мөнгөн, Л.Сосорбарам нарын арслангууд

-Цэрэн аварга та хоёр их ойр явсан гэдэг. Ардын дууны Юндэн шиг сайхан эр байсныг нь хэн хүнгүй дурсдаг. Ер нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Цэрэн аваргыг анх харсан минь санаа сэтгэлд илхэн байна. Жараад оны дунд үе юмсан. Миний бие их сургуулийн оюутан болсон боловч бөхөөр амьсгалж улсын алдар цолтой бөхчүүдийг үзэж баясан тэднээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн Спортын төв ордон руу очдог байжээ. Нэг удаа том жижиг нийлсэн арав шахам бөхчүүд спортын ордноос гараад ирлээ. Сүүлд нийслэлийн засаг дарга болсон Баасанжав манай ангийн хүүхэд байсан юм. Баасанжав маань жигтэйхэн мэдэмхийрч тэр бөхчүүдийг нэр устай нь надад танилцуулж билээ. Хамгийн өндөр бор залууг улсын заан Х.Баянмөнх гэв. Алдарт аварга маань заан цолтой байсан нь тэр. Баянмөнхийн хажууд алаг нүдтэй, хөнхөр духтай, угалз хамартай, хажуулдасхийгээд хол хол алхаж яваа эрийг Цэрэн аварга гэж танилцуулсан. ингэж би алдарт Цэрэн аваргын барааг анх харсан. Цэрэн аварга ааш зан их зөөлөнтэй, ялигүй хямрамтгай хүн л дээ. Тэр үед ням гариг буюу бүтэн сайнд 12 цагаас хөдөлмөрийн зааланд, 15 цагаас Спортын ордонд, орой нь Хоршооллын зааланд үндэсний бөхийн барилдаан болдог байлаа. Спортын ордны барилдааны хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очлоо. Багагүй удаан ноцолдлоо. Хивс захалж ирээд миний гутлын хүлэг чахран гулсаж дуу татуулан шалан дээр уналаа, аварга миний дээр хэвтчихээд босдоггүй шүү. Арай гэж босож тахимаа авлаа. Ингээд С.Жамц начин бид хоёр хоршооллыг чиглэлээ. Ам цангаж байгаа гэдэг жигтэйхэн. Талбайн баруун талын хүнсний дэлгүүрээс нэг шил жанчивлангийн рашаан аваад ууж байтал нөгөө талд Цэрэн аварга шилээр нь юм хөнтөрч харагдана. Бид хоёрыг харангуут л дуудаж байна. Аваргыг архи өгөх нь гээд айхдаа дохьчихоод зугтаагаад гарлаа. Хожим мэдэх нь ээ архи биш рашаан л байсан юм билээ. Хоршооллын барилдаан эхэллээ. Мөн л хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очдог юм. Аварга намайг баруун сугадуулахгүй, өхийлдүүлэхгүй гэж төлөвлөн гарч ирсэн бололтой. Өмнөх барилдаанд намайг дарж хэвтсэндээ ч тэр үү надаас жаахан халирч байгаа нь мэдрэгдэв. Яг энэ агшныг нь ашиглаад нэг дохиход намс гээд өндийхөд нь сугадаад өхийлдөөд шидэхэд дөрвөн мөч нь гозойгоод ар зоо нуруугаараа газардлаа. Тугаа тойрчихоод ирэхэд дуудаж байна. Чи ч сая ордныхоо өрийг хатуухан авлаа шүү дээ гэж инээгээд л. Аварга миний дээр дарж хэвтсэндээ гэмшиж халирснаас надад амархан ойчсон нь энэ. Түүнээс биш Цэрэн аварга над мэтийн юманд тийм амархан унах үе бишээ. Нэг удаа аварга “Намайг ээж ээ гэж орилсон гэдгийг мэднэ биз дээ. Чөлөөт бөх гэдэг юмаар барилдуулж сургана гээд бидний хэдэн бөхийг Болгарт явууллаа. Болгарын хотыг хэсүүлэн барилдуулна. Би Болгарын нэг бөхтэй барилдаж, тэр надад давхар сармай мэх хийгээд эргэж ч чадалгүй нуруу тасрахын даваан дээр би багшаа гэсэн юм шиг байгаа юм. Тэгсэн намайг “ээж ээ, ээж ээ” гээд орилоод байсан гэж цаадуул чинь явуулчихгүй юу даа. ингээд мангар Санжаа бид хоёрыг элчин сайд дуудуулж, та хоёр дипломат ёс алдлаа. Санжаа чи дайллаганд тавьсан шарсан тооройг бүтнээр нь авч идээд байхдаа яадаг юм, Цэрэн чи дэвжээн дээр ээж ээ, ээж ээ гэж орилоод байхдаа яадаг юм гээд авч өгч билээ. Ер нь барилдахад дипломат ёс ямар хамаа байхав дээ” гээд аварга маань хүд хүд инээж билээ. Тэрээр хүнд худал хэлэх юм уу, аль эсвэл тусалж чадаагүй бол түүнийг үргэлж бодож сэтгэлдээ өөрийгөө зэмлэн зовж шаналж явдаг хүн байлаа. Далан найман оны наадмын дараа аварга бид хоёр Туул рестораны үүдэнд тааралдаад манайд оръё гэхэд “Авгайн чинь нүүрийг яаж харна аа гээд халираад байх юм. Чамайг тав дээр амлаад өгчих боломж надад байсан шүү дээ” гэж билээ. Хариуд нь би та ямар авах ёстой биш. Бид хоёрт ч тийм яриа байхгүй гэж хэлээд аваргыг гэртээ дагуулж ороод манайд хоносон. Манай охин Баднаа аваргын хөлийг барьж үзээд аварга хүний хөл аймар том юм аа гэж дүрлийн ширтэж шулганаж байсан сан. Ер нь Цэрэн аварга бид хоёр өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү өрөвч зөөлөн, хүнийг ялгаварладаггүй нээлттэй чанараараа ойролцоо байсан шиг санагдана. Хүний хайлан гэж ярьдаг. Аварга маань тийм л хүн байсаан.

Зүүн гараас: Ц.Чимэд-Очир, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан нарын домогт аваргууд

-Мөнгөн арсланд өм дутсанаас бяр дутаагүй гэж та хэлдэг?

-Хөдөө аж ахуйн дээд сургуулиас төрсөн бөхчүүд ихэвчлэн Сосорбарам арслангийн унаган шавь нар. Тэр үеийн үндэсний бөхийн хамгийн хүчирхэг баг заалны барилдааны сор болсон өсөх ирээдүйтэй залуучууд бүхэл бүтэн армийн бөхчүүдийг эмээлгэдэг байсны нэг төлөөлөгч нь яах аргагүй Мөнгөн арслан. Жаран есөн оны үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгаас ирсэн өндөр хөх хүүхдийг суйлж давснаар улсын аваргын алтан медалийн эзэн болж бөхийн ариун зам мөрөө эхэлсэн түүхтэй. Баянхонгороос ирсэн өндөр хөх нөхөр нь Өвөрхангайн Нарийнтээлийн Дашдоржийн Цэрэнтогтох аварга байсан гэдэг. Мөнгөн арслан үндэсний спортын ууган гавьяат мастер алдарт аварга Түвдэндоржийн унаган шавь нь юм. Арслан маань багшийнхаа тухай дурсахдаа инээд наргиан болгоно. “Манай багш ямарваа зүйлийг их ойлгомжтой, ёжтой хэлж ойлгуулдаг байлаа. Нэг удаа би бэлтгэлд ирэхдээ далбаагаа мартчихаад, багш аа илүү далбаа байна уу гэтэл юуны чинь далбаа, тэр далбаа чинь засгийн газрын ордны дээр л намирч байгаа гээд амыг минь таглаж билээ” хэмээн инээд алдаж суусансан. Мягмар заан Мөнгөн хоёр барилдахаараа хоёр буур хоёр талаараа нийлээд түрэлцэж байгаа аятай, баруун талаа нийлүүлээд босоо зогсчихсон, баруун хоёр гар нь дээр өргөөтэй, хэн нь өө гаргана түүнийг ашиглах гээд л түрэлцэж байдгийг нь бодоход барилдааны арга барилыг гоц мэддэг бөхчүүдийн явдал биз дээ. Улсад 15 жил шөвгөрсөн энэ арсланд аварга цол ойрхон мөртлөө хол байж. Цэрэнтогтох аваргатай үзүүрлэх жил өнгөтэй ч, бяртай ч, иртэй ч ёстой л уяа нь таарсан хэнд унах юм бэ гэмээр байж билээ. Харин их тогтуухан барилддаг бөх чинь аварга руу галзуу юм шиг дайрч барилдсан нь авьяаслаг аваргын хараа мэдрэмжийн хаагуур нь өнгөрөх вэ дээ. Тахимаа өгч л таарсан. Харин дараа нь Баянаа аваргатай төрийн наадмын түрүү үзүүрт бас л үлдэж унахад нь Цэрэнтогтох өөрөө унаснаасаа илүү Мөнгөнд харамсаж заяагүй амьсгаа хохино хохино бөхөөрөө ч, урсгасан хөлсөөрөө ч аварга л байх хүн гээд ууртай нь аргагүй алхчихсан тал бий. Мөнгөнд үнэндээ өм дутсанаас хүч бяр дутаагүй. Аваргуудын дунд нэг үе ганцаараа л тэмцэлдэн тулалдсан хүрэн халзан арслан даа, хөөрхий. Миний бие Улаанбаатар хотын халуун усны захиргааг наяаад оны үед удирдаж байлаа. Баянхонгор аймагт болох самбо бөхийн улсын аваргад явах гэж байв. Та ямар хэрэг зоригтой явна вэ гэтэл намайг Мядаг гэдэг гээд өөрийгөө танилцуулж байна. Муухай Пүрэвээ гуайн хэлдгээр таныгаа ч нэр усаар нь гадарлаж байна аа гэхэд дарга аа, би хувийн л асуудлаар явна. Та Баянхонгор явах юм байна. Хүүг минь харж яваарай гэх нь тэр. Юун хүү билээ Мядаг гуай гэхэд миний хүү чинь Мөнгөн шүү дээ гэж билээ. Тэгэхэд Мөнгөн улсын заан цолтой хүчит бөх байсан. Харин ижийнхээ сэтгэлд нялх хүү нь байж дээ.

-Танд чинь Баянаа аваргатай тарвагачилсан онигоо маягийн хошин явдал бий дээ. Түүнээсээ сонирхуулаач?

-Аа тэр үү. Дэлхийн хоёр аваргатай аялсан мөндөл миний явдал л даа. Дэлхийн хоёр аварга гэдэг маань нэг нь Баянаа, нөгөө нь самбогоор дэлхийн аваргаас анхны алтан медалийг авчирсан нэртэй тамирчин бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав юм. Амралтын өдрийн өглөө утас дуугарлаа, автал Баянаа аварга ярьж байна. Тарваганд явъя, Чанрав одоо ирнэ, чи бэлдэж бай, гадаа чинь очоод сигналь өгнө гэв. Тэр чинь далан долоон оны үе юм. Бид гурав Амгаа зааныхаар орж буу аваад баруун аймаг руу явдаг замаар давхилаа. Эмээлт рүү давдаг давааны доохнуур Сонгинохайрханы арыг барьсаар Туул голын хойд талаар уул дамжин гарч өгөв. Аваргын 21-21 дугаартай волга машин эзэн шигээ хүчтэй юм аа. Нар хэвийж уулын сүүдэр буух үед аварга нэг том бурхи руу ониллоо шүү. Буу ч тас, бурхи ч намс гээд явчихлаа. Аварга алдчихлаа гээд уцаарлаж байна. Оносон шүү аваад ирье гээд би гүйчихлээ. Үнэхээр ч нэг сайхан бурхи хэвтэж байсан. Түүгээр боодог хийв. Боодогны амттай ч гэж жигтэйхэн. Гэтэл аварга бага идэцгээ, нөгөөдүүлдээ аваачиж өгнө гээд босоод явчихлаа. Хайдав арслан Шижээ начин хоёр ууж идэх юм аваад ойн цагдаагийнд ирнэ гэсэн юм байж. Тэр хоёртоо боодогны махаа тавиад бид хоёрт олигтой өгөөгүй юм. Гэтэл Шижээ, Хайдав хоёр ирээгүй. Хожим сонсох нь ээ хоёр авдар пийжүү нижгээд хатуу юм аваад бөхийн бэлтгэлдээ улайраад биднийгээ мартчихсан юм билээ. Харин тэр хоёрт тавьсан махыг Чанрав маань өглөө эрт босоод ганцаараа цохичихсон байж билээ. ингээд би гэдэг хүн шүлс гоожоод хоцорч билээ. Бас нэг тарвагачилсан хөгтэй явдал бий. Хүй долоон худагт мөн л Баянаа аваргынхаа волгатай Шижээ начин, Чанрав бид хэд явлаа. Хүй долоон худгийн хойд дэнж дээр Лханаа гэдэг айлд очив. Гэрийн эзэн “Манайд Мижиддорж арслан амарч байгаа. Тарваганд хавх зүүхээр явсан. Оройхон ирнэ” гэж яриан завсраа хуучиллаа. Гэрийн эзэгтэй Баянаа аваргын ярианы амтанд орсон бололтой тогоо шанага угсарч хонины хааг яах ийхийн зуургүй эвдэн чанаж гурил элдэн бэлтгэлээ. Аваргад чимчигнэсэн сайхан айраг өгөөд л яриа хөөрөө ид сайхан байх үед Мижиддорж арслан маань ч ирж маргааш мандах нарнаар хоёр биш юм аа гэхэд нэг бурхи ч найдвартай даа гээд их л додигор сууна. Гэтэл маргааш нь юу болсон гэж санана. Арслангийн тавьсан хоёр хавханд хоёуланд нь өмхий хүрэн орж бидний голыг гонсойлгож билээ. Өмхий хүрэн орсон хавханд дахиад тарвага орно оо гэж гонж гээд гэрийн эзэн ч уйлан дуугарч байсан сан. Энэ мэт хөгтэй явдал олон бий дээ.

Шинэ мэдээ