Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Наадам зүүдэлж зүүрмэглэсэн "Наран хонгор"-ын уяанд саатлаа

Тод манлай уяач Д.Даваахүүгийн уяа Хүй долоон худаг. 2019.06.25

Өнө эртний түүхтэй Хүй мандалын ногоон дэнжид уяачдын их ажил ид өрнөж байна. Даага эргэдэг Цагаан хөтөлийн орчмоор уяачид гэр, майхнаа бариад хурдан хүлгийнхээ уяа сойлгыг нь засч сууна. Хүлгүүд нь уяан дээрээ үүрсч, хүүхдийн гийнгоон дуу цангинатал шуранхайлж сэтгэл баясгаад монгол наадам удахгүй болох нь ээ.

Энд Монгол Улсын тод манлай уяач Н.Даш-Өлзий, Монгол Улсын тод манлай уяач Б.Энхболд, улсын манлай уяач Б.Энхтөр, “Дааган Цэндээ” нэрээр олонд танигдсан манлай уяач Ц.Цэнд-Аюуш нарын гал айлсжээ.

Бид төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн хөдөлмөрийн баатар, улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуайн галд саатлаа. Өвгөн уяачийн уяа өнөр байна. Гол төлөв, хул хонгор зүсмийн 30 орчим морьд уяатай харагдлаа. Бүгд л улс, бүсийн чанартай томоохон наадмуудад дээгүүр давхиж танигдсан хүлгүүд аж.

Уяатай морьдын хамгийн дээд талд нь өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан “Наран хонгор” азарга нь налайгаад тайван гэгч зогсож байна. Хажууханд соёолон насандаа улсын наадамд арваннэгээр давхисан “Саран хонгор” азарга уяатай зогсоно. Өнөө жил хавчиг азарга тун хурдан байгаа гэсэн.

Наран хонгор азарга

Д.Даваахүү гуайн хүү улсын алдарт уяач Баянбат уяан дээрээ ирчихжээ. Аавынхаа ажилд туслаад заавар зөвлөгөөг нь анхааралтай сонсож, санаа оноогоо нэгтгэж сууна. Энэ өдөр эдний уяаныхан бага сунгаагаа хийж байна. Эцэг малаа эхэнд нь мордуулдаг монгол ёсоор азаргаа сунгаж байна. 10 орчим азарга гарааны зурхай руу хөдөллөө. Зургаан км-ээс сунгахад “Наран хонгор” өнгөндөө, бөгтөрдүү жижигхэн хээр азарга зуузай холбоод л хөл чангатай орж ирлээ. Д.Даваахүү гуайн унаган адуу энэ хээр азарга өнөө жил анх удаагаа л Хүй мандалын ногоон дэнжид тоосоо өргөж том адуунуудтай шандас сорихоор сойгдож байгаа юм байна. Алдарт Тогоруу халтарын төлийн төл энэ азарга төрийн наадамд дээгүүр давхих хүлгүүдийн тооцоонд байгаа юм гэсэн.

Хүрэн азарганы ард үүдэн хойморын зайтай “Саран хонгор” азарга нь орж ирж байна лээ. Энэ уяаны азарганууд ер нь хурдан байсан шүү. Тод манлай Д.Даваахүү “Наадам дөхөөд сайхан байна аа. Хүүхдүүдтэйгээ энэ дэнжид гарахаар бага нас бодогдоод сайхан байдаг юм. Ах нь 1956 оноос эхлээд энэ сайхан дэнжид гарч наадаж байна даа. Таван настай жаахан хүү аавынхаа хурдан буянгуудыг унаж уралдаж эхэлсэн. Тэр цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ уяанаас мордсон 14 азарга төрийн наадамд өнгөлж байсан юм даа. Засгийн, хүний, өөрийнх гээд 10 гаруй их насны морь наадамд сойж түрүүлгэсэн” гэж дурслаа.

Энэ уяаны бүгд л Даваахүү манлайн унаган хүлэгүүд ажээ. Сүүлийн үед хэл ам татлаад буй эрлийз монгол морь ялгах асуудал дээр сэтгэл дундуур явдаг бололтой. “Монгол наадамд, монгол хөрсөнд монгол адуу л давхиж ирсэн ирсэн уламжлалтай. Сүүлийн үед чинь дэнхийсэн өндөр, нарийхан урт хөлтэй жигтэйхэн амьтад үзэгдэх боллоо. Ийм морио тэгээд монгол гээд л уралдуулчих юм” гэж хэлж байна. Их уяач “Наран хонгор” азарганыхаа талаар “Өнгөрсөн жил жаахан дутуу мордоод айраг амссан. Өнөө жил өнгө нь аятайхан байна. Хонгор азаргаа өвөл, хаврын уралдаануудад хайрлаад мордуулдаггүй юм. Хөлийг нь авчихна. Ингэж гамнаж байж л уяач, хүлэг хоёр сая нэг юм санасандаа хүрнэ дээ” гэж хэлээд уяа руугаа алхлаа. Саяхан сунгаад ирсэн хонгор азарганы хөлс нь гүйцэд хатаагүй эвшээж байна. Төрийн наадамд түрүүлчихээд Төв цэнгэлдэхэд эвшээж мэдэхээр хүлэг энэ уяанд сойгдож байна. Өнгөрсөн жилийн дутуугаа энэ жил гүйцээж мэднэ дээ. Д.Даваахүү манлайн уяаны хул хонгор азаргануудын аль нь наадмаар цоллуулж мэднэ.

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн Бидэрт халиун азарга түрүүлж улс даяар л шуугиулсан. Сумын алдартын уяанаас мордсон азарга улсын наадамд түрүүлсэн содон сонин явдлыг одоо хэр нь морь сонирхогчид ярьж л байдаг. Төрийн наадамд түрүүлсэн хөлс нь гүйцэд хатаагүй байхад “Мон Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн нэр дээр давхиулах болсныг монгол түмэн мэдэж байгаа. Давхар уяагаар уралдаж Хангайн бүсийн даншиг наадамд түрүүлж гүйцэгдэхгүй хурднаа баталсан энэ хүлэг өнөө жил Угтаалцайдамдаа сойгдож байгаа юм байна. Аймгийн шинэхэн алдарт Б.Баттөр Бидэрт халиуныхаа уяа сойлгыг тааруулж байгаа гэсэн. Булганы хангайн бүсийн даншиг наадмаас хойш давхиагүй энэ азарга Хүй мандалын дэнжид түрүүлнэ л гэж үзнэ дээ. Бороотой, газар балчигтай байвал халиун азарга өнгөлөх байх шүү гэж морь шинжээчид ярьж байна.

Өнгөрсөн жил улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Бидэрт халиунтай ширүүн уралдаж үзүүр дээр дайруулж аман хүзүүдсэн улсын тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд азарга Налайхын голын хөндийд байгаа гэнэ. Өвсний соргог, усны тунгалгийг харж гол төлөв Дорнодод хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон өнөө жил Налайхын голын хөндийг барааджээ. Тэнд ногоо эрт гарсан гэсэн. Онон манлайн уяанаас төрийн наамдын аман хүзүү зээрд азарганаас өөр наадамд дээгүүр давхих азарга хэд хэд бий. Энэ хөндийд аймгийн алдарт уяач Билэгсайхан, улсын их хурлын гишүүн Ч.Улаан нар айлссан байгаа гэсэн. Улсын алдарт А.Алтангадас хурдан хүрэн азаргаа улсын наадамд сойх юм гэсэн. Хашир уяачийн хурдан азарга улсын наадмын өнгөнд давхиж мэднэ.

2017 оны улсын их баяр наадамд түрүүлсэн Хөвсгөл аймгийн харьяат улсын алдарч уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай халиун” азарга хурдны өлгий Сүхбаатар аймагт байгаа гэнэ. Уяа сойлгыг туршлагатай уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ тааруулж байгаа юм байна. Наадам дөхүүлээд Жаргалантын аманд буух юм гэнэ лээ. Өнгөрсөн жил есд хурдалсан халиун азарга өнөө жил айраг амсах нь дамжиггүй гэж ахмад уяачид ярьж байна лээ.

Улс, бүсийн чанартай наадмуудаас 16 удаа айраг амссан дүү хээр азарганууд энэ жил Төв аймгийн Сэргэлэн сум, Авдарын уулын өвөрт сойгдож байгаа ажээ. Дүү хээрийн уяа сойлгыг тааруулж буй улсын алдарт уяач Б.Сүхбаатар сүүлийн жилд чамбайхан уяж байгаад чанартай тавьж мэднэ. Улсын наадамд айраг амсаж сурсан л хүлэг.

Бага сунгаанд Наран хонгор өнгөлж, хээр азаргатай аман хүзүүдлээ

Их хүлэгч Д.Даваахүү морины хөлс хусч байна

Унаач хүүхдүүд

Төрийн наадамд дээгүүр давхих магадлалтай хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тандахад ийм байна. Харин хурдан их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд морийг түрүү магнайгаар нэрлэх уяач олон байна. Өнгөрсөн жил хүй мандалын дэнжид гүйцэгдээгүй энэ хурдан ажнай ахиад ч торгон жолоо өргүүлж мэднэ.

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь дээгүүр уралдаж мэднэ. Хүрэн морь өнгөрсөн жил айргийн гуравт хурдалсан.

Өөр нэг хурдан хүрэн морь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монголын Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын уяанаас төрийн наадамд уралдана. Өнгөрсөн жил айрагдсан энэ хурдан хүлэг өнөө жил амжилтаа ахиулах боломжтой гэж морь сонирхогчид үзэж байна.

Мөн Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын уяанд дээгүүр давхих олон хүлэг сойгдож байгаа юм байна. Төрийн наадамд хурдан хязаалан түрүүлгэж байсан залуу уяач энэ жил их нас түрүүлгэхэд байг гэх газаргүй.

Хүй мандалын ногоон дэнжид өнөө жил ногоо эрт цухуйжээ. Уяачдын сэтгэл тэнэгэр дэлгэр сайхан зун болж байна. Эрт ногоо зуусан адуу дийлж уралддаг гэх өвгөн уяачдын сургаал байдаг. Энэ чигийн адуу өнгөнд уралдах магадлал өндөр байгаа талаар уяачид ярьж байна. Уяач бүхэн л уясан хүлэгтээ битүүхэн найдаж, ирэх наадмын өнгийг өөр өөрийнхөөрөө л харж байгаа байх. Хэний хүлэг торгон жолоо өргүүлж, хэний хүүгийн магнайд азын од гийхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа. Монгол наадам өдөр өдрөөр л ойртож байна. Наадам сайхан даа.

Сэтгүүлч О.ДАШНЯМ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Шинэ мэдээ