Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Ой модонд цэрэг эр хоолойгоо боймлон нас баржээ

Сүүлийн жилүүдэд цэргийн албанд маш олон ноцтой хэргүүд гарсаар байгаа.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийн талаарх бодит байдлыг жишээгээр хүргье.

Тохиолдол 1

... Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг. Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ.

Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч амаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна. (ЗХ-ний ...дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)

Тохиолдол 2

....2019 оны ... дугаар..-ны өдөр Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яах вэ үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан. (Прокурорын ... дугаар тогтоол)

Тохиолдол 3

 ..Зэвсэгт хүчний анги ... 2021 оны ... дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй.... (Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын материал) ..Хилийн цэргийн ... дүгээр ангийн заставын нэр бүхий 3 алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 7 алба хаагчийг 2020 оны...сараас 2021 оны .... сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн...(Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан гэмт хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчтай хийсэн ярилцлагаас)..Зэвсэгт хүчинд ... Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн. (Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

Шинэ мэдээ