Ням, 5 сар 19, 2024
5.1 C
Ulaanbaatar

Эх оронч Монгол үндэстэн гэдэг бол хийрхэл

Тэгэхээр бидний монголчууд өөрсдийгөө дэлхийд байхгүй мундаг эх орончид гэдэг. Түүхээ харвал жинхэнэ эх орончид олон бий. Манжийн 200 жилийн дарлалыг төгсгөл болгосон Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн, харчин гүн Бавуужав, Манлай ван Дамдинсүрэн... гээд олон хүмүүсийг хойч үеийнхэн эх орончид гэж хүлээн зөвшөөрдөг. 1921 оны хувьсгалын удирдагчид Данзан, Бодоо, Чагдаржав... тэдний туслахууд болох түүхэнд нэр нь үлдсэн Сүхбаатар, Догсом, Лосол эд нар ч бас эх орончид. Монгол Улсыг ЗХУ-д дагаар орохыг хүссэн албан бичигт гарын үсгээ огт зураагүй Чойбалсан, Бумцэнд хоёрыг ч жинхэнэ эх орончид гэж хойч үеийнхэн бахархах болсон. Ийм үе үеийн халуун эх орончид монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд олноор төрж байсныг бид мэднэ. Ийм эх орончдын үр сад гэдгээрээ ч бид онгирох эрхтэй хүмүүс.

Үүнийг дурсах болсон шалтгаан бол өнөөдөр бидний монголчууд эх оронч сэтгэлтэй байгаа юм уу. Өнөөдөр эх орныхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол гадаадад байгаа монголчууд гэдэг. Эх орондоо байгаанууд нь бол төдийлөн анзаардаггүй ч гэдэг. Энэ бол тогтсон ойлголт. Тогтсон ойлголт учраас гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монгол хүмүүсээр эх оронч сэтгэлийг төсөөлөх болсон юм. Тэд эх оронч биш бол монголчууд бүгдээрээ эх оронч биш гэсэн ойлголт ч гэж болно.

Тэгтэл Монголд үнэхээр хог байна. Ирээд хэрэггүй гэх гадаадад олон жил байсан хүн Монголдоо ирээд гадаадад байгаа монголчууд руугаа ярьж байна. Та нар ирэхгүй бол энэ улс орныг хэн харж хандах вэ. Энэ нийгмийг хөдөлгөгч хүч болж, чирье гэж бодохоос илүү амиа бодсон бэртэгчин занг монголчууд өөгшүүлэх болж. Эх орон бол яс тавьдаг газар биш. Харин ч үеийн үед хайрлан хамгаалж, хөгжүүлж, хойч үедээ илүү сайхан улс орныг үлдээх ёстой үнэт зүйл юм. Тэгтэл арай л хүнийрхүү зангаар хандах юм.

Гадаадад байгаа монголчуудын зүгээс дуулддаг мэдээллийн дийлэнх нь тэнд дэлгүүрээс хулгай хийж гэнэ, энд ингэж архидаж гэнэ, хар тамхитай холбогджээ, хамт ажиллаж байсан хүнээ хутгалжээ гэсэн бараан мэдээ дуулддаг. Энд байгаа монголчууд нь аль болох өнгөтэй өөдтэй яваа монголчуудаа эх оронд нь сайнаар сурталчлахын төлөө чармайдаг. Нэг жижигхэн шоунд орсон ч, нэг киноны орлон тоглогчоор ажилласан ч, ач холбогдол багатай жижиг программ зохиосон ч, коллеж дээрээ жижиг илтгэл тавьсан ч бүгдийг нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аван баруунд од болсон мэт, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн мэт тэнгэрт тултал магтаж, монгол даяараа шуугиан болгодог. Гэтэл тэдний эх орондоо хандаж буй хандлага дэндүү өчүүхэн байна. Эх оронд нь юу ч болж байсан тэдэнд ямарч падлийгүй байгаад нь харамсаж байна.

Та бүхэн хэдүй гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн иргэд шүү. Яагаад гэвэл танд Монгол Улсын иргэн гэсэн албан ёсны үнэмлэх байгаа. Та эх оронгүй цагаач, дэлхийд ад үзэгдсэн сири хүн биш шүү. Ядарлаа гэхэд буцаж ирээд хаана нь ч хамаагүй хэвтээд өгөх эх оронтой, газар нутагтай, санаа тавих үндэстэн нэгтэй хүмүүс. Ийм нандин эх орныхоо төлөө гадаадад байгаа монголчууд нийтээрээ хариуцлага хүлээх чадвар муутай байна. Ийм байж болохгүй нь гэж бодох цаг та бүхэнд иржээ. Та бүхэн дэлхийн бусад улс орны иргэд эх орноосоо гадна ямар байдгийг хар. Монголчууд бидэн шиг байна уу. Бүгдээрээ улс үндэстнээ хайрладаг, эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг юм байна. Солонгосчууд гэхэд л Монголд ирээд зөвхөн Солонгосын импортын бараа, үндэстэн дамнасан дэлгүүрүүд, энд үйл ажиллагаа явуулж буй Солонгос иргэдийнхээ хоолны газраар үйлчлүүлдэг. Ер нь аль ч улсад ийм соёл байна.

Ер нь энэ байдлаараа бол Монгол эх орноосоо гадагш гарсан хүмүүс ирээдүйд эх орондоо ямарч хамаагүй хүмүүс болох юм байна гэсэн харуусал төрлөө. Олон шалтгаантай байх. Манайх шиг байгаль цаг уурын хувьд хатуу ширүүн улс орон дэлхийд хуруу дарам цөөн юм шиг байна. Монголоос бусад нь бараг сайхан цаг агаартай юм даа. Дээр нь монголын нийгмийн байгаа царай, улс орон, ард түмнээ удирдан залж байгаа улс төрчдийн байгаа байдал, ард түмэн рүүгээ чиглүүлэн хэрэгжүүлж буй төр засгийн бодлого шийдвэр... үнэндээ монголчуудыг монголоосоо зугтаахад хүргэж байна. Цаашлаад монголчуудыг монголдоо хайргүй болгож байна. Монгол үндэстнээ боддоггүй, төр засгаа үзэн яддаг болгочихлоо. Үзэн ядахаас ч өөр аргагүй юм. Сүүлийн 20 гаруй жил хэдхэн хүнийг хязгааргүй их баяжиж, хөрөнгөжүүлэхэд төр засгийн бодлого чиглэж, бодитой хэрэгжиж ирлээ.

Ийм эмгэнэлтэй байхад эргэж ирэх монгол хүн байхгүй ээ. Эх орноо гэсэн сэтгэлгүй иргэнтэй эх орон гэж байдаг юм уу, байсан юм уу, түүхэнд. Хот руу орж ирсэн хөдөөний хүн буцдаггүйтэй адил юм болж байна. Тэд “Хөдөө ч мөн сайхан байгаа даа, хөх ногооны униар суунаглаад л...” гэж ярьсан хэрнээ үнэндээ хөдөө рүү явдаггүй шиг гадаадад байгаа монголчууд “Монгол эх орон минь мөн ч сайхан даа, наадмаар хуушуур идээд л...” гэж яриад л эх орондоо ирэхгүй байна.

Монголчууд минь ээ! Бид эх орон, монгол үндэстнийхээ талаар оюун санааны эргэлт хийх цаг нэгэнт болжээ. Монгол эх орныг, монголчуудыг монгол хүмүүс бид л хайрлана. Биднээс өөр хэн ч хайрлахгүй. Бид бүх зүйлд хариуцлагатай хандаж сурмаар байна. Энэ бүхэн монгол хүн нэг бүрийн хариуцлагын асуудал. Эх орныхоо өмнө, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой шүү гэдгээ бүгдээрээ ухамсарлая.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ