Бямба, 4 сар 27, 2024
0.1 C
Ulaanbaatar

У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр улс төрд орох бэлтгэлээ нутгийн зөвлөлөөрөө хийж, ХОЁР ТЭРБУМААР бурхны хөшөө барина

Сүхбаатар аймаг хөшөө дурсгалын тоогоор улсдаа тэргүүлдэг. Гэхдээ аймгийн удирдлагууд нь дахиад ч хөшөө барихаар ажиллаж байгаа.

Тодруулбал, энэ жил Сүхбатаар аймгийн 80 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тохиолдуулан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 12 метр өндөр Бурхан багшийн дүр барьж өгөхөөр амлажээ. Үүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн мэдээлэл бий.

Мөн ингэхдээ Алунгоо эхийн хөшөөг буулган, суурин дээр нь барих гэж буй тул нутгийн иргэд дургүйлхэж байгаа сурагтай. Тодруулбал, аймгийн төв дэх Дөрвөлж толгой дээрх Алунгоо эхийн хөшөөг зөөж нүүлгээд байгаа аж. Энэ үйл явдалд тус хөшөөг бүтээсэн МУЭ-ийн гишүүн зураач Ё.Бадарч зохиогчийн эрхийн асуудалд халдлаа хэмээн эмзэглэж буй аж.

Хөшөөнүүд хуулиараа түүх соёлын үл хөдлөх дурсгал гэдэг нэр томьёонд багтдаг. Эвдэрч, гэмтэх эрсдэл үүсвэл тухайн аймгийн ИТХ-ын шийдвэрээр авран хамгаалах арга хэмжээ зохион байгуулдаг байна. Мөн түүх Соёлын дурсгалыг зөөвөрлөх журам ч бий. Гэтэл аймгийн Соёл, урлагийн газарт ямар ч албан бичиг ирээгүй, эрх зүйн акт гараагүй байхад Алунгоо эхийн хөшөөг буулгажээ.

-УЛС ТӨРД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЗААЖ БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ-

Улмаар хоёр тэрбум гаруй төгрөгөөр бурхны хөшөө барих ашиг сонирхол хэнд байгаа нь анхаарал татна.

Өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр томилогдсон билээ. Шинээр томилогдсон нутгийн зөвлөлийн даргад баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал нараас гадна Сүхбаатар аймгаас гаралтай бизнесменүүд цуварсан байдаг.

Эл аймгийн улс төр, бизнесийн томчуудыг багтаасан нутгийн зөвлөлийг У.Отгонбаяр толгойлж эхэлснээрээ ирээдүйн улс төрд бэлдэж буй нэг хэлбэр. Түүний зорилго 2024 оны сонгууль. Ах нь Ерөнхийлөгч бож зорилгоо биелүүлсэн тул улс төрөөс түр явсан тэр нутгийн зөвлөлийн даргын дүрээр эргэн ирээд буй.

-АХЫНХАА ЗАМЫГ ЗАСЧ, ТҮР ХУВИЙН ХЭВШИЛ БАРААДСАН НЬ-

У.Отгонбаярын хувьд 2006 оноос хойш тасралтгүй арван жил ЖДҮХС-гийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. Дараа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Гэвч эл албан тушаалаасаа салах шалтгаан нь түүний ах нь болсон.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байв. Ингэхдээ “Ах нь төрийг тогтолцоогоор нь өөрчлөх зорилготой явж ирсэн. Тийм ч учраас ах дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил. Миний дүү энэ ажлаа өгөөд хувийн бизнес хий” гэж ятгаж, дүү ч ахынхаа гуйлтыг зөвшөөрч, албан тушаалаа чимээгүйхэн өгчхөөд явсан гэдэг.

У.Хүрэлсүхийн дүү нар дотроос ахынхаа чихийг хамгийн бага халууцуулдаг нь тэр. Бусдыгаа бодвол арай хар бараан түүх, мэдээлэлгүй нэгэн. Дээрээс нь ахдаа нөмөртэй нь гэгддэг. Сү.Батболд У.Хүрэлсүх хоёр ойр байдгийн шалтгаан нь У.Отгонбаяр. Тэрбээр Сү.Батболдын "И-Март" сүлжээ дэлгүүрийн хүрээнд бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий.

-У.ОТГОНБАЯР ХОЁР ТЭРБУМЫН ХӨШӨӨГ ЯМАР МӨНГӨӨР БОСГОХ ВЭ-

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр тэгвэл чухам ямар мөнгөөр хоёр тэрбумын үнэтэй хөшөөг босгох гэж байгаа вэ.

Ерөнхий ивээн тэтгэгч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул “Ди Жи Фрэйндс” ХХК,  “Жи Энд Ю Гоулд” ХХК-ийн эзэн, Баруун-Уртын Дарьганга зочид буудлыг эзэмшигч, алтны уурхай, барилгын бизнестэй Г.Чинтөмөр гэх мэдээлэл байна.

Тэрбээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам засаглаж байх үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалын найз, менежер хийж, аймгийн А зэрэглэлийн газруудын багагүй хувийг эзэмшигч болчихсон тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн дүүтэй ганзага нийлсэн гэх мэдээллийг нутгийнхан нь шидэх болов. Түүнийг МАН-д томоохон хандивлагчийн нэг болсон гэдгийг нь хэвлэлүүд ч бичиж байна.

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ