2020 онд Экологийн цагдаагийн албанаас гаргасан дээрх судалгаанаас харахад Монгол Улсын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын зууханд шатаасан нүүрсний утаанаас үүдсэн байна. Энэхүү утаа нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн чимээгүй алуурчин. Нийслэлийн агаарын бохирдол өндөртэй бүсэд амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамжийг хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийнхтэй харьцуулахад 40 хувиар доогуур байсан гэх ч судалгаа бий.
Тэгвэл дэлхийн хамгийн олон хүнтэй БНХАУ нь саяхныг хүртэл асар их агаарын бохирдолтой, авто замын түгжрэлтэй улс гэдгээрээ хар тамга даруулдаг байсан. Гэвч маш богино хугацаанд агаарын бохирдолтой гайхалтай хурдан тэмцэж чадсан нь олон улсад хамгийн том гүрэн гэдгээ дахин нэг баталсан юм. Гэвч тэдний шийдэл нь юу байв.
2017 онд Бээжинд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс давсан үзүүлэлт гарах үед эрх баригчид түүхий нүүрсний үйлдвэрүүдийг татан буулгаж химийн аргаар өндөр температурт жигнэж хор, утааг нь бууруулж "ХАГАС КОКС" бэлтгэн гаргаснаар тэдний зовлон дуусчээ.
Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлийн бондоос 177 тэрбум төгрөг төсөвлөж БНХАУ-аас хагс кокс худалдан авах төслөө танилцуулсан.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр тус 177 тэрбум төгрөгийг бууруулж 32 тэрбум төгрөг болгон Нисэх, Яармаг, Дархан-Уул, Налайх орчмын 26 мянга 825 гэр хорооллын айл өрхөд хагас кокс түлш болон асаагчийг нийлүүлж турших шийдвэр гарсан.
Манай улсын хэрэглэж буй хагас мидлинг түлш нь нийслэлийн агаарын бохирдлыг 30 хувиас доош бууруулж чадахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээд буй. Тиймээс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор бүтсэн "Хагас Коксжсон" түлшийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн юм.