Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЛАА

Эх орондоо тангараг өргөж, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнол, иргэдийн амар тайван амьдралын баталгаа нь болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 817 залуу офицер эзэн Чингис хааны хаан сэнтийд заларсан түүхэн үйл явдлаас хойш 817 жилийн дараа Хар зүрхний хөх нуур хэмээх түүхэн газарт чуулж, залуу офицерын хөгжил, төлөвшил, ёс зүй, манлайлал зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ хүрээнд 9 уриалгыг дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор анх удаагаа зохион байгуулагдсан уг чуулган залуу офицеруудын албаны төлөвшил, нийгмийн хамгаалал, хөгжлийн орчныг бүрдүүлэх нэгдмэл цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус чуулганы нээж хэлсэн үгэндээ: -“…Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой”, “Удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал”… гэдгийг онцолж, шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд чиглэл болгосон нь Монгол Улсын төр хуулийн хүрээнд зарим эрхээ хязгаарлуулан, тушаалаар үүрэг гүйцэтгэдэг мөрдэстэй алба хаагчдынхаа албаны итгэл үнэмшил, идэвхийг өрнүүлэхэд онцгой анхаарал тавьж буйн илэрхийлэл болж байна.

“Залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн хамгийн гол зорилт, үр дүн бол залуу офицерууд өөрсдийнхөө албаны ирээдүй, хөгжлийн чиг хандлага, хөгжлийн орчныг бүрдүүлэхэд идэвхитэй оролцож, үзэл бодол, дуу хоолойгоо хүргэх явдал байсан.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг чуулганыг угтаж 43 ажил арга хэмжээ төлөвлөж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлсний нэг нь “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан байв. Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадавар, бие бялдарын хөгжил, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвар, гадаад хэлний болон цэргийн хэргийн мэдлэг зэрэг өргөн хүрээг хамарсан удирдамж бүхий энэ уралдаанд байгууллага бүрээс шалгарсан шилдэг 80 офицерыг манлайлан эрэгтэй, эмэгтэй төрөлдөө тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний ахмад Г.Жавхлантөгс, ахмад Н.Дэлгэрмаа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүрийг энэ үеэр гардуулан өгсөн нь залуу офицеруудын нийгмийн хамгааллыг бодитой дэмжих замаар ажил албандаа хандах хандлага, урам зориг, албаараа бахархах итгэл үнэмшлийг төрүүлсэн үйл явдал болсон юм.

Цаашид тус чуулганыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч БХЯ-нд чиглэл болголоо.

Чуулганд оролцогч залуу офицерууд эдгээр арга хэмжээнд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ